Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэв

ЗГМ: Сэдэв
  • 1995 онд баталсан Онц байдлын хуулийн дагуу Ерөнхийлөгч зарлиг гаргаж, түүнийг парламент баталснаар хэрэгжинэ
  • Онц байдлын тухай хуулиар сар шинийн баярыг тэмдэглэхийг хориглож болох аж

Коронавирусийн халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлэхгүйн тулд сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг Улсын онцгой комиссоос өчигдөр гаргалаа. Учир нь гэр бүл, ураг садан, цаашлаад хамт олны золголтоор үргэлжилдэг Цагаан сарын баяр хүнээс хүнд халдварладаг энэ вирусийг тараах хамгийн эрсдэлт нөхцөл гэж тооцож байгаа юм. Гэхдээ Улсын онцгой комиссын шийдвэр эцсийнх биш бөгөөд, энэ шийдвэрийг хуулийн ямар санкцаар хэрэгжүүлж болохыг судалсны эцэст ҮАБЗ-д танилцуулна гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн. Өөрөөр хэлбэл, Онц байдлын тухай хуулиар сар шинийн баярыг тэмдэглэхийг хориглож болох аж. Харин онц байдлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоох хуультай. Монгол Улс 1995 онд Онц байдлын тухай хуулийг баталсан. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт буюу түүний зарим хэсэгт онцгой нөхцөл бий болсон үед онцгой нөхцөл, түүний үр дагаврыг арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгох зорилгоор онц байдал тогтоож болно. Тодруулбал, онц байдлыг хэрэгжүүлэхийн тулд иргэдийн эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрхийг хязгаарлаж, тэдэнд нэмэгдэл үүрэг хариуцуулж, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар тогтоосон эрх зүйн онцгой дэглэмийг онц байдал гэж үздэг юм. Гэхдээ Ерөнхийлөгч онц байдал зарласан бол УИХ уг зарлиг гарсан өдрөөс хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах, эсвэл хүчингүй болгох хуультай.

“Гашуунсухайт”-аар гарах нүүрс болон зэсийн баяжмалын экспортыг зогсоолоо

Улсын онцгой комисс мөн ирэх сарын 2-ныг хүртэл Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэхгүй байхаар шийдвэрлэлээ. Учир нь Гашуунсухайттай хиллэдэг Халиут гацаанд коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Тус боомтоор Монгол Улсын нүүрсний экспортын 51.4 хувь, зэсийн баяжмалын 55 хувийг гаргадаг бөгөөд өдөрт дунджаар 100-150 тээврийн хэрэгсэл БНХАУ, Монгол Улс хооронд орж, гарч байгаа юм. Улсын онцгой комиссын хуралдаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мөн мэдээлэл хийсэн бөгөөд Засгийн газраас шийдэж өгсөн 4.2 тэрбум төгрөгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын 100 мянган хувийн хамгаалах хэрэгслийн асуудлыг шийджээ. Мөн Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг авах боломжтой болсон аж. Халдвар гарсан нөхцөлд Цэргийн госпиталийг ашиглах тухай УОК-ын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой аман байдлаар ярилцжээ. Мөн Жаргалтын аманд байдаг 100 ортой сувиллыг бэлэн ажиллуулахаар хэлэлцэж буйг мэдээлэв. Өчигдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан 40542 тохиолдол бүртгэгдэж 909 хүн нас барсныг ДЭМБ мэдээллээ. Мөн уг вирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо 3283 байгаа юм.

САНАЛ БОЛГОХ