Гадаад зах зээлийг нээх дотоодын хүсэл
“Гутал, арьсан эдлэлийн загвар зохион бүтээгч мэргэжилтэй бидний хувьд Итали оронд туршлага судална гэдэг мөрөөдөл байхгүй юу. Тэр оронд очоод үйлдвэрүүдээр нь ордог юм бол шинэ технологи ч юм уу, дизайны талаар заавал нэгийг юм “өвөртөлж ирнэ” хэмээн “Хас гутал” компанийн захирал М.Золзаяа ярьсан юм. Тэрбээр Монгол Улсын ДНБ-ий 20 хувийг бүрдүүлж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нэг. Дотоодын гутал үйлдвэрлэлийн салбарт 2003 оноос өрхийн үйлдвэрлэлээр хувь нэмрээ оруулж ирсэн тус компани энэ жилээс “Эрүүл монгол хүүхэд” төсөл хэрэгжүүлжээ. “Дархан нэхий”, “Их эргэлт” зэрэг дотоодын үйлдвэрлэгчдийн боловсруулсан арьсаар хүүхдийн гутал үйлдвэрлэж, улавчийг нь эсгийгээр хийжээ. Хүүхэд багаасаа чийг татдаг гутал өмссөнөөр даарч хөрч, улмаар бөөр, давсагны өвчтэй болох суурь тавигддаг. Харин дотоодод үйлдвэрлэсэн уг бүтээгдэхүүн нь экологийн гаралтай төдийгүй эрүүл мэндэд ээлтэй, экспортод гаргахуйц өнгө үзэмжтэй гэдгээрээ “Вансэмбэрүү” үзэсгэлэнгээс шалгарч, загварын орон Итали улсад туршлага судлах эрхийн эзэн болсон нь энэ. “SRB” компанийн үхэр, сарлагын арьсан цүнхний “mR” брэнд мөн энэхүү эрхийг хүртсэн юм.
Захын хөл хөдөлгөөнд талхлагдаж, орон гэргүй, архичдын оромж шахам болсон байсан “Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэн бямба гарагт үндэсний жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг үзэж, сонирхохоор ирсэн хүмүүсийн хөлд дарагдав. “Улаанбаатар хотод үлдсэн ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн цөөхөн талбайн нэг болох энэ газрыг иргэд зорин ирж тухалдаг тав тухтай, цэвэрхэн цэцэрлэгт хүрээлэн болгож, өөд нь татахыг хүсдэг учраас үзэсгэлэнг энд хийхээр болсон” хэмээн “Вансэмбэрүү” үзэсгэлэн зохион байгуулсан УИХ-ын гишүүн А.Ундраа энэ үеэр онцолсон.
Хэрэглэгчтэй болсны хүчинд хүндрэлийг давж байна
Тэрбээр дотоодын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн шинэ санаа, инновацийг нэвтрүүлсэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор энэхүү үзэсгэлэнг зохион байгуулахдаа дотоодын бүтээгдэхүүнийг худалдан авах иргэдийн хандлагыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ экспортыг дэмжиж, нэмэгдүүлэх, саад болоод буй асуудлуудыг шийдвэрлэхийг хүсчээ. “Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжихэд гол нөлөөлөх хүчин зүйл нь импортын тариф, экспортын тариф, чөлөөт худалдааны хэлэлцээр. Манай улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон тул тарифын зохицуулалтыг хүлээсэн үүрэгтэйгээ зохицуулан хийх ёстой.
Нөгөөтэйгүүр, тэдний үгийг сонсож, бодлогодоо тусгаж, хууль болон бодлогын бичиг баримтыг бодит амьдралд нийцсэн, урт хугацааны хөгжлийн стратегид тохирсон хэлбэрээр гаргах хэрэгтэй” хэмээгээд энэ салбарт анхаарахаа илэрхийлэв.
Эдийн засаг хүнд байгаа ч худалдан авагчдаа алдаагүй
Энэ үгийг үзэсгэлэнд орсон үйлдвэрлэгч бүр хэлж байсан нь Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн чанаржиж, өөрийн гэсэн хэрэглэгчдийн хүрээлэлтэй болсныг харуулна. Тухайлбал, “Морьт хас” компани 2007 оноос арьсан цүнх, түрийвч үйлдвэрлэж байгаа аж. Хийц, өнгө үзэмжийн хувьд гаднын брэнд бүтээгдэхүүнээс дутахааргүй цэвэрхэн бөгөөд түүхий эдээ дотоодын компаниудаас авч байгаа аж. Энэ жилээс гаднын зах зээл рүү гаргахаар өөрсдөө хөөцөлдөж байгаа бөгөөд үзсэн хүмүүс өндрөөр үнэлж буй тухай компанийн захирал, дизайнер Т.Бат-Эрдэнэ ярив. Тэгвэл гоёлын дэрний уут урладаг “Ankh design” компанийнхан жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт энэ жилээс хөл тавьжээ. Үйл ажиллагаа эхлүүлээд удаагүй гэхэд амжилттай явж буй тус компанийнхны урласан дэрний уут 10-250 мянган төгрөгийн үнэтэй. Зүү ороох, хонин холбоо зэрэг хатгамлаас гадна товч, шилбийг оруулж өгснөөрөө үндэсний хэв маягийг шингээжээ. Гар урлал гэдгээрээ эдний бүтээгдэхүүнүүдийг гаднынхан түлхүү сонирхдог талаар дизайнер У.Ичинхорлоо дурдсан.
Харин үзэсгэлэнгийн шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан “Хас гутал”-ынхны хувьд гутлаа дандаа гар аргаар үйлдвэрлэдэг байсан бол өнгөрсөн жил Итали, Чехийн тоног төхөөрөмж нэвтрүүлснээр бүтээгдэхүүнээ илүү чанартай хэрнээ өртөг багатай үйлдвэрлэх боломжтой болжээ. Ингэснээр экспортын болон ижил төрлийн бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөхүйц хэрнээ боломжийн үнээр гутлуудаа зардаг болсон тухай М.Золзаяа хэлсэн. Түүгээр зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй хоёр, мэргэжлийн залуу 10 хүнийг ажлын байраар хангаж буй аж. Өнгөрсөн жилээр Хөх хот руу цөөн тооны гутал гаргаж эхэлсэн бөгөөд экологийн цэвэр бүтээгдэхүүн, цэвэр арьсан материалтай гэдгээр нь урд хөршийнхөн ихэд сонирхож байгаа бөгөөд төрөөс дэмжээд өгвөл экспортод гаргах боломж бий тэрбээр цухуйлгасан юм.
Монгол гутлын технологи алдагдаж байна
Үзэсгэлэн яармаг худалдаанаас алтан медаль хүртэж байсан, Монгол үйлдвэрийн 52 угалзтай гутлыг урласан А.Чимгээ 64 угалзтай монгол гутлаараа “Вансэмбэрүү” үзэсгэлэнд оролцсон. Хүүхдийн монгол гутлыг 32 угалз тавьснаараа тэрбээр мөн анхдагч. Ахуй үйлчилгээний Техник мэргэжлийн сургуулийг 1979 онд төгссөн цагаасаа хойш монгол гутал урлаж буй тэрбээр үндэсний энэхүү уламжлалт өмсгөлийн технологи алдагдаж буйд сэтгэл зовж яваагаа нуугаагүй юм. “Манай үндэсний монгол гутлыг хийх зориулалтын материал ховор болж, дотоодын арьс, ширний зарим үйлдвэр хаагдсанаар технологи нь алдагдах болсон. Одоо булигаар үйлдвэрлэж буй ганц үйлдвэр байгаа ч тэр нь нимгэн тул стандартын шаардлага хангадаггүй. Урдаас оруулж ирж байгаа хиймэл материалуудыг ашиглахаар хөндийрнө, хаван үүсэхээс гадна эсгээд оёхоор нэг размер багсаад авччихдаг. Сүүлийн үед угалзыг хүртэл ледринээр дарж байна. Хуучны зузаан булигаар Хятадаас ховорхон орж ирдэг нь маш үнэтэй. Дотоодын үйлдвэрүүдийг хүрэн шир хийгээч гэхээр технологи нь байхгүй гэдэг. Энэ мэт зүйл их нөлөөлж байна. Уг нь бид загвараа, технологио авч үлдмээр байна” хэмээн тэрбээр учирласан. Монгол гутлыг технологийн дагуу бус, хиймэл бүтээгдэхүүнүүдээр хийхэд хөлд эвгүй, хэлбэрээ амархан алдахаас эхлээд галд амархан шатдаг зэргээрээ эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг тэрбээр нэмж хэлсэн юм. Ямар ч байсан чанараасаа хамаараад монгол гутлын үнэ зах зээл дээр 200 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийн ханштай ч өдөр тутмын хэрэгцээ биш учраас борлуулалт удаан ажээ.
Ийнхүү жижиг, дунд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулж, борлуулахын хажуугаар зовлон, жаргалаа хуваалцсан юм. Төрийн дэмжлэг, уйгагүй хөдөлмөр, боломжийнхоо хэрээр шинэ технологи нэвтрүүлсний дүнд дотоодын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүд өнгө үзэмж, хийц, чанараараа гадаад зах зээлд нүүр улайхааргүй хэмжээнд болсон нь зах зухаасаа харагдаж байв. Гагцхүү тэдэнд тогтмол борлуулалт хийгээд экспортод гарах үүд хаалгыг нь нээж өгөх шаардлага байгааг хүн бүхэн хэлж байлаа. Энэ талаар нийслэлийн ИТХ-ын гишүүн, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Ирэх дөрвөн жилд бид ажлын байр бий болгоход түлхүү анхаарна. Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих нь чухал. Дэмжихдээ орчныг нь сайжруулж өгөх, бараа бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад нь мэдлэг, чадварыг олгохоос гадна гаднын зах зээлийг нь нээж өгнө. Тэдэнд бүтээгдэхүүнээ борлуулахад тулгардаг бас нэг бэрхшээл бол чанар, өнгө үзэмж, дизайн, сав, баглаа, боодол. Энэ бүхнийг сайжруулахад нь бодитоор анхаарахын зэрэгцээ зээл өгөөд орхих биш, эргэх холбоо үүсгэн ажилладаг болно. Бидэнд технологи нь байна, хүн хүч нь байна, түүхий эд нь байна. Энэ боломжоо хөгжүүлэхэд анхаарч ажиллана” хэмээн хэлсэн юм. Энэ бол гадаад зах зээлийг нээх дотоодынхны хүслийн илэрхийлэл байлаа.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй