Зэрлэг амьтдын амгалан оршихуй
Нийтлэл
Монголд анх удаа ховордсон зэрлэг ан амьтдын үзэсгэлэн дэлгэгдлээ
Намрын сэрүүн орж, хурц наран элчээрээ төөнөнө. Дэргэд хоржигнох усны чимээнд сонор баясжухуйд баруунтаагаас хөвчийн сүрлэг буга өөрийн эрхгүй хараа булаав. Будант цэнхэр хангайн “Нарны эзэн”-ий эсрэг талд цавчим өндөр хавцал бий. Уг хавцлын хавтгай орой дээрээс Улаан номонд бичигдсэн алтайн догшин сүлд болох ирвэс эзэмшил нутгаа ажих мэт алсад хараа сунгах нь хийморьлог.
Харин урд минь хаан хөгжмийн аялгуунд хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж агсны “Зулай цагаан алтай” эгшиглэнэ. Зэрлэг амьтдын ертөнцөд тавтай морил.
Монголд анх удаа ховордсон зэрлэг ан амьтдын үзэсгэлэн “Blue moon” арт галерейд дэлгэгдлээ. Тус галерейн гишүүн зураач М.Болортуяа өөрийн бие даасан хоёр дахь үзэсгэлэн болох “ART BOLORIA-Animal”-даа Монгол орны ховордсон ан амьтадтай танилцан, олон судалбар судалгаа, этюд хийсэн аяны богцоосоо хуваалцсан байна.
“Иргэн хүний хувьд өөрийн нэгэн чадвар болох уран зургаар дамжуулан эх орныхоо зэрлэг амьтдыг магтан дуулахыг хүслээ. Амьтдын ертөнцийг намуун зөөлөн өнгө аястайгаар гаргаж буйгаараа миний үзэсгэлэн онцлог юм уу даа” хэмээн уран бүтээлч М.Болортуяа тайлбарлав. 2015 оны гуравдугаар сард гаргаж байсан анхны бие даасан үзэсгэлэнгээ бодвол энэ удаа тэрбээр илүү амьд харилцааг хүүрнэсэн нь илт. Гэхдээ байгаль эхийн хамгийн нандин хэлхээ болох хүйн холбоог онцолжээ.
Банхарын бандгар гөлөг, эхдээ эрхлэх гавар, зараатай тааралдах унаганы өхөөрдөм боловч бодит гэмээр харц бүчин авахуйд зэрлэг онгон байгальд л эх, үр амар тайван байдгийг ухаарах. Магадгүй М.Болортуяагийн урлагаар дамжуулан бусдад хүргэх гэсэн мэссежний нэг нь энэ биз. “Би өөрөө эх хүн. Хэдий араатан адгуус ч гэлээ яг л хүн шиг аливааг ажиглана, анзаарна, бодлогоширно. Энэ бүхнийг нүдээр нь дамжуулж уян зөөлнөөр илэрхийлэхийг хүссэн. Тиймээс би нүдийг амилуулахын тулд харцанд илүү төвлөрсөн” гэв.
Хөвчийн эзэн майга бор ногоон зүлгэн дээр гурван бамбаруушаа эрхлүүлнэ. Мод нь хаачаа вэ гэж асуумаар байвч хөвчид нар, өвс ч бас бий. Магадгүй эх, үрс толгод дээр эрхлэн цэнгэж буй биз. Эс бөгөөс мөнөөх үгүйлээд буй хөвч ой наахна талд байгаагаар М.Болортуяагийн онгодод буусан ч юм бил үү. Аниргүй уудам тал, цэлгэр тэнгэр гэдэг эх, үрийн амар амгалан хэлхээ холбоо гэдэг утгыг улам тодотгох зохиомж бололтой.
Тал газар их айдастай. Хаанаас, юу ч гэнэт гарч ирж мэдэхээр. Энэ айдсыг “Тал нутгийн ангуучид” болох махчин жигүүртэн хийгээд өвсөн дунд эгц өөдөөс алхах чоно мэдрүүлнэ. “Монгол орны байгалийн ховордсон амьтдыг магадгүй гэрэл зурагчид, биологичидтой хамтран анатомийн судалгаанд үндэслэн зурсан бол үзэсгэлэн маань илүү даацтай болох байлаа” хэмээн залуу уран бүтээлч М.Болортуяа өөрөө өөртөө шүүмж “хайрлав”.
Үзэсгэлэнд түүний 2016 онд туурвисан цоо шинэ бүтээлүүд тавигджээ. “Blue moon” арт галерей 2015 оны дөрөвдүгээр сараас Хустайн нурууны цогцолборт газрын түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, тахь судлалыг урлагаар дамжуулан хадгалан, хамгаалах, сурталчлах зорилгоор судалгаа судалбар зургийг гишүүн уран бүтээлчдийн хамт зохион байгуулсан аж. Тиймдээ ч М.Болортуяагийн “Амьтад” сэдвийн дор өрнөж буй энэ удаагийн үзэсгэлэнгийн гол баатар нь “Тэнгэрийн удам” буюу тахийн унага. Усан болон тосон будгийн арга ажиллагаагаар амилсан “Тэнгэрийн удам” хийгээд түүний найз нөхөд ирээдүй хойчид маань онгон байгалийн төрх, зэрлэг амьтдын зүсийг танин мэдүүлэх ач холбогдолтой болжээ.
Цас
Чогчиго
Бүргэд
Өглөө, өдөр, орой
Гавар
Уулын эзэн
Нар
Хөвчийн амгалан
Нарны эзэн
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй