Ухаалаг сувилагч S Health
Samsung брэндийн ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо манай оронд хурдацтай өсөж байна. Тэгвэл тус брэндийн гар утасны in-app (цаанаас нь суулгасан) аппликэйшнууд дундаас S Health танд маш хэрэгтэй гэдгийг та мэдэх үү. Та уг аппликэйшний мэдээллийн санд биеийн жин, өндөр, цусны бүлэг, харшилтай эм тариа, өвчин, уудаг эм гэхчлэн эрүүл мэндийн бүхий л үзүүлэлтээ хадгалах боломжтой. Улмаар S Health танд эм уух цагийг тань сануулж, өдөрт хэдэн калори хүнс идэж, хэдийг шатааж, хэдэн аяга ус уух ёстойг ч тооцоолж өгнө. Хэрэглэгч гар утсаа биедээ авч яваа тохиолдолд S Health алхам бүрийг тоолно.
Хэрэглэгчдэд хамгийн их таалагдсан давуу тал нь өдөрт идэж байгаа хоолныхоо калорийг тооцоолох юм. Та зүсэм талх, шоколад, гурилтай шөл гээд идсэн бүх зүйлээ бүртгэснээр авсан калорийг тань тэр тооцоолно. Харин сул тал нь хоолоо бүртгэхэд интернэтэд холбогдох шаардлагатай.
Учир нь таны идсэн хоолыг интернэтийн өргөн мэдээллийн сангаас олж, калорийг нь тооцдог юм. Сүүлийн үеийн мэдрэгчтэй товчлууртай Samsung Galaxy S6, S6 Edge, S7 зэрэг гар утасны S Health аппыг ашиглан та зүрхний цохилт, цусны даралтаа хэмжих боломжтой.
Үүний тулд Heart Rate гэсэн цэсийг сонгон хурууны өндгөө голын товчлуур дээр 10 секунд орчим дараарай. Ухаалаг гар утас цаашид хүний эрүүл мэндийн наад захын шинжилгээ хийдэг болно гэж мэргэжилтнүүд үзэж буй. Үүнээс харвал тэр цаг хаяанд ирсэн бололтой.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй