Хариуцлага хүлээх намрын чуулган
Нийтлэл
Гишүүд эдийн засгийн хямралаас гарахын тулд шийдэмгий алхам хийхээс өөр аргагүй
Монгол Улс парламентын засаглалд шилжсэнээс хойших долоо дахь удаагийн УИХ, анхныхаа намрын ээлжит чуулганыг ирэх аравдугаар сарын 5-нд нээнэ. Энэ удаагийн намрын ээлжит чуулганаар ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг баталдаг уламжлалтай. Тэгэхээр гишүүд илүү хариуцлагатай ажиллаж, “тоо бодох” хэрэгтэй болно гэсэн үг юм.
Өнгөрсөн наймдугаар сард 4.4 их наядын алдагдалтай 2016 оны төсвийн тодотголыг Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан. Ингэхдээ Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголд парламент багагүй засвар оруулж, тооцоог нь алдагдуулна гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Учир нь татвар нэмэх, цалин, тэтгэвэр тэтгэмжийг танах зэрэг бүхий л санал парламентын босго давж чадаагүй юм.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан
Тэгвэл намрын чуулганаар Монгол Улсын 2017 оны төсөв болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Мөн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг ч хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат 2017 оны төсөвт татвар нэмэхгүй хэмээн амласан. Гэвч УИХ-ын гишүүд эдийн засгийн хямралаас гарахын тулд зоригтой, шийдэмгий алхам хийхээс өөр аргагүй байгааг дурдсан. Ингэхдээ татварын бааз суурийг бэхжүүлэх, төсвийн орлогыг тодорхой хувиар нэмэгдүүлэх саналтай байгаагаа ч дуулгав. Үүнээс гадна ирэх жилээс олон улсын зах зээл дээрээс босгосон бондын хүү болон үндсэн төлбөрийг төлөх учир төсвийн хариуцлага, сахилга батыг сайжруулахаас өөр арга эрх баригчдад байхгүй гэдгийг эдийн засагчид онцолж буй. Үүнээс гадна мэргэжлийн Засгийн газар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгайлсан хөтөлбөрийг намрын чуулганд танилцуулж, батлуулахаа амлалаа.
Түүнчлэн нийгэмд маргаан дагуулаад байсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл ч хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан. Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн зөрчлийн хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж, гэмт хэрэгт тооцон, зохих ял ноогдуулахаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар боловсруулсан билээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн парламентын баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийг зөрчил хэмээн үзэж, торгуулийн ял ноогдуулдаг байжээ. Хэрэв Засгийн газраас өргөн мэдүүлж буй шинэчилсэн найруулга батлагдвал гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцон, ял ногдуулах юм.
Ирэх жилээс олон улсын зах зээл дээрээс босгосон бондын хүү болон үндсэн төлбөрийг төлөх учир төсвийн хариуцлага, сахилга батыг сайжруулахаас өөр арга эрх баригчдад байхгүй гэдгийг эдийн засагчид онцолж буй.
МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан Ач санах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Ахмад настны тоо нэмэгдэхийн хэрээр тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагын үүднээс дээрх хуулийн төслийг боловсруулсан гэдгээ хууль санаачлагч тайлбарлаж байсан. Хуулийн төслийн хүрээнд ахмад настны эрүүл мэндийг дэмжих, тэтгэврийн харилцааг боловсронгуй болгох, орон сууцаар хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сувилал амралт гэсэн таван бодлогыг баримталсан юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй