Ц.Элбэгдорж: Монголчууд ДЭЗЧ-д байр сууриа нэгэнт эзэлсэн

Ярилцлага

Монголыг гадаадад сурталчилж байгаа хамгийн сайн талбар бол Давосын “Монголын үдэш”

Швейцарийн Давос хотноо зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад найм дахь жилдээ урилгаар оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой Монголын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид уг чуулганы болон Монгол Улсын оролцооны онцлогийн талаар ярилцлаа. Монголыг сурталчлах дэлхийн хамгийн чухал цэг бол Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хэмээн тэрбээр яриандаа тэмдэглэж байв.

-Монгол Улс Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад 1991 оноос хойш оролцож ирлээ. Үүнээс сүүлийн найман жилд Ерөнхийлөгчийн түвшинд оролцож байна. Энэхүү чуулга уулзалтад хүссэн хүн болгон оролцоод байдаггүй. Харин Монгол Улс сүүлийн жилүүдэд идэвхтэй оролцож байгаа. Монголын оролцооны талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Монголд боломж бага олддог улс гэж хэлж болно. Сайн боломж олдвол ашиглах хэрэгтэй. Давосын чуулга уулзалтад хүссэн болгон оролцоод байдаггүй, урилгаар оролцдог. Зарим улсын Ерөнхийлөгч энд ирээд, “хашааных” нь гаднаас буцсан тохиолдол олон бий. Нэгэнт урилга ирж байгаа тохиолдолд заавал оролцох шаардлагатай гэж би хувьдаа боддог.

Хэрэв тэр урилгаар тухайн чуулга уулзалтад оролцохгүй бол дахиад урихгүй. Дахиад энэ үйл ажиллагааны анхааралд Монголыг оруулж, дахиад оролцох хэмжээнд хүрэхийн тулд маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулна. Тийм учраас энэ боломжийг бид алдахгүй ашиглах учиртай. Энэ чуулга уулзалтад Монгол Улс оролцохдоо зөв үнэлгээ авах ёстой гэсэн байр суурийг эхнээсээ баримталсан. Монголоос ирсэн төлөөлөгчид манай энэ чуулга уулзалтад хувь нэмэртэй орох юм, хуралдаан, хэлэлцүүлэгт оролцож үг хэлдэг, санал дэвшүүлдэг, цаашдын хамтын ажиллагааны чигээ тогтоож чаддаг. Түүнийгээ Монголдоо очоод үргэлжлүүлдэг, монголчууд харагдахуйц хэмжээнд оролцож байна гэсэн үнэлгээг эхний жилээсээ авах гэж оролдсон. Өнгөрсөн найман жилд Монгол Улс Давосын чуулга уулзалтад хүлээн зөвшөөрөгдсөн түнш болж чадлаа. Энэ бол бидний том ололт.

-Өнөөг хүртэл явж ирсэн дэлхийн эдийн засгийн хөгжил буруу юм биш үү гэсэн шүүмж чуулга уулзалтын өмнө их гарч байсан. Энэ талаар төлөөлөгчид ямар байр суурь илэрхийлж байна вэ?

-Давосын хэмжээний чуулга уулзалт хийе гэсэн саналыг улс орнууд, удирдагчид байнга гаргадаг. Давос бол өнгөрсөн хугацаанд хамгийн нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн арга хэмжээ болж чадсан. Үүнд нууц мэдээж байгаа. Дэлхийн эдийн засгийн форум бол хувийн санаачилгаар эхэлсэн. Үүсгэн байгуулсан хүн нь Клаус Шваб. Тэр хүний нэр, нөлөөгөөр ийм хэмжээнд хүрч чадсан. Давостой өрсөлдөх олон санаачилга гардаг ч энэ хэмжээнд хүрч чадахгүй байгаа юм.

Өнгөрсөн жил монголчууд Ази, Европын дэд түвшний уулзалтыг (ASEM) нутагтаа зохион байгуулсан. ASEM бол 100 жилд Монголд нэг удаа болох арга хэмжээ байсан. Миний харж байгаагаар Давос бол дэлхийн ASEM. ASEM бол Ази, Европын уулзалт. Харин Давост АНУ болон Африк, Австрали тивээс төлөөлөл ирж оролцож байна. ASEM-ийн хэмжээний асуудлыг Давост цөөхөн хоногт ярилцдаг. Ярилцахдаа хамгийн гол нь өнгөрсөн жилээ дүгнэдэг. Давосын зохион байгуулалтын хүрээнд албан бус уулзалт гэж томъёологддог хэлбэр бий. Тэр уулзалтад оролцож байгаа хүмүүс чин сэтгэлээсээ, хэлье гэснээ хэлчихдэг, албан уулзалтууд дээр, мөн хэвлэлийнхний өмнө тэр болгон илэрхийлээд байдаггүй санаа, байр сууриа энэ албан бус уулзалтын үеэр илэрхийлдэг. Манай улс, манай байгууллага энэ асуудлыг ингэж харж байна гэдгээ ярьдаг.

Тухайлбал, ОУВС ч юм уу, Дэлхийн банкны төлөөлөл байр сууриа илэрхийлдэг. Энэ жил тухайлбал, “АНУ-ын дараагийн засаг захиргааны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд” сэдвээр албан бус хэлэлцүүлэг боллоо. Энэ хэлэлцүүлэгт АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампын хамгийн ойрын гурван хүн ирж шинэ Ерөнхийлөгчийнхөө байр суурийг илэрхийллээ. Улс төр, хэвлэл мэдээлэл болон бизнесийн чиглэлийг хариуцсан хүмүүс ирсэн. Бас Конгрессын гишүүд. Энэ уулзалтад Америкаас 40 гаруй хүн уригдсан байсан. Энэ үеэр маш их мэдээлэл, тэр дундаа дотоод гэж хэлж болохуйц мэдээллийг сонсох нь эргээд бидэнд хэрэгтэй.

Монгол Улс олон улсын түвшинд, бүс нутгийн хэмжээнд бусадтай хамтран ажиллахад эдгээр мэдээлэл тус болно. Ийм уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож асуулт тавина гэдэг Монголын нэр хүндийг өсгөх, дэлхийн хэмжээнд жинг нэмэх гэсэн монголчуудын хүсэл зорилгод нийцсэн арга хэмжээ байдаг.

Монгол Улс Давосын чуулга уулзалтад хүлээн зөвшөөрөгдсөн түнш болж чадлаа
-Энэ чуулга уулзалт бол тухайн жилийнхээ улс төр, эдийн засгийн өнгийг тодорхойлдог гол арга хэмжээ хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. 2017 оны Давосын чуулга уулзалтын онцлог нь юу вэ?

-Энэ удаагийн онцлог гэвэл манай урд хөрш БНХАУ-ын дарга Ши Жиньпин анх удаа оролцлоо. Ши Жиньпин дарга бодлогын шинжтэй томоохон илтгэл тавилаа. Энэ илтгэлийг “түүхэн илтгэл” гэж олон хүн ярьж байна. Өнөөдөр дэлхий нийтэд асар том өөрчлөлт гарч байна.

Дэлхийн тогтсон системд өөрчлөлт орж байна. Энэ өөрчлөлтөд хамгийн том үүрэгтэй, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай, улс орных нь удирдлагын хувьд өвөрмөц Хятад орны залуур дээр сууж байгаа хүн юу хэлэх бол гэдэг нь маш чухал, сонин байсан. Даяарчлалын тухай маш нээлттэй ярилаа. Дэлхийн хамтын ажиллагаа, чөлөөт худалдааны тухай ярилаа. Одоо АНУ даяарчлалын тухай өөр ярьж, хөрөнгө оруулалт ашиггүй байна, буцааж татъя гэж байхад үүнээс тэс өөр өнгөөр Ши Жиньпин дарга ярилаа.

-Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт дахь Монгол Улсын оролцооны нэг чухал элемент нь энэ үеэр зохиогддог “Монголын үдэш” арга хэмжээ. Ач холбогдлыг нь Та юу гэж дүгнэх вэ?

-Би олон газар, олон арга хэмжээнд оролцдог. Эдгээр арга хэмжээний үеэр Монголынхоо соёл, зан заншлыг тэр болгон сурталчлаад байж чаддаггүй. Ихэвчлэн тухайн очсон газрынхаа соёл, түүх, зан заншилтай танилцаад буцдаг. НҮБ-ын том хэмжээний хурлын үеэр ч ийм боломж байдаггүй. Давосын чуулга уулзалтын үеэр зөвхөн өдөр арга хэмжээ болдоггүй, 24 цагийн турш арга хэмжээ болж байдаг. Үүнийг ашиглая гэж бодсон.

Бид ийм арга хэмжээ зохион байгуулъя, үүндээ зориулж ийм ийм зүйл авчиръя гэхэд холбогдох зөвшөөрлийг авах тийм амар биш. Энэ арга хэмжээг зохион байгуулах байгууллага нь ямар байх уу, эдний стандартад нийцсэн аж ахуйн нэгж үү, үгүй юу гэдгийг хүртэл авч үздэг. Танай арга хэмжээг хүн тоож очих уу гэсэн асуулт хүртэл гардаг. Давосын чуулга уулзалтын үеэр 20-иод улс, 100 гаруй компани ижил төстэй арга хэмжээг энд зохион байгуулдаг. Эхэн үедээ 100 гаруй хүн ирж байсан бол одоо 500 гаруй хүн манай “Монголын үдэш”-ийг сонирхон ирэх гэж байна.

Монголын дуу хөгжмийг сонсож, бидний хувцсыг үзээд, идээ ундааг зооглосон хүмүүс бие биендээ хэлж түгээж байна. Үүгээр дамжуулаад бид Монголынхоо урлагийг, хувцсыг, түүхийг сурталчилж байна. Энэ жил бид 400 орчим хүн ирэх байх гэж тооцож байсан ч 500 хүнд урилга хүргүүллээ. Форумыг санаачлагч Клаус Шваб “Монголын үдэш”-ийг гэргийн хамт ирж нээдэг. Монголыг гадаадад сурталчилж байгаа хамгийн сайн талбар бол Давосын “Монголын үдэш”. Үүнийг бид том амжилт гэж үзэж байгаа.


-Энэ жилийн Давосын чуулга уулзалтын Ази, тэр дундаа Монгол руу чиглэсэн зүйл юу байна вэ?

-Форумын үеэр маш өргөн сэдвээр хэдэн зуун хэлэлцүүлэг болдог. Эдгээрээс оролцох сэдвээ бид өөрсдөө сонгохыг хичээдэг. Бас зохион байгуулагчдын зүгээс бидэнд санал болгодог сэдэв байна. Монголчуудын байнга оролцдог нэг сэдэв бол мэдээж уул уурхай. Усны чиглэлээр монголчууд Давосын хүрээнд идэвхтэй ажиллаж байна. Энэ форумын Усны санаачилгын групп гэж бий. Энэ группт би хоёр, гурван жил гишүүнээр байсан. Усны асуудлаар Монголд гурван ч удаа том хэмжээний хурал зохион байгууллаа. Энэ санаачилгаа бид алдахгүй байх хэрэгтэй. Энэ жилийн форумын хүрээнд зохион байгуулагдаж байгаа Торгоны замын хуралдаанд бид оролцох гэж байна. Мөн өнгөрсөн жил Монголд зохион байгуулсан ASEM-ийн талаар мэдээлэл хийх хүсэлт ирсэн.

Тэрчлэн сэргээгдэх эрчим хүчний сэдэв байна. Монголын говь бол сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй, үүнийг ашиглах талаар ярилцаж байна. Монголын говийн эрчим хүчийг ашиглах асуудал анх эндээс гарсан санаа. Монгол, ОХУ, Өмнөд Солонгосыг оролцуулсан сэргээгдэх эрчим хүчний групп байгуулсан, одоо бизнесийн судалгаанууд хийгээд эхэлсэн. Байгаль орчны асуудал байна, утаа байна. Улаанбаатарын агаарын бохирдлыг бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд авч үзэн, гамшиг хэмээн тодорхойлж, шийдвэртэй арга хэмжээ авъя гэж байгаа гээд энд ярихад Монгол Улс улс төрийн шийдвэрээ гаргасан, энэ чиглэлийн байгууллагуудтай хамтарч ажиллах юм байна гэж ойлгон, хандлага нь өөр болдог. Ер Монголд хийгдсэн зүйлийн нэлээд нь Давост анхлан яригдсан байдаг.

-Энэ удаагийн форумд дэлхийн технологийн чиглэлийн том компаниуд иржээ. Өчигдөр гэхэд IBM-ийн захирал хиймэл оюун ухааны чиглэлээр том танилцуулга хийлээ. Ирэх гуравдугаар сард IPO хийхээр төлөвлөж байгаа Snapchat-ынхан багаараа Давост ирчихсэн топ хөрөнгө оруулагчид, хөрөнгийн зах зээлийн шинжээчдэд компаниа зөвөөр ойлгуулах гээд хичээж байх шиг байна. Та Давост Хятадын “Alibaba” компанийн үүсгэн байгуулагч Жэк Матай уулзсан тухай сонслоо. Энэ уулзалтынхаа талаар яриач?

-Форумын эхний өдөр болсон албан бус уулзалтын үеэр IBM- ийн захирал яг миний хажууд сууж таарсан. Тэгээд Трампын бодлого, татварын асуудал, технологийн чиглэлээр сонин содон зүйл ярьсан. Ийм маягаар бид уулзах бараг боломжгүй хүмүүстэй зэрэгцээд суудаг, зүс царайгаараа танигддаг нь их чухал. Форумын эхний өдөр профессор Клаус Швабын зохион байгуулсан, 400 гаруй хүн ирсэн хүлээн авалтын үеэр би Жэк Матай уулзсан. Жэк Ма Монголд хоёр удаа ирсэн. Монголын талаар эерэг, их сайн ойлголттой хүн байна билээ.

Монголд дэлхийд танигдах бүтээгдэхүүнүүд хийж байна, үүнийгээ танай сүлжээгээр оруулъя, Монголд мэдээллийн технологийн олон компани гарч ирж байна, танай компанид ажиллах хүсэлтэй залуучууд бий, энэ чиглэлээр хамтарч ажиллая гэхэд маш дуртай хүлээж авсан. Иймэрхүү яриа Давост өрнөөд цаашаа ажил хэрэг болдог. Өнөөдрийн байдлаар Давост би 10 гаруй улсын төр, засгийн тэргүүнтэй уулзаад байна. Энд ирсэн дэлхийн санхүүгийн том байгууллагын хүмүүстэй уулзлаа. Бизнесийнхэн байна. Тэдэнтэй уулзаад санаа оноогоо ярилцаад, Монголын талаар мэдээлэл өгнө гэдэг том боломж.

-Жэк Ма бол Хятадын Билл Гэйтс, Хятадын Стив Жобс. Хятад бол манай хамгийн ойрын том зах зээл. Жэк Ма “Бид Азийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулна, Азийн контентыг дэлхийн түвшинд гаргана гэж хэлжээ. Дэлхийн том компаниуд, тэр дундаа АНУ төвтэй компаниуд Хятадын хөтөнгө оруулалтыг дагасан эдийн засгийн тэсрэлтүүдийг хүлээж байна. Монголын эдийн засаг өнөөдөр хүнд байна, хөрөнгө оруулалт дутаж байна гэдэг. Бид өөрсдийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, контентоо “Alibaba” компанитай хамтраад бодитой болгох боломж нээгдэж байна гэж ойлгож болох уу?

-АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Трамп Жэк Маг уриад уулзсан. Хэдийгээр АНУ өөрөө технологийн чиглэлийн том компаниудтай ч АНУ-д хөрөнгө оруулалт хийгээч гэж Трамп хэлсэн байсан, тэр дагуу маш их хэмжээний хөрөнгө оруулахаар тохирсон байна билээ. “Alibaba” бол зөвхөн Хятадын биш, дэлхийн хэмжээний сүлжээ боллоо. Ийм сүлжээтэй, асуудлаа өөрөө шийддэг ийм хүнтэй харилцаа тогтоогоод ажиллах нь Монголын хувьд чухал.

-Энэ жилийн форумын топ сэдэв бол яах аргагүй Ши Жиньпин даргын илтгэл байлаа. Илтгэлдээ Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалтын талаар бас дурдсан байсан. Торгоны замын чиглэлийн том амбийцаа глобальчлал гэдгийн доор багтааж илэрхийллээ.

-Хятадын хувьд үнэхээр том өөрчлөлт болж байна. Эдийн засгийн хувьд Хятад дэлхийн хоёр дахь эдийн засаг гэж хүлээн зөвшөөрөгдсөн.

Одоо тэгвэл улс төрийн манлайлагч болон гарч ирж байна. АНУ-ын Ерөнхийлөгч бол дэлхийн хамгийн хүчтэй албан тушаал гэдэг. Тэгвэл одоо Ши Жиньпин дарга АНУ-ын Ерөнхийлөгчөөс илүү удирдагч болж үнэлэгдэж байна. Хятадын имижийг дэлхий нийтэд эергээр гаргахад түүний үг нөлөөллөө. Ши Жиньпин хэд хэдэн тоо хэлсэн нь их сонин сонсогдлоо. Дэлхийн эдийн засгийн 80 хувийг хөгжиж буй орнууд бүтээж байна. Энэ 80 хувийнхаа 30 хувийг Хятад дангаараа бүтээж байна гэж. Маш их төлөвлөсөн, маш их бодсон, маш холыг харсан үг байлаа. Хөршийнхөө удирдагчаар бахархаж суулаа.

» Монголын говийн эрчим хүчийг ашиглах асуудал анх эндээс гарсан санаа.
» Жэк Ма Монголд хоёр удаа ирсэн. Монголын талаар эерэг, их сайн ойлголттой хүн байна билээ.
» Монголын нэр, Монголын имиж Давост сайн гарч чадсаны илрэл.

-Давосын хүрээнд болдог хоёр талт уулзалтуудын ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-Өмнө нь бид уулзах хүмүүсийнхээ араас явдаг байсан. Харин одоо бидэнтэй уулзах гэж хүмүүс бидний араас явдаг болсон байна. Энэ бол Монголын нэр, Монголын имиж Давост сайн гарч чадсаны илрэл.

-Давос анх үүсэхдээ төр болоод хувийн хэвшлийн хоорондын яриа хэлэлцээний түшиц байсан. Зөвхөн эдийн засгийн асуудал хөндөгддөг байсан. Одоо харин өөрчлөгдсөн. Дэлхий нийтийн харилцаа ч өөрчлөгдсөн. Та сүүлийн найман жил энэ чуулга уулзалтад оролцож байна. Анхны үетэйгээ харьцуулахад ямар өөрчлөлт байна вэ?

-Жил бүр шинэ сэдэв гарч ирдэг. Монголд ч адил. Өдөр бүр дэлхийд том том уулзалт, хурлууд болж байна. Гэхдээ би Ерөнхийлөгчийн хувьд Монгол Улс хоёр том арга хэмжээнд байнга идэвхтэй оролцож байя гэж боддог. Нэг нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган. Нөгөөх нь Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт. Мэдээж бид бүх арга хэмжээнд оролцож чадахгүй. Жишээ нь, энэ хавар Мюнхенд аюулгүй байдлын чиглэлийн хурал болно. Аюулгүй байдлын чиглэлээр болдог хамгийн том арга хэмжээ. Энэ хуралд Азийг төлөөлөөд илтгэгчээр оролцооч гэсэн урилга надад ирсэн. Тэр хуралд хэн оролцохыг бид ажиглаж байна. Магадгүй АНУ-ын шинэ Ерөнхийлөгч ирнэ гэвэл тэр хуралд монголчууд оролцох хэрэгтэй. Ингэж сонголтоо хийх хэмжээнд Монгол очсон. Яг үнэндээ дотооддоо бид зөрчилдөөд байгаа ч гадаад талбарт, олон улсын харилцаанд сүүлийн жилүүдэд Монголын ололт мэдэгдэхүйц хэмжээнд хүрсэн. Энэ боломжийг бид цаашид “чулуу” болгож авч явах хэрэгтэй. Тэр бүр монголчуудад тоогоод байдаг механизм цөөхөн. Давост монголчууд байр сууриа нэгэнт эзэлчихсэн.

-Энэ удаагийн Давосын форум бол таны Ерөнхийлөгчийн хувиар оролцож байгаа сүүлийн уулзалт. Тэгэхээр цаашид монголчууд энэ дэлхийн эдийн засгийн гэр бүлийн гишүүн болсон байр сууриа хэрхэн хадгалах вэ. Залгамж халаа нь юу байх вэ?

-Энэ бол Ерөнхийлөгчийн хувиар оролцож байгаа миний сүүлийн чуулга уулзалт. Энд тогтоосон сайхан харилцаагаа үргэлжлүүлж авч явна. Энд нэг нууц задалъя. Сая би Шваб гуайтай уулзаад, ирэх долдугаар сард Ерөнхийлөгчийн албан тушаалаас бууна гэдгээ мэдэгдэж, өнгөрсөн найман жил намайг урьсанд баярлаж байгаагаа илэрхийлээд, энэ байгууллагын зорилгын төлөө монголчууд боломжоороо хичээж оролцсоноо хэлсэн. Давосын үйл ажиллагаанд монголчуудын оруулсан хувь нэмрийг үнэлдэг гэдгийг ноён Клаус Шваб хариуд нь тэмдэглэсэн. Шинэ нөхцөл байдалд монголчуудтай хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцъя гэдгээ хэлсэн. Ноён Шваб их сонин санал оруулаад сайхан юм хийх гэж оролдсон байна билээ. Үүнийг сонсоод надад их сайхан санагдсан.

Гэхдээ тэр саналыг Дэлхийн эдийн засгийн форумын Удирдах зөвлөл шийднэ гэдгээ хэлсэн. Энэ Удирдах зөвлөл бол бодлого тодорхойлдог газар. Тийш орно гэдэг бол өндөр шалгууртай. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэж монголчууд ярьдаг. Эдийн засаг хүнд байна гээд бид энэ удаад оролцохгүй байж болох байсан. Гэвч нэгэнт эхэлсэн ажлаа нэр төртэй дуусгаад, сүүлийн форумдаа бүр их ач холбогдол өгч оролцох учиртай. Тиймээс ч энэ удаа би хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Өмнө нь Давосын форумын үеэр би сэтгүүлчдэд ийм ярилцлага өгч байгаагүй.

-Танд баярлалаа.
САНАЛ БОЛГОХ