Монголчууд хувьцаа эзэмшигч нэрийн дор "Эрдэнэт"-ийн өрийг төлөх нь ээ

Нийтлэлчийн булан


Ш.Батхүүг золиослосон шигээ тэд одоо ард түмнээ золиослохоор шийджээ

2016 оны УИХ-ын сонгуулийн дүн гарахын өмнөхөн тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “ОХУ-ын эзэмшиж ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголдоо авч ирснээр энэ үйлдвэр зуун хувь монголчуудынх боллоо” гэсэн баяртай, бахтай мэдэгдлийг хийж байсан цаг саяхан. Магадгүй, цагаа ололгүй, монголчуудын улстөржилт жинхэнэ хурц үедээ байхад энэ мэдэгдлийг хийхдээ АН-д санал өгөх иргэдийн тоог өснө гэж Ч.Сайханбилэг тооцсон байх. Гэвч МАН-ынхан түүний мэдэгдлийг тун овжин ашиглаж, харин ч эл үйл явдлын ач холбогдлыг бууруулан, хэдхэн олигархуудын гарт орлоо, төрийн өмчийг луйвардаад авчихлаа гэсэн мессежийг олон нийтэд түгээснээрээ сонгуулийн дүнг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж чадсан юм. Эл 49 хувь Монголд хэрхэн ирсэн түүхийг хэн бүхэн мэдэхийн учир дахин давтан нуршихгүй байх нь зөв биз.

Харин сонгуульд ялсан МАН-ынханд энэ түүхэн худалдан авалт ашиггүй тусаж байлаа. Яагаад гэвэл энэ намыг олон жил угжсан санхүүгийн крант хаагдахаас гадна нөлөө бүхий улстөрч эрхмүүдийн аль эрт Ш.Отгонбилэг агсны үеэс “Эрдэнэт” үйлдвэрт эзэгнэж дадсан шахааны бизнесийн уламжлал устах, энэ үйлдвэрийг ашиглаж үйлдсэн олон олон булхай, луйвар нь илрэх нөхцөл үүссэнээрээ тэднийг яаралтай арга хэмжээ авахад хүргэсэн юм.

Улмаар ард түмний тархийг угаах зорилгоор ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг авч ирсэн талыг Монголын төрийн өмчид халдсан мэтээр мушгин тайлбарлаж Ц.Нямдорж тэргүүтэн ямар идэвхтэйгээр зүтгэлээ дээ. Эцэст нь өнөөгийн Засгийн газар Дээд Шүүхийн эцсийн шийдвэрийг үл тоон, давж алхаад хувийн хэвшлийн өмчийг шууд л булаасан. Монгол Улсын Дээд Шүүхээс хувийн өмчид халдсан энэхүү үйлдлийг буруу хэмээн нотолсон ч Засгийн газар огтхон ч хэрэгсээгүй тул Олон улсын арбитрын шүүхэд энэ асуудал дахин шүүн хэлэлцэгдэж байгаа билээ. Гэтэл жинхэнэ Монгол Улсын өмч болох “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой, эрх баригчдын нууцалж байсан асуудал өчигдрөөс сөхөгдөж байна. Ард түмэндээ асар хайртайгаа, бас төрийн өмчийг түмэн олныхоо тусын төлөө амьнаасаа илүүтэйгээр хайрлаж хамгаална хэмээн санаа алдан ярьдаг нөхөд төрийн өмчийн 51 хувийг Английн “Стандарт” банкинд алдчихаад байгаагаа тайлбарлах гэж ядаж байна. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой хоёр үйлдлээр Олон улсын арбитрт ялагдсан тухай шийдвэрийг 2018 оны нэгдүгээр сарын 10-нд Монгол Улсын Засгийн газар хүлээж авсан ч нууцалж байсан нь илэрлээ. Ер нь төрийн өмчийн 51 хувийг тавиад туучихсан гэм нүглээ далдлан, олон нийтийн анхаарлыг сарниулах, эндээс үүссэн өр төлбөрөөс эвтэйхэн нэр цэвэр салах зорилгоор МАН-ын нөхөд хувийн хэвшлийн Монголдоо авч ирсэн 49 хувийг дээрэмдэх гэж улайран зүтгээд байсан юм биш үү гэж хардахад хүрч байна.

Нэг танхимын сайд нар яагаад ийм зөрөөтэй байр суурь илэрхийлж байгааг гайхаад барамгүй
Аливаа ашигтай, үнэ цэнэтэй үйлдвэр, уурхайг төрийн өмчит болгон хяналтгүй болгож, хэрхэн дураараа дургиж болдог нь “Эрдэнэт”-ийн 51 хувийг хэрхсэнээс харагдана. Энэ асуудлаар нөгөө хамгаас илүү мэдээлэлтэй гэдгээрээ бардамнадаг Ц.Нямдорж сайд өчигдөр сэтгүүлчдэд тодорхой тайлбар өгч чадахгүй дүлэгнэж байхыг харлаа. Яагаад. Тэрбээр “Энэ бол Засгийн газарт огт хамаагүй, тэр Английн “Стандарт” гэх банк, “Эрдэнэт” үйлдвэр, Жастын Батхүү нарын л шийдэх асуудал” гэсэн нь гагцхүү түүнээс л гарч болох балмад хариулт өгч байх юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болохоор энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгаа гэж ярилаа. Харин Уул уурхайн сайд Д.Сумъяабазар “Тухайн үеийн Засгийн газар баталгааг нь гаргасан зээл. Гэхдээ “Стандарт” банктай ярилцаад төлөх ёстой мөнгөн дүнгийн хэмжээг багасгаж болох байх аа” гэсэн тайлбар өгч байна. Нэг танхимын гурван сайд яагаад ийм зөрөөтэй байр суурь илэрхийлж байгааг гайхаад барамгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга Бямбасүрэн гэгч нөхөр бүр юу ч мэдэхгүй ээ хэмээн гараа алдалж байна билээ. Хувийн хэвшилд очвол Монгол баларна, төрд л авах нь зүйтэй гээд байсан нөхдүүд төрийн мэдлийн өмчид үнэн хэрэгтээ ийм л тоомжиргүй, хайхрамжгүй,бидэнд падгүй гэж ханддаг юм байна. Уг нь “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг найман жилийн өмнө МАН- ынхан засаглаж байхдаа Английн “Стандарт” банкинд барьцаалан эдүгээ дампуурлаа зарласан “Жаст” компанийн захирал Ш.Батхүү хэмээх нэгэнд 109 сая ам.долларын зээл аваад өгчихсөн гэдэг түүхийг монголчууд мэднэ. Мэдээж зээлийн баталгааг нь тухайн үеийн Засгийн газар гаргаж өгсөн байдаг. Харин зээлээ төлж чадахаа байгаад ирэхээр “Жаст” компани, Ш.Батхүү хоёр золиослогдсон. Цаана нь байсан нөхөд уснаас хуурай гарчихсан. Тэд ийм л хуншгүй, хударгагүй араншинтай. Энэ маргаанаар Лондоны Арбитрын шүүх хуралдаан дөрвөн удаа болж, эхнийхээс бусдад нь “Стандарт” банк ялж, “Эрдэнэт” үйлдвэр ялагдал хүлээсэн байна.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны дараа дараагийн гурван удаагийн арбитрын шүүх хуралдаанд “Стандарт” банк ялжээ. Гэхдээ Арбитраас “Стандарт” банкны нэхэмжилсэн 109 сая долларыг 51 сая ам.доллар болгон бууруулж, “Эрдэнэт” үйлдвэрийг төлөхийг үүрэг болгосон шийдвэр гаргасан юм байна. Лондоны арбитр уг маргааны талаархи хамгийн сүүлийн шийдвэрээ оны өмнө гаргасан бөгөөд “Эрдэнэт” үйлдвэр дээрх 51 сая доллараа урьдчилан байршуулсан тохиолдолд давж заалдах эрхтэй гэж дүгнэжээ. Энэ нь энгийнээр бол “Өмнө нь гурван удаагийн давж заалдах хуралд ялаагүй учир дөрөв дэх удаагаа давж заалдах бол төлөх ёстой 51 сая доллараа урьдчилан байршуул” гэсэн утгатай шийдвэр юм билээ. “Стандарт” банк 51 сая доллараас гадна 2013 оноос хойш дөрвөн жилийн турш арбитрын маргаанд зарцуулсан зардал, үндсэн зээлийн хүү, торгууль алданги зэргийг тооцон “Эрдэнэт” үйлдвэрээс нэхэмжилж, мөн арбитрт хандсан байна. Лондоны арбитр уг нэхэмжлэлийг бас л хангаж зардал, үндсэн зээлийн хүү, торгуульд нийт 44 сая долларыг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулан “Стандарт” банкинд олгох шийдвэр гаргаж. Ингээд “Эрдэнэт” үйлдвэр нь “Стандарт” банкинд нийтдээ 99 сая долларыг төлөх Арбитрын шийдвэрийг 2018 оны нэгдүгээр сарын 10-нд буюу одоогоос 21 хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар хүлээн авчээ. Олон улсын Арбитр дээрх 44 сая долларт багтах зээлийн хүүг хоногоор тооцож, сард 900 мянган долларын хүү төлөх шийдвэр гаргасан байна. Сарын 900 мянган доллар гэдэг бол өдөрт 30 мянган доллар. Энэ нь монгол мөнгөөр сард 2.2 тэрбум, өдөрт 75 орчим сая төгрөг гэсэн үг. “Эрдэнэт” үйлдвэр арбитрын шийдвэрийг биелүүлэхгүй, хойшоо хоног сунах тусам өдөр бүр 30 мянган доллар буюу 75 сая төгрөгийн хүү нэмэгдэнэ гэсэн үг. Гэтэл хамгийн ноцтой нь Олон улсын Арбитраас “Стандарт” банкнаас гаргасан гомдлын дагуу “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн хөрөнгийг хураах, битүүмжлэх тухай шийдвэр гарган өнгөрсөн долоо хоногт тус компанид ирүүлсэн байна. Монгол Улс амь, амьдрал болсон ганц үйлдвэрээ тавиад туучихгүйн тулд төлөх ёстой төлбөрийг төлж л таарах болно.

Харин хэн хэрхэн төлөх бол. Энэ бүхнийг гардан хийсэн нөхөд, хамгийн сайн мэдэж байсан хүрээллийнхэн өнөөдөр шударга царайлан, ямар ч хариуцлага хүлээхгүйгээр барахгүй 49 хувийг төрийн болгох нэрээр дээрэмдчихээд ард түмний төлөө асар гавьяа байгууллаа хэмээн ярьж явдаг болсон. Төрд авчих юм бол Монгол Улс, монголчуудын амьдрал тэр чигтээ гэрэлтээд ирэх юм ярьж, улайран зүтгээд байсан улс төрийн цаана ийм л луйвар, дээрэм, залилан цэцэглэж, ард түмний нуруун дээр лай ланчиг нь буух гээд байж. У.Хүрэлсүхийн Засгийн газар Лондоны Олон улсын Арбитраас мэдэгдэл анх хүлээж авсан өдөр буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 10-наас хойш 22 хоног өнгөрч. Тэд ийм олон хоногоор яах гэж нууцлав. Хамгийн хачирхалтай нь өр төлбөрт унасан мэдэгдэл хүлээж авсан өдрөө Засгийн газар хуралдан “Эрдэнэт”-ийн хувьцааг монголчуудад эзэмшүүлэх шийдвэр гаргасан байдаг. Тэгэхээр Засгийн газар маань хувьцаа эзэмшүүлэх нэрийн дор “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувиар тоглосон эрх мэдэлтнүүдийн төлөх ёстой энэ их өр, хүлээх ёстой хариуцлагыг мань мэтэд хувьцаа эзэмшигч нэрийн дор сэмээрхэн үүрүүлэхээр шийджээ. Тэд энэ бүхнийг эртнээс тооцоолсон байж. “Эрдэнэт”-ийн 49 хувийг улсад авна гэж Ц.Нямдоржтонгууд улангассаны учир шалтгаан, ард түмнээ хайрлах “хайр”-ынх нь үнэн төрх ийм л байсан байна. Нэгэн цагт Ш.Батхүүг золиосолсон шигээ тэд одоо ард түмнээ золиослохоор шийджээ.


САНАЛ БОЛГОХ