Утсаа зөв цэнэглээрэй

Мэдээ

Утасны цэнэг өдрөө ч даахгүй юм гэж олон хүн гомдоллодог. Зарим нь бүр энэ байдалтай хэдийнэ эвлэрсэн. Интернэтэд утасны цэнэг удаан бариулах апп нэртэй вирус их байна. Тэгвэл элдэв вирус татахгүйгээр цэнэгээ хэрхэн удаан хадгалах вэ? Tech Insider сайт мэргэжилтнүүдийн дараах зөвлөмжүүдийг дамжууллаа.

Утасныхаа цэнэгийг туйлд нь бүү хүргэ. Бид ихэвчлэн утсаа унтрахын наагуур цэнэглэж, дүүртэл нь, заримдаа бүр шөнөжин цэнэглэдэг. Гэтэл үүнээс буруу зүйл байхгүйг зай шалгагч, цэнэглэгч, тохируулагч үйлдвэрлэдэг Cadex компанийн мэргэжилтнүүд хэллээ.

Энэ тал дээр утасны зай хүнтэй адил. Туйлдаа хүртэл стресстсэн хүн амархан сэргэхгүй шүү дээ, эрүүл мэндэд нь ч муу. Ухаалаг гар утасны лити-ион батарейг удаан ашиглахыг хүсвэл дүүрсэн хойно нь цахилгаанаас салга. Үгүй бол цэнэг “хальж” өндөр ачаалал, хүчдэл үүсгэн, доторх химийн найрлагыг муутгадаг аж. Өөрөөр хэлбэл, ачаалалтай дасгал хийсний дараа булчингаа амраахтай адил хэмээн мэргэжилтнүүд тайлбарлалаа.

Боломжтой бол цэнэгээ 100 хувь хүртэл нь дүүргэх хэрэггүй. Лити-ион зайг өндөр хүчдэл “ядрааж”, эдэлгээ нь богиносдог. Тиймээс утсаа цэнэглэх боломжгүй үедээ санаа зоволтгүй салгах хэрэгтэй гэнэ. Cadex-ийн мэргэжилтнүүд утасны цэнэг 10 хувь багасахад цэнэглэвэл хамгийн зүйтэй гэж зөвлөлөө. Эцэст нь утсаа сэрүүн байлгаарай. Apple компанийн мэргэжилтнүүд хүртэл iPhone- ыг цэнэглэхдээ халдаг гэрээс нь салгахыг зөвлөдөг. Тиймээс та утсаа цэнэглэхдээ зузаан гэртэй бол түр салгаж, нарны гэрлээс хол тавьж, эдэлгээг нь уртасгаарай.

САНАЛ БОЛГОХ