Гадаадын тагнуулын албанд элсэх, эх орноосоо урвахыг зөвшөөрөх нь
Мэдээ
300 мянган төгрөгийн хохирол учруулсан ч эрүүгийн хэрэг үүсгэнэ
УИХ-ын хуралдаанд нийт 22 гишүүн ирцээ бүртгүүлээгүй, 12 гишүүн томилолт, чөлөөтэй байсан тул 42 гишүүний бүрдэлдэхүүнтэй эхэлсэн. Харин үдээс хойших хуралдаанд 13 гишүүн нэмэж ирснээр Монгол Улсын чухал хуулийн төслүүдийг "бөөндсөн" юм. Цэцийн гомдлыг хэлэлцсэний дараа Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. УИХ-ын чуулган эхлэхээс ердөө 40 минутын өмнө Хууль зүйн байнгын хороогоор эцсийн хэлэлцүүлгийг хийж, хэлэлцэх асуудлын дараалалд байгаагүй байхад шууд оруулж ирсэнд зарим гишүүн ундууцаж байлаа. УИХ-ын гишүүн Л.Болд “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Х.Нямбаатар шууд оруулж ирлээ” гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Таны хуулийн төсөлд Засгийн газрын хууль санаачлах эрхийг хялбарчилсан заалт багтсан байна. Хууль тогтвортой байх хэрэгтэй. Бид Хууль тогтоомжийн тухай хуулийг хэдхэн сарын өмнө баталсан. Баталсан хуулиа муу болж гээд кноп дараад сууж байх уу” гэж шүүмжилсэн юм. Энэ төслийг УИХ-ын гишүүд эсэргүүцсэн гол шалтгаан нь Засгийн газарт давуу эрх олгох зорилготой гэсэн юм. Гэсэн ч санал хураалт явуулж хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
ЭРҮҮГИЙН 80 ОРЧИМ ЗААЛТЫГ 30 БОЛГОВ
Дараа нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Энэ хуулийг ирэх долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Одоогийн хуульд нийт 80 гаруй зүйл, заалтаар хуулийн этгээдэд ял шийтгэл ногдуулах зохицуулалттай байсан бол шинэ хуулиар 30 болгож бууруулав. Тодруулбал, 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн 80 гаруй зүйл, заалтыг багасгаж, өөрчилсөн юм. УИХ-ын гишүүн М.Билэгт “Төрийн өмчийг ингэж хохироож болохгүй. Иргэд 300 мянган төгрөгийн хохирол учруулсан ч эрүү үүсгэж байна” гэв.
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ хуулийг эрс эсэргүүцэж, чуулганы завсарлагаанаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэсэн шалтгаанаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэж байна. Шимтгэл төлөхөөс зайлсхийсэн, нуусан бол өөр хэрэг. Харин иргэн өөрийн сонголтоор төлөөгүй байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй. Нийгмийн даатгал бол татвар биш шимтгэл. Татвар төлөөгүй бол шийтгэл хүлээлгэх ёстой” гэв.
Түүнчлэн бас нэг ноцтой заалт нь зөвхөн дайн байлдааны үед дайсны талд ажиллах юм бол эх орноосоо урвагч хэмээн тооцож, яллах аж. Бусад тохиолдолд урвагчид тооцохгүй гэснийг буруушаав.
Одоогийн хүчин төгөлдөр Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болохуйц гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улсын тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, мөн дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол 16- 25 жил хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл, өчигдөр баталсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн дайны үед эх орноосоо урвах гэдэг заалт хамаарна. Бусад тохиолдолд хамаарахгүй болж буй нь ноцтой юм. Хоёр дахь ноцтой асуудал нь гадаадын тагнуулын албатай хууль бусаар хамтран ажиллах гэсэн заалттай холбож байгаа аж. Энэ нь Монгол Улсын иргэн гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээллийг цуглуулсан, хадгалсан, хулгайлсан, дамжуулсан бол ердөө найман жилийн хорих ялаар шийтгэхээр болсон нь аюултай хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү үзэж байна. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 76.9 хувийн саналаар дэмжиж, баталлаа.
МАРГААНТАЙ ХУУЛЬ БАТЛАВ
Үдээс хойшхи хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа. Энэ хууль нь анхнаасаа улстөрчид болон олон нийтийн дунд нэлээд маргаан дагуулж байсан юм. Тухайлбал, хүнийг гүтгэж доромжлон, нэр төрд нь халдсан болон иргэнийг 10, аж ахуйн нэгж байгууллагыг 100 сая төгрөгөөр торгох хуулийн заалтыг нэр бүхий гишүүд оруулж ирсэн. Гэсэн ч хэвлэл мэдээлэл, олон нийтийн эсэргүүцэлтэй тулснаар уг заалтыг эргүүлэн татсан. Зарим гишүүд үүнийг “шоронжсон” хууль гарах гэж байна хэмээн шүүмжилсан. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд “Зөрчлийн хуульд зөрчилтэй олон заалт орчихлоо. Удахгүй залруулах хэрэг гарна. Бид Байнгын хороон дээр болохгүй байгаа зүйлээ дор дор нь засч явахгүй бол дэмжсэн, дэмжээгүй зүйлээ хэд дахин нааш цааш болгодог буруу зуршил тогтлоо. Горимын санал гаргахаар УИХ- ын дарга яах ч арга байхгүй санал хураадаг. Бид түрүүчийн ярьсан зүйлийнхээ эсрэг яриад сууж байдаг сонин байдалд орчихоод байна. Үүнийг цаашид анхаарах хэрэгтэй. Их төвөгтэй хууль гарлаа даа” гэж байв.
Зөрчлийн тухай хууль нь 220 гаруй хуульд туссан зөрчилтэй холбоотой ойлголтуудыг нэгтгэсэн юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй