Ам.долларын ханш оны эхнээс 6.8 хувиар чангараад байна
Монголбанкны мягмар гарагийн зарласан ханшаар ам.доллар ахин 9 төгрөгөөр чангарч тогтлоо. Түүхэн дээд ханшид хүрээд байсан валютын ханш өчигдрийн албан ханшаар 0.4 хувиар чангарч, нэгж нь 2131.81 төгрөг дээр тогтсон байна. Энэ нь он гарснаас хойш ам.долларын ханш төгрөгийн эсрэг 6.8 хувиар чангарсан үзүүлэлт болж байна.
Валютын ханшийг нийлүүлэлтийн журмаар зохицуулдаг гадаад валютын дуудлага худалдаа мягмар гарагт болсон. Арилжааны банкууд 40 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснээс Монголбанк хүсэлтийг 50% биелүүлсэн байна. Нэг ам.долларыг 2138.20 төгрөгийн ханшаар 20 сая ам.долларыг валютын спот арилжаагаар нийлүүлжээ. Мөн арилжааны банкууд 34.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн байна. Үүнийг төв банк төгрөгийн своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 34.5 сая ам.долларыг нийлүүлсэн байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй