Шатахуун нөөцлөх шаардлага үүсчээ

Мэдээ

Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд засвар, шинэчлэл хийх шаардлагатай

Улсын онцгой комисс мягмар гарагт хуралдаж, өвөлжилтийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар хэлэлцлээ. Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх аймаг, нийслэл, сум дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах үүргийг хариуцсан хүмүүст өгөв. Энэ жилийн өвөл зуд турхан болно гэсэн яриа малчдын дунд гарсан тул байгалийн давагдашгүй хүчин зүйлд хариуцлагатай хандаж, өвс, тэжээлийн нөөц, машин техник, хүн хүч гээд өөрсдөөс шалтгаалах бэлтгэлээ сайтар хангахыг орон нутгийн удирдлагуудад тусгайлан сануулав.

ТАТВАРТ ӨГӨХ МӨНГӨ БАЙХГҮЙГЭЭС 2940 ТОНН ДИЗЕЛЬ ТҮЛШ
ӨРТӨӨН ДЭЭР ГАЦЖЭЭ
Хуралдааны эхэнд улсын онц чухал салбарыг хариуцсан онцгой комиссын гишүүд ирэх өвлийн бэлтгэлээ хэрхэн хангаж байгаа талаар танилцууллаа. Эрчим хүчний сайд П.Ганхүү “Нийслэлийн хэмжээнд 8600 айл цахилгаангүй байна. Эдгээрийн дийлэнх нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт бий. Өнөөдрийн байдлаар Дарь-Эхийн 21, 27 дугаар хорооны 100 гаруй айл эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй.
Тиймээс хүйтрэхээс өмнө нэн даруй цахилгаанд холбох шаардлагатай 1500 айлын асуудлыг шийдэх хэрэгтэй байна” гэв. Түүнчлэн Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд засвар, шинэчлэл хийхэд хөрөнгө мөнгөний дутагдалтай байгаа учир төсвөөс зээл олгохыг тэрбээр хүссэн юм.

Цахилгаанд холбох шаардлагатай 1500 айлын асуудлыг шийдэх хэрэгтэй
Харин зам тээврийн салбарын тухайд түлшний онцгой албан татварыг нэмсэн тул нүүрсний нөөцийг бүрдүүлэхэд хүндрэл гарч байгаа талаар салбарын сайд уламжлав. Түүнчлэн Оросын Роснефть компани энэ сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл засвар үйлчилгээ хийж, зогсолт хийхээр болжээ. Тиймээс энэ сарын квот түлшийг авч, нөөцлөх шаардлагатай байгаа аж. Гэвч онцгой албан татварт төлөх санхүүжилт байхгүйгээс 2940 тонн дизель түлш “Сүхбаатар өртөө”-ний хил дээр хүлээгдэж байгаа аж.

507 МЯНГАН ХҮН ТУН ВАКЦИН ХЭРЭГТЭЙ
Эрүүл мэндийн салбарт ч тулгамдаж буй асуудлууд багагүй байна. Тухайлбал, алслагдсан сумдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх автомашины хүрэлцээ муу байгаа аж. Харин энэ асуудлыг шийдэхэд 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Мөн халдварт өвчний тархалт энэ салбарын өмнө тулгамдсан асуудал болсоор байна. Сүүлийн статистикаар манай улсад 26 төрлийн халдварт өвчнөөр 54 мянга гаруй хүн өвчилжээ. Энэ нь өмнөх оныхоос арав гаруй мянгаар илүү гэсэн үг. Тиймээс ирэх өвөл халдварт өвчний дэгдэлт ийн газар авахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэйг салбарын сайд нь хэлж байсан юм. Улаанбурхан, томуу, улаанууд өвчний эсрэг 507 мянган хүн тун вакцин шаардлагатай гэж үзсэн бөгөөд үүнд 925 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж.

ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР ХҮЙТЭРНЭ
Сүүлийн 16 жил цаг агаар харьцангуй дулаарч байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын захирал С.Энхтүвшин хэллээ. Энэ жилийн хувьд ч олон жилийн дунджаас давж хүйтрэхгүй аж. Гэхдээ харьцангуй эрт буюу энэ сарын сүүлээр цаг агаар сэрүүсэхийг тэрбээр мэдээллээ. Гэхдээ иргэд, малчдын дунд бичин жилийн зуд болно гэсэн яриа гарсан. Үүнтэй холбогдуулан тэрбээр тайлбар өгсөн юм. “Бичин жилийн сүүлээр зудтай байдаг гэж монголчууд ярьдаг ч, тийм үзэгдэл болдоггүй. Нарны идэвхжил 11 жил байдаг. Харин сүүлийн үед “Хариуцлагагүйн зуд”-д нэрвэгдэх болсон. Нэг талаар манай малчид хадлан тэжээлээ сайтар бэлдээгүйгээс болж байна. Энэ жил өвлийн бэлтгэлээ сайтар базаавал өвлийг өнтэй давах боломжтой” гэлээ.


САНАЛ БОЛГОХ