6 байршилд нисдэг тэрэг буух талбай байгуулна

Мэдээ

АSЕМ-ийн дээд хэмжээний уулзалт болохтой холбогдуулан аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдлээс хамгаалах болон эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэх зорилгоор зургаан байршилд нисдэг тэрэг буух талбай байгуулах гэж байна. Цаашид эдгээр талбайг өргөтгөж, тоог нь нэмэгдүүлэн 19 болгох бөгөөд Ерөнхий зориулалтын агаарын тээврийн хөгжлийг дэмжих, хөгжүүлэхээр Зам, тээврийн яам төлөвлөсөн байна. Одоогоор Ерөнхий зориулалтын агаарын тээврийн үйлчилгээ буюу жижиг оврын нисдэг тэргээр хийх тээврийг “Аэро Монголиа”, “Тэнгэрийн Улаач Шинэ”, “Томас эйр” зэрэг 10 компани гүйцэтгэж байна. Эдгээр компаниуд хоёроос 14 хүний суудалтай онгоцоор захиалгат нислэг үйлдэж байгаа аж. Харин 99 хувийг нь хуваарьт нислэгийн компаниуд эзэлж байна. Тиймээс хууль эрх зүйн орчны хувьд дэмжих нь чухал байгааг салбарын яамнаас онцоллоо. Ингэхийн тулд иргэний агаарын тээврийн компаниудад тавьдаг шаардлага дүрэм, журмыг жижиг онгоцоор бизнес эрхлэгч компаниудад хялбаршуулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цаашид нислэгийн сургалтын бааз бий болгохоор төлөвлөж байгаа ажээ. Монгол Улсын хувьд агаарын орон зай ихтэй буюу 1.5 сая квадрат км гэж тооцсон байдаг байна.


САНАЛ БОЛГОХ