Энэ сарын 25-наас хүйтний эрч сулрах төлөвтэй байна

Мэдээ

Энэ долоо хоногийн эхээр буюу даваа, мягмар гарагт ихэнх нутгаар үргэлжлэн хүйтрэх боловч цаашид буюу 24-25-ны өдрүүдээс хүйтний эрч сулрах төлөвтэй байгаа талаар Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс онцолж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Зам, Тээврийн Хөгжлийн сайдын тушаалаар цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, Улиастай, Тосонцэнгэлийн замыг бүрэн хааж зохицуулалт хийсэн байна. Авто Тээврийн Үндэсний Төвөөс мэдээлснээр даваа гарагийн байдлаар бүх замыг нээгээд байгаа бол “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас 19-20-ний өдрүүдэд цаг агаарын байдал хүндхэн байгаа ч ямар нэгэн нислэг хойшлогдоогүй байна. Харин авто тээврийн хөдөлгөөн хязгаарлагдсан учраас Сэлэнгэ, Дарханы буюу хойд чиглэлийн тээвэрт зорчигчийн долоон вагон нэмж гаргасныг ”Улаанбаатар Төмөр зам”-аас мэдээлж байна.

Цаашид холын замд зорчихдоо авто тээврийн гэрээт, мөн даатгагдсан тээврийн хэрэгслээр аялахыг Авто Тээврийн Үндэсний Төвөөс анхааруулж байна. Онцгой байдал зарлаж, зам хаасан тохиолдолд тээвэрлэгч компаниуд аюулгүй байдал хангахаас гадна амь даатгалын 300 төгрөг авдаг учраас даатгалын компаниуд гарах зардлыг нөхөн төлбөр болгож шийдэх үүрэгтэй юм байна. Өөрөө хэлбэл зорчин явагчийн "Гэнэтийн ослын даатгалын гэрээ"-ний хүрээнд саатсан зорчигч, компаниуд нөхөн төлбөрийг даатгалын компаниудаас гаргуулах боломжтой ажээ.



САНАЛ БОЛГОХ