Жинхэнээс дутахгүй протез

Технологийн цаг
Мехмет Элчи

Хиймэл эрхтнүүд ч бидний бие махбодтой адил өв тэгш, төгс төгөлдөр үйл ажиллагаатай байж болно

17 настай Хью Херр ууланд авирч яваад осолдож хөлөө хөлдөөсний улмаас хоёр хөлөө тайруулахаас өөр аргагүйд хүрчээ. Хэдий түүнд эмгэнэлтэй зүйл тохиолдсон ч гэлээ тэрээр огтхон ч бууж өгөөгүйгээр барахгүй, улам их эрч хүчийг өөрөө өөртөө бий болгож чадсан юм.

Тэрбээр одоо 51 настай, зохион бүтээгч, инженер мэ рг эжи л э з эмшс эн бөгөөд Массачусэттсийн Технологийн Хүрээлэнгийн “Бионик лаборатори”-ийн орлогч захирлаар ажилладаг. Бионикийн шинжлэх ухаан гэж амьд биесийн үйл хөдлөл, зан байдлыг нарийн судалсны үндсэн дээр компьютер болон бусад техник технологийг ашиглан бодит байдалд буулгах боломжийг эрж хайдаг электроник шинжлэх ухааны салбарыг хэлнэ.

Түүний удирддаг байгууллага хүний хүчин чадалд дүйцүүлсэн хиймэл хөл (тэр өөрөө ийм хиймэл хөлтэй), хөлийн тавхай, бугуй, өвдөг, түнх зэрэг хиймэл эрхтнүүд буюу протезийг зохион бүтээж үйлдвэрлэдэг. Херрийн хиймэл хөлнүүд түүнийг ууланд гарч илүү аюултай авиралт хийхэд нь болон бионикийн салбарт хүчин зүтгэхэд нь тулгарч байсан олон бэрхшээлүүдийг даван туулахад тусалжээ.

Хью Херр амьдралынх нь чиг хандлагыг тодорхойлсон тэр осол болон дараа нь болсон үйл явдлуудын талаар ийнхүү дурсчээ.

“Би 1982 онд хоёр хөлөө алдсаныхаа дараахан протез хөлтэй болсон юм. Харин тэр үед протез эрхтнүүдэд ямар нэг технологийн шинэчлэл хийгдээгүй байхыг хараад би мэл гайхаж билээ. Тиймээс л надад дахин ууланд авирах боломжийг олгох өөрт тохирсон шинэ төрлийн хиймэл хөл зохион бүтээх санаа төрсөн байх. Би протез эрхтнүүд нь хэлбэр дүрсийн хувьд хүний жинхэнэ эрхтнүүдтэй аль болох адилхан байх ёстой гэсэн тогтсон хандлагыг шууд л хойш тавьж үйл ажиллагааг нь илүү оновчтой, хэрэглэгчдэд тохиромжтой байлгах үүднээс шинэ төрлийн протез зохион бүтээх ажилдаа орсон юм.

Бионик хүмүүст нөөц бололцооноос илүү ихийг хийх чадвар эзэмшүүлж чадна

Ингээд гар, хөлөө тавьж амраах боломжтой, өндөр намыг нь тааруулж болдог хиймэл хөл зохион бүтээв. Мөн бүх төрлийн жижиг хэрэгслүүд болох: зоосон мөнгөний хэмжээ бүхий хад цохион дээр халтирахгүй зогсоход тусалж, хадны завсарт орж болохоор хөлийн тавхай гэх мэтийг хийсэн. Ингэснээр ослын дараах 12 сарын дотор ууланд авирах чадвар маань ослын өмнөх үеийнхээс илүү болсныг анзаарсан юм.

Аюул дагуулсан авиралтын ертөнцөд хиймэл эрхтэнтэй аялж амжилтад хүрнэ гэдэг үнэхээр инээдтэй зүйл. Нэг удаа халтирч унахад хиймэл хөл маань салаад доошоо гулсаад явчихав. Тэр үед хэн нэгний жинхэнэ хөл тасарч унасан байсан бол үнэхээр айхтар муу зүйл болох байсан байх. Харин миний хувьд засварын газарт очоод л нэг өдрийн дотор дахин шинэ хөлтэй болсон нь гайхалтай. Бүр илүү сайн хөл ч захиалж хийлгэж болно шүү дээ.

Харамсалтай нь, хүмүүс хиймэл эрхтэнтэй хэн нэгнийг хараад ихэд цэрвэцгээдэг. Тэдгээр хүмүүс хүний бие махбод бидний дүрслэн бодож, зохион бүтээсэн эрхтнүүдээс хавьгүй илүү гэж үздэг нь тодорхой юм. Харин би энэ үзэл түүх болон үлдэнэ гэдэгт итгэдэг. Ямар нэг эрхтэн нь титан эсвэл силиконоор хийгдсэн байх нь тэдгээр хүмүүсийн мөн чанарыг өөрчилж, хүнлэг бус болгодоггүй юм.

Өнөөдөр ч хүмүүс ямар нэг зүйлийн туслалцаатайгаар амьдарсан хэвээрээ л байгаа. Асар хол замыг багахан хугацаанд туулахын тулд онгоцонд суудаг. Харилцаа холбоо тогтооход тусалдаг олон төрлийн тоног төхөөрөмжүүд бий болсоор л байна. Бионик ч гэсэн үүнтэй л адилхан зүйл. Бионикийн шинжлэх ухаан хүмүүст өөрсдийнхөө нөөц бололцооноос илүү ихийг хийх чадварыг эзэмшүүлж чадна. Хүний бие төдийгүй түүний төсөөлөл, бүтээлч сэтгэхүйг бодит амьдрал дээр бий болгож, хэрэгжүүлж болох магадлал байгаа гэдэг баталгаа надад их нөлөөлсөн. Бидний хөгжүүлсэн хиймэл эрхтнүүд ч гэсэн тоо томшгүй эд эсүүдээс тогтох бидний бие махбодтой нэгэн адил өв тэгш, төгс төгөлдөр үйл ажиллагаатай байж болно.

Амьдрах хугацаандаа нийлэг эдээр хийгдсэн хөлнүүдээ та нарын эрүүл хөлөө мэдэрдэг шиг мэдэрч үзэхийг хүсэж байна. Амьд организмын нарийн төвөгтэй үйл ажиллагаанаас илүү чадвартай зүйл зохион бүтээж бодит амьдрал дээр ашиглаж болно гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд энэ бүхэн огтхон ч аймшигтай зүйл биш, зүгээр л хувьсал хөгжлийн дэвшил бас бодит үр дүн юм”.


САНАЛ БОЛГОХ