Нүүрс олборлогчдын хувьцааны ханш буурлаа
Уул уурхай
Монгол Улс өнгөрсөн сарын байдлаар 31.3 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 40 гаруй хувиар өссөн дүн юм. Гэхдээ өнгөрсөн долдугаар сараас Гашуунсухайт-Ганцмодны боомтоор нүүрс нэвтрүүлэх хэмжээг бууруулсан нь салбарын компаниудад сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation-ийн хувьцааны ханш буурах хандлагатай байна. Хувьцааны ханш наймдугаар сард 0.33 хонконг долларт хүрч байсан бол түүнээс хойш буурсаар 0.19 хонконг доллар болжээ. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн уурхайн аман дахь нүүрсний ачилтыг нь зогсоосны дараа хувьцааны ханш нь 1.53 хувиар буурч, 0.19 хонконг доллар боллоо. Хөшөөтийн уурхайд олборлолт хийж буй Mongolia Energy Corporation- ийн хувьцааны ханш жилийн өмнө 0.31 хонконг доллар байсан бол одоо 0.19 хонконг доллар болсон байна.
Түүнчлэн Торонтогийн хөрөнгийн биржид Southgobi Resources- ийн хувьцааны ханш өнгөрсөн хоёрдугаар сард 0.46 канад доллар болсон нь сүүлийн нэг жил дэх хамгийн өндөр үзүүлэлт. Харин өнгөрсөн долоо хоногийн байдлаар тус компанийн хувьцаа 0.18 канад доллараар үнэлэгдэж байна. Тус компани Овооттолгойгооc олборлолт хийж байгаа юм. Мөн Улаан-Овоогийн ордод олборлолт хийж буй Prophecy Development-ийн нэгж хувьцааны ханш Торонтод өнгөрсөн нэгдүгээр сард 6.65 канад доллар байсан бол энэ долоо хоногт 4.26 канад доллартай тэнцэж байна. Баруун Ноён уул ордоос олборлолт хийдэг Terracom компани Австралийн хөрөнгийн биржид мөн буурч, 0.18 австрали доллар болжээ. Монгол Улсын Засгийн газрын 320 дугаар тогтоолоор Тавантолгойн бүлэг ордын экспортын нүүрсний ачилтыг энэ сарын 12-ны 00 цагаас эхлэн түр хугацаагаар зогсоожээ. Манай улсын нүүрсний экспортын гол гарц болох Гашуунсухайт- Ганцмодны боомтод үүссэн гацаа буурах хүртэл энэ арга хэмжээг авах аж.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй