![](/uploads/c4a151e6-665f-4686-976b-b671dd5272c7.jpg)
Хосын баталгаа
Нийтлэл
Хуримын хувьд зан үйл үеэ өнгөрөөсөн зүйл биш
Хосууд хэчнээн орчин үеийн, эгалитари, индивидулист байлаа ч хэдэн зууны туршид мөрдсөөр ирсэн зан үйлийг хуримын өдрөө алгасахыг хүсдэггүй байна. Улс орон бүрийн соёлд эдгээр уламжлалт зан заншил шингэсэн байдаг бөгөөд гэрлэгсэдгүйгээр хурим болдоггүй билээ. Ерөнхийдөө газар газрын хурим аз жаргал, эд баялаг, үржин төлжихийг бэлгэддэгээрээ хоорондоо төсөөтэй юм.
Ихэнх хүний хувьд бэрийн цэцгэн баглаа, хуримын бялуу, цэцгийн дэлбээ цацагч охидгүйгээр хурим, хурим биш. Түүнчлэн сүмд ч байна уу, гэрлэлт бүртгэлийн газар ч байна уу, өөр хаана ч байсан хосууд тус тусдаа ирэх ёстой гэх мэт мухар сүсгийн шинжтэй зүйлс ч байна.
Берлиний шашны номлогч Анжелика- Бенедиктагийн өгүүлж байгаагаар иймэрхүү зан үйл үеэ өнгөрөөсөн мэт санагдаж болох ч бүхий л соёлын хувьд хурим нь ижил бүтэц, бэлгэ тэмдэг бүхий, тойрч бус, дайрч гардаг заншил байсан, байсаар ч байх аж. Эдгээр бэлгэдэл нь салангид байсан хоёр хүн нийлэх буюу аз жаргал, үржин төлжихүй, эд баялаг гэсэн хуримын гурван үе шатыг төлөөлдөг байна. Түүнчлэн хуримын зан үйл нь тухайн өдрийг онцгой содон болгодог.
Хэрэв эдгээр онцлох зүйлс үгүй бол хурим гэдэг зуны фестиваль ч юм уу, төрсөн өдрийн баяраас нэг их ялгарахааргүй байхсан. Ингээд хуримын түгээмэл зан үйлээс тоймлон бичье.
Америк, Европт хуриманд барьж ирэх цэцгийн баглаагаа бэр өөрөө сонгох бөгөөд баглаанд улирал бүрийн цэцэгс орсон байх ёстой. Америк хуриманд ганц бие эмэгтэй зочид руугаа бэр нь нуруугаа харуулан зогсоод цэцгийн баглаагаа арагш шиднэ. Түүнийг нь барьж авсан эмэгтэй заншил ёсоор хурим хийх дараагийн хүн нь болдог байна.
Европын ихэнх оронд төдийгүй Америкт бэр нь гуяндаа уяа уядаг. Тэгвэл Францад бэр нь хуран цугларсан эрэгтэй зочдын тойрог дунд зогсоод, эрчүүдийг мөнгө өгөх тоолонд даашинзаа удаанаар тайлна. Хэрэв түүний уяа ил харагдвал хамгийн их мөнгө санал болгосон эрд уяаг өгдөг байна. Англи болон Америкт шинэ хүргэн эхнэрийнхээ уяаг авч, эрэгтэй зочид руу шидэж өгнө. Зарим тохиолдолд нөхөр нь эхнэрийнхээ гуянд уясан уяаг шүдээрээ тайлж авах ёстой байдаг аж.
Аль ч соёлын хувьд мөнгө, бэлэг сэлт нэн чухал. Турк, Грек зэрэг оронд цаасан мөнгө, алт зэргийг бэрийн даашинзанд хаддаг. Америкт зарим хуриман дээр хүргэн, бэр нь хамгийн анх мөнгө өгсөн хүнтэй хамт бүжиглэдэг бөгөөд үүнийг долларын бүжиг гэнэ.
Бэрийн гоёл чимэглэлийн нэгэн чухал хэсэг бол торон гивлүүр. Хуримын ёслолын үеэр сүйт хархүү сүйт бүсгүйнхээ гивлүүрийг сөхнө гэдэг нь гэрлээгүй эмэгтэй гэрлэж байгаагийн илрэл гэж үзэх нь бий. Нөгөөтэйгүүр, торон гивлүүрийг чөтгөр шулмаас, мөн хуримын өдөр бэрд халгаатай байж болзошгүй бусад эмэгтэйн харцнаас хамгаалдаг гэж үздэг.
Америк хуримын цэцэгчин охид болон бэрийн найз бүсгүйчүүд бэртэй ижил хувцасласан байх бөгөөд үүгээрээ чөтгөр шулмыг сатааруулж, сарниулах үүрэгтэй гэж үздэг. Австрид л гэхэд дотуур хувцсаа буруу харуулан өмсөх нь чөтгөрийг үргээх санааг агуулсан байдаг. Европ, Америкт сүмд үйлдэж буй хуримын ёслолын үеэр сүйт бүсгүйн аав охиноо дагалдан сүмийн шүтээн өөд явдаг. Уг ёслолын үйл нь эртний Грекээс гаралтай бөгөөд өдгөө тийм ч зохимжтой бус хэмээн тооцогдох болсон байна. Эртний Грект эмэгтэйчүүдийн эрх мэдэл өчүүхэн байсан тул тэднийг ийнхүү нөхөрт нь даатган өгдөг байсантай холбоотой юм.
Туркт бэр болох гэж буй сүйт бүсгүйн гэрт сүйн ёслол үйлдэх ба гэрлэх гэж буй хархүү нь бүсгүйдээ үнэт эдлэл, гоёл чимэглэл бэлэглэнэ. Тэрчлэн хархүү нь бүсгүйн бэлхүүсээр ороосон улаан туузыг хайчлан, гэр бүл болж буйгаа илэрхийлдэг ажээ.
Гэрлэж буй хосууд хамтдаа бялуу хуваадаг нь ч учиртай. Нэг нь нөгөөгийнхөө гар дээр гараа тавин бялуу зүсэх хутганаас барьдаг нь гэр бүл болж буйг илэрхийлсэн хэрэг.
Цайллагын үеэр хосыг хамгийн хүндтэй суудалд суулгана. Жишээ нь, Орост л гэхэд зочид хосыг гараас гар дамжуулан хүндтэй суудалд зална. Харин Ливанд хуримын зочид лаа барин гэрлэж буй хосыг тойрон бүждэг. Олон орны хуримын ёслол, зан үйлд хүүхдэд сайхан ерөөл өргөдөг уламжлал бий. Энэтхэгт л гэхэд хүүхдийг сууж буй хосын өвөр дээр суулгана.
Германд цэцэгчин охид хосын хөл дор будаа, үр тариа цацдаг нь үржихүйн бэлгэдэл болдог. Англид бэр нь хуримын дараа дөрвөн долоо хоногийн турш зөгийн балны дарс уудаг уламжлалтай. Үүгээр үржин төлжихүйг бэлгэдэж буй хэрэг бөгөөд энэхүү уламжлалаас үүдэн хуримын дараа хамтдаа хийх хосуудын аяллыг Бал сар хэмээн нэрлэх болжээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй