Орон нутгийн сонгуульд 5.8 тэрбум төгрөг нэмж гаргах шаардлагатай

Засгийн газар

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг гаргажээ

УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх пүрэв гарагаас хуралдуулах талаар өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэгвэл ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тодорхой болж эхэлсэн байна. Юун түрүүнд 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлах аж.

Мөн сум, дүүргийн ИТХ- ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн үеэр ашиглах техник, хэрэгслийн талаар, сонгуулийн төсөв, зардлын талаар зайлшгүй хэлэлцэнэ. Орон нутгийн сонгуулийн нийт гарах зардлыг 2016 оны улсын төсөвт бүрэн дүүрэн тусгаагүй байсан аж. Үүнийг тусгаж байж ирэх аравдугаар сарын 19-ний өдөр сонгууль болох нөхцөл бүрдэнэ.

Мөн орон нутгийн сонгуультай холбоотой энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хуралд ирүүлээд байгаа аж. Харин түүнийг нь Төрийн байгуулалтын байнгын хороо судалж үзээд 5.8 тэрбум төгрөгийг нэмж гаргах шаардлагатай гэж үзжээ. Түүнээс гадна 2016 оны улсын төсвийн тодотголыг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

Ю.Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлэх талаар УИХ тогтоол гаргана

Өмнөх парламентаар баталсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат УИХ-д өргөн барьсан. Өөрчлөлтөөр уг хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах бөгөөд энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийн хамтаар мөн ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм байна. Дээр нь Батлан хамгаалах салбарын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн хуулийн төсөл ч нэмэгдэнэ. Эцэст нь Ю.Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлэх талаар Улсын Их Хурал шийдвэр гаргах тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн боловч эцэслээгүй. Ирэх сарын 17-нд түүний 100 насны ой тохиох юм. Үүнээс өмнө Улсын Их Хурал энэ шийдвэрийг ээлжит бус чуулганаар хэлэлцэж, гаргахаар төлөвлөжээ.
САНАЛ БОЛГОХ