Олон улсад монгол хэлээр зочид буудал захиалах боломж бүрдэнэ

Ярилцлага

Олон улсын зах зээлд онлайн үйлчилгээ эрхлэгчдэд төлбөр тооцооны асуудал хүндрэл учруулдаг

Монголын гарааны бизнесүүдийг зангидсан “Старт- Ап Монголиа” төрийн бус байгууллагын гишүүн энтрепренерүүдэд шинэ техник, технологийн 8000 орчим санаа бий. Шинэ санаа бүр нь амжилт олоогүй ч 200 орчим нь компани болон өргөжиж, санаагаа амьдралд хэрэгжүүлж байна. Харин тэдгээрийн ердөө 10 хувийнх нь л бизнесийг л амжилттай хэрэгжиж буй хэмээн тодорхойлж болохуйц. Тэдний нэг www.iHotel. mn-ийг үүсгэн байгуулагч С.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Гадаадаас Монголд ирж байгаа жуулчид өмнө нь ихэвчлэн тур оператор компаниудаар дамжуулан зочид буудлаа олдог байсан бол өнөөдөр iHotel платформ танигдаж эхэллээ. Тэгэхээр олон улсын тавцанд хэдийнэ үйл ажиллагаагаараа танигдсан бусад сайтуудаас www.iHotel.mn жуулчдад ямар шинэ боломжийг бүрдүүлж байна вэ?

-Гаднын сайтуудад Монголын зочид буудлуудын талаар тийм ч өргөн мэдээлэл байхгүй. Харин iHotel.mn вэбсайтад хандсанаар илүү олон зочид буудлын мэдээллийг илүү дэлгэрэнгүй харах боломжтой. Мөн үнийн хувьд харьцангуй хямд.

Монголд ирж байгаа жуулчид өмнө нь тур оператор буюу компаниудаар дамжуулж ирдэг, тэд зочид буудлыг нь зохион байгуулдаг байсан бол одоо дэлхий нийтийн чиг хандлага нь үүргэвчтэй аялагчид олширсон. Өөрөөр хэлбэл хүмүүс аяллаа интернэтээр өөрсдөө зохион байгуулдаг болчихсон. Хаашаа, яаж очихоо өөрөө төлөвлөөд, зочид буудлаа онлайнаар захиалах боломж бүрэн бүрдсэн. Энэ бол интернэтийн хувьсгалын үр дүн, интернэтэд суурилсан үйлчилгээнүүд сайжирсантай холбоотой. Таны хэлсэнчлэн Монгол Улсын хувьд өмнө нь тур операторууд зочид буудлын захиалгыг нь хийдэг байсан. Харин онлайн үйлчилгээний хувьд www.booking.com, эсвэл www.agoda.com дээр Монголын цөөн буудлуудын мэдээлэл байршдаг байсан. Одоо харин зочид буудал захиалгын үндэсний систем ажиллаж байна. Ингэснээр дотоодын бүх зочид буудал, амралтын газрууд онлайнаар өрөөнүүддээ захиалга авах, мөн гаднын зочид өргөн сонголт, хямд үнийг сонгох боломж бүрдэж байна. Бид хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ туршлага дээрээ үндэслээд сая Ази, Европын дээд түвшний XI уулзалтын зочид төлөөлөгчдийн зочид буудлуудын захиалгын албан ёсны түншээр ажилласан. Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн бэлтгэл ажлаа хангаад арга хэмжээнийхээ ард амжилттай гарсан.

-АСЕМ-ийн зочдын хэдэн хувь нь iHotel.mn-ээр дамжуулж буудлаа захиалсан бол?

- Захиалгын хэмжээ бидний хүлээж байсан түвшинд хүрээгүй ч гэсэн эцсийн үр дүнг бид амжилт гэж үзэж байгаа. Зарим зочид бөөнөөрөө, зохион байгуулалттай ирсэн учраас тухайн улсын Элчин сайдын яам нь зочид буудалтай шууд холбогдох зэрэг тохиолдол гарсан.

-Ингэхэд iHotel.mn-д Монголын зочид буудлуудын хэдэн хувь нь хамрагдсан байгаа вэ?

-Монгол Улсад 300 гаруй зочид буудал үйл ажиллагаа явуулдаг гэж үздэг. Түүнээс 100 гаруй нь бидэнтэй түнш, гэрээтэй ажиллаж байгаа. Ер нь Монголын томоохон буудлууд, гаднын аялагчдыг хүлээж авахад шаардлага хангасан, байрлал болоод үйлчилгээ сайтай буудлууд бүрэн хамрагдаад байгаа. Мөн жижиг guest house, мотелууд, амралтын газар, гэр кэмп, жуулчны баазуудыг хамруулахаар ажиллаж буй.

-Вэбсайтад нь мөн машин түрээсийн цэс байсан?

-Манай үндсэн үйлчилгээ зочид буудал, амралтын газрын зуучлал ч гэсэн аялал жуулчлалын үйлчилгээ бол цогц ойлголт. Аялагчид зочид буудал захиалахаас гадна бусад үйлчилгээг авахыг хүсдэг. Тиймээс ижил үйлчилгээ явуулдаг олон улсын бусад платформын жишгээр машин түрээс гэх мэт нэмэлт үйлчилгээнүүдийг хамруулж байгаа. Мөн нисэх онгоцны буудлаас тосох, аялал жуулчлалын маршрут зохиох гэх мэт үйлчилгээг санал болгож байгаа.

-Монголд ирж байгаа гадаадын зочид iHotel.mn- ийг ашиглаж болохоос гадна гадагшаа аялахыг хүсэж байгаа, эсвэл хөдөө орон нутгийг зорьж байгаа монголчуудад iHotel.mn зуучлах боломжтой юу. Энэ төрлийн үйлчилгээний зах зээл цааш хэрхэн хөгжих боломжтой гэж үзэж байгаа вэ?

-Манай гол зорилтот хэрэглэгч бол гадаадаас Монголд ирж байгаа жуулчид. Тэднээс гадна мэдээж монгол хүмүүс. Монголчууд хөдөө орон нутагт зочид буудал захиалах боломжтой. Түүнээс гадна www. iHotel.mn www.booking.com-ын албан ёсны түнш байгууллагаар ажилладаг. www.booking.com бол дэлхийн зочид буудлын захиалгын хамгийн том систем. Дэлхийн 700000 гаруй зочид буудлын мэдээллийг нэгтгэсэн байдаг. Хамтын ажиллагааны хүрээнд iHotel.mn-ээр дамжуулан эдгээр зочид буудлын мэдээллийг өөрийн төрөлх хэл дээрээ, монгол төлбөрийн картаа ашиглаад захиалах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Тэгэхээр гадагшаа явж байгаа монголчууд удахгүй iHotel.mn-ээр зочид буудлаа захиалах боломжтой болно.

-Онлайнаар захиалга хийхэд Монголын зочид буудлуудад ажиглагддаг нийтлэг сул тал нь юу вэ?

-Зарим жижиг зочид буудал жишээлбэл, монгол хүнд 60 мянган төгрөг, гадаад хүнд 60 ам.доллар гээд үнийг нь нугалах асуудал байдаг. Тэгэхээр гадаадын жуулчинд үнэтэй тусдаг. Энэ асуудлыг бид зөвлөөд, засаад явж байгаа. Ер нь олон улсын жишигт зочид буудлуудын онлайн захиалгын үнэ, эсвэл гаднын жуулчдад зориулсан ханш нь илүү хямд байдаг. Энэ нь онлайн нэр хүндтэй шууд холбоотой асуудал. Харин Монголын зочид буудлууд одоохондоо тийм биш. Ер нь одоо бол гаднын хүн гэхээр л баян гэх ойлголт байхгүй шүү дээ. Тэд бидэнтэй л адил бага зардлаар илүү сайхан аялахыг хүсэж байгаа. Хямд мөртлөө тохитой зочид буудал хаана байна вэ гэж хайдаг болчихсон. Манай монголчууд ч гэсэн тэгдэг шүү дээ. Гадагшаа явахаараа том, үнэтэй буудалд байрлаад байхаасаа илүүтэй хямд, байрлал сайтай, унтахад тухтай буудал олохыг эрмэлздэг. iHotel.mn ч мөн тийм буудлуудыг олж өгөх зорилготой ажилладаг.

-Тэгвэл гаднын зах зээлд гарч, дижитал платформоор дамжуулан бизнес хийхэд ямар асуудал хамгийн их тулгардаг вэ?

-Хамгийн хүндрэлтэй нь төлбөр тооцооны асуудал. Манай дотоодын ихэнх банк PayPal гэх мэт олон улсын цахим төлбөр тооцооны системд нэгдээгүй байдаг. Жишээлбэл, PayPal бол Монголын банкийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь ямар асуудал үүсгэж байна вэ гэхээр бид гаднын банкинд хандах, эсвэл дотоодын банкны И-КҮБ ч юм уу, эсвэл виза картаар төлбөр хийх, эсвэл бүр өөр үйлчилгээ авах шаардлага тулгардаг. Энэ нь хэрэглэгчдэд түвэгтэй, цаг хугацаа их шаарддаг, хоёрдугаарт өндөр шимтгэлтэй байдаг. Тэгэхээр гадагшаа чиглээд, олон улсын зах зээлд гарахаар ажиллаж байгаа онлайн үйлчилгээний хувьд төлбөр тооцооны асуудал хүнд байдаг. Хамгийн хэцүү нь энэ. Бусад асуудлын хувьд, жишээлбэл, технологи болон үйлчилгээний хувьд олон улсын жишиг вэбсайтуудаас дутахааргүй ажиллаж байгаа.
САНАЛ БОЛГОХ