Өвөлжилт 64 суманд хүндэрчээ
Нийтлэл
Арваннэгдүгээр сар 20 жилд тохиогоогүй хүйтэн байв
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, 15 аймгийн 64 суманд өвөлжилт хүндрээд байгааг лхагва гарагт болсон Засгийн газрын ээлжит хуралдаан дээр Улсын онцгой комиссоос танилцуулав. Цаашид цас нэмж орж, хүйтэрвэл өвөлжилт, хаваржилт хүндрэх сумдын тоо хоёр дахин нэмэгдэх эрдсдэлтэй байна.
Тэгвэл идэр гурван естэй зэрэгцэн чангарч буй хүйтний эрч энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэхийг цаг уурчид анхааруулж байна. Хур тунадасны хэмжээ ч нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Ялангуяа нутгийн зүүн хагаст олон жилийн дундажтай харьцуулахад 0.5-1 градусын хүйтэн байх аж. Энэ нь Зүүн Европ болон Сибирийн өндөр даралттай хүйтэн агаарын урсгалын дүнд бий болж буй үзэгдэл. Хиймэл дагуулын мэдээгээр энэ оны эхний 10 хоногийн байдлаар нийт нутгаар орсон цас арванхоёрдугаар сарын сүүл үеэс бага зэрэг агшсан ч эргээд нэмэгджээ.
Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар Европ, ОХУ, Сибирьт олон жилийн дунджаас илүү хүйтэн болж, цас их орж байна. Тэгэхээр энэхүү үзэгдэл манай орны зүүн хагаст ойрын хугацаанд нөлөөлнө гэсэн үг. Олон жилийн дундажтай харьцуулахад хүйтэн өвөл тохиож буйгаас Европт 20 гаруй хүн осгож, нас барсан гашуун мэдээ дуулгав. Амралтын өдрүүдэд Польшид амиа алдсан 10 тохиолдол Итали, Чех, Орос, Украинаар хүрээгээ тэлжээ.
Түүнчлэн харьцангуй зөөлөн, дулаан уур амьсгалтай гэгдэх Грекийн арлууд, Туркт ч цас их унав. Эдгээр улсад дүрвэн ирсэн олон мянган хүний амь нас, эрүүл мэнд эрсдэлд орж буйг олон улсын хүний эрхийн төлөөх байгууллагууд анхааруулсаар байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Грекийн арлууд дээрх дүрвэгчдийг дулаан байр руу шилжүүлж буй аж.
Албаныхны мэдээлж буйгаар нөхцөл байдал нислэг болон усан замын тээврийг цуцалж, зогсоох хэмжээнд хүрчээ. Гэхдээ Улаанбаатараас Европын ихэнх хот руу нислэг үйлддэг МИАТ компанид одоогоор төлөвлөгөөт нислэг цуцлагдсан гэсэн мэдээлэл цаад талаас ирүүлээгүй юм байна. Харин улсын хэмжээнд осгож амиа алдсан зургаан тохиолдол бүртгэгдээд байгааг Цагдаагийн ерөнхий газрын шуурхай удирдлагын хэлтсээс мэдээллээ. Ийм тохиолдлын тоо арваннэгдүгээр сараас хойш нийтдээ 48 болжээ. Үүний тэн хагас нь арваннэгдүгээр сард бүртгэгдсэн аж.
Ерөөс тус сар монголчуудын хувьд сүүлийн 20 жил тохиогоогүй хүйтэн, хур тунадас ихтэй байсныг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн цаг уурч Э.Энхзаяа хэллээ. Аравдугаар сарын сүүлчээс эхэлж орсон хур тунадасны улмаас нийт нутгаар олон жилийн дунджаас 2.4 дахин их цас тогтсон байна. Уулархаг нутгаар 40, хунгарласан хэсгээр 60 см-ийн зузаан цастай байсан аж. Энэ үед цасан бүрхүүл манай нийт нутгийн 63 хувийг хамарсныг хиймэл дагуулын зураг илрүүлжээ. Зудын болон зудархуу нөхцөл байдалтай 131 сум бүртгэгдэж байжээ.
Нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас хүйтэрнэ
Арваннэгдүгээр сар зөвхөн монголчуудын хувьд хүйтэн сар байсангүй. Өнгөрсөн жил дэлхийн хэмжээнд уур амьсгалын дунджаар халуун, хүйтний хэлбэлзэл дээд цэгтээ хүрсэн жил байв. Тухайлбал, долоо, наймдугаар сар манай орны хувьд 1961 оноос хойш тохиосон хоёр дахь халуун, хуурай үе байжээ. Ялангуяа, Дорнод аймгийн Чойбалсан, Халхгол орчмоор 42 градус хүрч халсан тохиолдол бий.
Гэтэл Зүүн Европт байдал бүр ч дор. Энэ бүс нутгийн агаарын температур олон жилийн буюу 1981-2010 оны дунджаас цельсийн 2.5 градусаар нэмэгджээ. Зүүн европчууд өнөөдөр ч бидэнтэй адил хүйтэн, хахир өвөлтэй нүүр тулж байна. Чехийн Прага хотод ойрын хэдэн жил болоогүйгээр хүйтэрч, өвөл эхэлснээс хойш гэхэд л 65 хүн осгож амиа алдаад буй. Харин москвачууд 120 жилд тохиогоогүй хамгийн хүйтэн өдөр Үнэн алдартны шинэ жилийн баяр тэмдэглэн өнгөрүүлснийг хэвлэлүүд онцолж байна.
Мөн Варшав, Краков зэрэг хотын удирдлага хүйтэн өвөл утаа ихсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдээ нийтийн тээврээр үнэгүй зорчих захирамж гаргачихаж. Зүүн Европын ихэнх нутгийг хамарсан хүйтний эрч долоо хоногийн сүүлчээр бага зэрэг сулрах аж. Харин манайд нэгдүгээр сарын сүүлийн тав хоног харьцангуй дулаан байх төлөв гарчээ.
Нарны идэвхжил 2019 оны эхэн үе хүртэл сулрах төлөвтэй байгааг АНУ-ын Үндэсний далай, агаар мандлын захиргааны Сансрын цаг агаарыг урьдчилан тандах төвөөс мэдээлсэн байна. Тиймээс энэ өвөл агаарын температур өмнөх жилийнхээс бага байх төлөвтэй. Нөгөө талаар өнгөрсөн намар Европ, АНУ- д болсон үерийн гамшиг, ой хээрийн түймэр зэргийг дэлхийн дулаарлаас салгаж ойлгох аргагүй гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй