Эмчилгээний шинэ технологи нутагшуулжээ

Эрүүл мэнд

Тархины судсан дотуур мэс засал хийснээр иргэд гадаадад эмчлүүлэх шаардлагагүй болсон

Монголын анагаах ухааны салбарт нэлээд дэвшил гарч буйг Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр- Очир хэллээ. Тус эмнэлгийн үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ий төрөлхийн болон хавсарсан гажиг, шигдээсний өвчлөл нэмэгдэж буйг эмч нар санаа зовнин хэлж байсан. Тодруулбал, жилд 70 гаруй хүүхэд зүрхний хавсарсан гажгийн улмаас мэс засалд ордог болээ. Харвалт, зүрхний шигдээс, мэдрэлийн эмгэгийг эмчилдэг гол газар нь Улсын гуравдугаар төв эмнэлэг. Сүүлийн үед тоног төхөөрөмж сайжирч, эмчилгээний арга ч улам нарийн болж байгааг эмч нар хэлж байв.


Өндөр өртөгтэй мэс заслын эмчилгээний зардлын тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргадаг болсноор өвчтөнд учрах эдийн засгийн дарамт арилсан байна.

Тус эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч Л.Аваажигмэдтэй уулзлаа. Тэрбээр “Бид тархины цүлхэнгийн хагалгааг тархийг нээж хийдэг байсан. Харин одоо судсан дотуур мэс засал хийх аргыг нэвтрүүлж, нээлттэй хагалгаа хийхээ больсон. Дандаа монгол эмч нар гардаж хийдэг. Судсан дотуур хагалгаа хийх эмчилгээний аргыг 2016 онд шинээр нэвтрүүлснээр дэлхий жишигт хүрсэн үйлчилгээ үзүүлж байгаа юм” гэлээ. Тархины судсан дотуур хагалгаа хийдэг болсноор иргэд гадаадад 100 гаруй сая төгрөг зарцуулж, эмчилгээ хийлгэдэг урсгал зогссон байна. Тархийг нээхгүйгээр мэс засал хийх нь өвчтөний биед ямар нэг шарх, сорви үлдэхгүй аж. Том зүслэг шарх үлдэхгүй учир мэс заслын дараа эмнэлэгт олон хоног ч хэвтэх шаардлагагүй. Ирэх жилүүдэд хагалгааны төрлөө сайжруулах бэлтгэл хангаж буй талаар мэс заслын эмч нар дуулгалаа.

Мөн ангографийн өндөр хүчин чадалтай аппарат тавьснаар олон шинэ хагалгаа нэвтрүүлэх бололцоотой болсон байна. Уг нь ийм аппарат мэс заслын тасаг бүрт байх ёстой ч харамсалтай нь улсын хэмжээнд ганцхан байгаа аж.

Өвчтөнийг хагалгаанд орсны дараа ухаан ормогц ар гэрийнхэнтэй нь дэлгэцээр уулзуулдаг үйлчилгээ нэвтрүүлснээр тасаг руу орох шаардлагагүй болсныг дуулгаж байсан.

Мөн тус эмнэлгийн эмч нар өнгөрсөн жил 1800 гаруй хүнд зүрхний шигдээсийн эмчилгээ хийсэн байна. Үүний 900 гаруйд судас тэлэгч суулгажээ. Ийм судас тэлэгч тавиулахын тулд 2-10 хүртэл сая төгрөг ордог бөгөөд өвчтөн өөрөөсөө төлдөг байжээ. Харин одоо төрөөс даадаг болж нийт зардлын 20 хувийг л өөрсдөө төлдөг юм байна. Нэг өвчтөн хоёр сая төгрөгийн эмчилгээ хийлгэх эрхтэй.

Зүрхний хэм алдалтыг эмчлэх аргыг Монголд нэвтрүүлж 30 орчим хүнд хагалгаа хийсэн талаар сонирхууллаа. Энэхүү зүрхний хэм алдалтын эмчилгээг гаднын орнууд 8-50 мянган ам.долларын өртгөөр хийдэг байна. Харин Монголд нутагшуулснаар Эрүүл мэндийн даатгалаас эмчилгээний зардлынх нь ихэнхийг төлдөг аж.

Энэ жил тус эмнэлэгт 20.4 тэрбум төгрөг баталснаас, есөн тэрбумын санхүүлт авчээ. 2016 оны байдлаар улсын хэмжээнд 11.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж өгснөөс 50 хувийнх нь эмчилгээг Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн хийсэн байна.


САНАЛ БОЛГОХ