Гэртээ хорионд байгаа хүүхдүүд сэтгэл гутралд ордог

ЗГМ: Сэдэв

“Засгийн газрын мэдээ” сонин мэргэжлийн сэтгэлзүйчидтэй хамтран ээлжит зөвлөгөөгөө хүргэсээр байгаа билээ. Энэ удаа коронавирусийн хорио хүүхдүүдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж буй талаар Focus on the family Mongolia байгууллагын захирал, клиник сэтгэлзүйч Т.Хонгорзултай ярилцлаа.



-COVID-19 цар тахлын халдвараас үүдэн сургууль, цэцэрлэгийг удаан хугацаагаар хориглосон энэ үед хүүхдүүдийн сэтгэл санаа ямар байгаа бол?

-Сургууль, цэцэрлэгтээ явахгүй гэрт хорионд байгаа хүүхдүүд нийгмийн харилцаанаас тусгаарлагдаж байна. Тиймээс хүүхэд бүр уйдаж, ганцаардаж, залхаж байгаа учир хийх зүйлгүй болох, дэлгэцийн хэрэглээ нэмэгдэх, айдас түгшүүрт автах боллоо. Гадуур гарахгүй байх нь хүүхдийн бие болон сэтгэл санаанд сөрөг нөлөө учруулдаг. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдийнхээ сэтгэл хөдлөл, танин мэдэхүй болон зан үйлд нь ямар нэгэн нөлөө учирч байнгаа эсэхийг анхаарах хэрэгтэй.

-Ийм нөхцөл байдалд эцэг, эхчүүд хүүхдэдээ хэрхэн анхаарал хандуулах хэрэгтэй бол?

-Коронавирусийн нөхцөл байдлын талаар ярилцах хэрэгтэй. Эцэг, эхчүүд хүүхдээ айлгачих байх гээд энэ талаар ярихгүй байх нь харин ч айдас түгшүүр үүсгэх магадлалтай. Яагаад гэвэл аав, ээж нь байнга гараа угааж, маск зүүж, цэвэрлэгээ хийгээд “одоо яах бол” гээд байхаар хүүхэд өөрийн эрхгүй айдаст автана. Тэгэхээр энэ өвчний тухай ярихдаа хэн нэгнийг буруутгах, ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа мэтээр ярих хэрэггүй. Үүний оронд өөрсдийн зүгээс юу хийж чадах талаар хэлж өгөх нь чухал. Тухайлбал, гараа яаж угаах, бусдад гар хүрч тэврэлдэж болохгүй, бохир гараараа ам, хамартаа хүрэхгүй зэрэг мэдээлэл өгч болно. Түүнчлэн хүүхдүүдтэйгээ ярилцах, тоглох зэрэгт өдөрт хамгийн багадаа 15 минут зарцуулах хэрэгтэй. Хамгийн чухал нь хүүхдүүдээ маш сайн сонсож, сэтгэл хөдлөл нь ямар байгааг мэдэх хэрэгтэй. Хичээлдээ удаан хугацаанд явахгүй байх нь чамд ямар санагдаж байна, ямар мэдрэмж төрж байна, найзуудтайгаа уулзахгүй удах нь ямар байна гэж асуух хэрэгтэй. “Энэ өвчин түр хугацааных учир удахгүй дуусна. Бид хамт даван туулж чадна” гэдэг итгэл үнэмшлийг төрүүлэх хэрэгтэй. Мөн чихэрлэг хүнс, газтай ундаа гэх мэт зүйлсийг аль болох хүүхдэдээ битгий идүүл. Эдгээр зүйлсийг идсэнээр хүүхэд маш их хөдөлгөөнтэй болох, нойр нь хүрэхгүй байх, мөн сэтгэл гутралтай болоход нөлөөлдөг. Үүнээс гадна, дэлгэцийн хэрэглээг нь багасгахын тулд ямар нэгэн байдлаар хязгаар тавих хэрэгтэй. Дэлгэцийн хэрэглээ нэмэгдэх тусам хүүхэд түгшүүртэй байх, сэтгэл гутралд орох, нойргүйдэх шинж тэмдэг илэрдэг.



-Айдас түгшүүрт автсан хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Ямар нэгэн шалтгаангүйгээр толгой болон гэдэс өвдөх, хоолой дээр юм тээглэх, хар дарж зүүдлэх, өмдөндөө шээх, хумсаа мэрэх, нүдээ цавчлах, хоолойгоо байнга засах зэрэг шинж тэмдэг илэрвэл маш их айдас түгшүүртэй байна гэсэн үг. Харин хүүхэд тань унтаж чадахгүй байх, хэт их эсвэл бага идэх, хоолны дуршилгүй болох, хичээлээ хийх сонирхолгүй байх, өрөөнөөсөө гарахгүй, хүмүүстэй ярихаас зайлсхийх, эрч хүчгүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл сэтгэл санааны хувьд хямралтай байгааг илтгэнэ. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрвэл сэтгэлзүйчид хандаарай.

-Хүүхдээ айдастай байвал хэрхэн тайвшруулах ёстой вэ?

-Хүүхэд бүрийн тайвшрах арга өөр байдаг. Тэгэхээр хүүхэд тань яавал тайвширдаг вэ, тэр аргыг нь хэрэглэ. Мөн хүүхдүүдээ аль болох хөдөлгөөнтэй байлгах хэрэгтэй. Хөл хорионы үед гадагшаа гарч чадахгүй байгаагаас хөдөлгөөний хомсдол үүсэж, энэ нь сэтгэл санаа гутрахад нөлөөлөх талтай. Хөдөлгөөн маш чухал байдаг. Тэгэхээр гэр бүлээрээ ууланд гарах, салхилах, гэр бүлээрээ бүжиглэх зэргээр аль болох хөдөлгөөнтэй байгаарай. Түүнчлэн хүүхэд гэртээ байнга байгаад байхаар Д витамин авч чадахгүй болох учир сэтгэлээр унах, гутралд орох эрсдэлтэй. Тиймээс олон хүн цуглаагүй газарт хүүхдээ салхинд гаргаж болно. Нар салхинд гарах нь сэтгэл санаагаар дэмжих гол хүчин зүйл байдаг.
.
САНАЛ БОЛГОХ