Илүүдэл жинтэй хүүхэд төрөх нь бахархал биш эмгэнэл
Дэлхийн хэмжээнд чихрийн шижинтэй 285 сая өвчтөн байдаг бөгөөд 2030 онд энэ тоо 438 сая болж, 10 хүн тутмын нэг нь өвдөх магадлалтай гэж Чихрийн шижингийн олон улсын хорооноос мэдээлж байгаа юм. Монгол Улсад чихрийн шижингийн өвчлөл 1970 онд 50 тохиолдол байсан бол одоо барагцаагаар 8000 гаруйд хүрчээ. Иймээс чихрийн шижингээс хэрхэн урьдчилан сэргийлэх, эмчилгээнд ямар дэвшил гарч байгаа талаар “Диабетес” эмнэлгийн захирал И.Энхсайхантай ярилцлаа.
-Хүмүүс юунаас болж чихрийн шижингээр өвчилж байна вэ?
-Хотжилтой холбоотой өвчин учраас таргалалтаас үүдээд чихрийн шижинтэй болж байна. Сүүлийн үед хүмүүс хөдөлгөөний хомсдолтой болсон. Бараг л бие засахдаа машин унах гээд байна шүү дээ. Хооллолт, хөдөлгөөн гээд олон хүчин зүйлээс л шалтгаалж байгаа. Мөн хүнсний ногооны 80 хувийг урд хөршөөс авдаг. Хятад бол хэдэн зуун жил газар тариалан эрхэлж ирсэн учраас химийн бордоо их хэрэглэдэг. Голдуу пестицидтэй бордоо хэрэглэж байна шүү дээ. Бид бол экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх бүрэн боломжтой. Хүн хөдөлж байж глюкоз, энерги зарцуулдаг.
Сахарын өвчин бол нойр булчирхай инсулин гэх дааврыг хангалттай боловсруулж чадаагүйтэй холбоотой үүсдэг эмгэг. Хүний цусанд сахар тодорхой хэмжээнд байх ёстой. Түүнийг дээрх даавар зохицуулдаг. Дааврын зохилдлогоо алдагдсанаас цусан дахь чихэр ихэсч, олон эрхтэнд нөлөөлдөг. Хэт ихэсвэл комд ч ордог, амь насанд аюултай өвчин л дөө. Ер нь дэлхий дахинд чихрийн шижингийн өвчлөл нэмэгдэж байна.
-Чихрийн шижинтэй хүмүүс заавал хоолны дэглэм барих шаардлагатай юу? -Хятад улсад л гэхэд сахарын өвчтэй 500 сая хүн бий. Стандартын дагуу эмчилгээ хийлгээд өвчин нь хүндэрдэггүй. Гэтэл манайхан буруу эмчлээд, хөл, гараа тайруулахдаа хүрээд байна. Үүнээс гадна хоолны дэглэм хэт бариулаад, идэх эрхийг нь хязгаарладаг. Бусад оронд чихрийн шижинтэй хүмүүс тэгтлээ дэглэм бариад байдаггүй. Миний боловсрол эзэмшсэн ХБНГУ-ын үндсэн хүнсэнд төмс, цаашлаад гахай, шувууны мах ордог. Өвчтөнүүд эмчийг хүлээх зуураа хуруу шиг нарийхан зүсэж шарсан төмсийг кетчуптэй холиод л идээд сууж байдаг шүү дээ. Гэтэл манайх төмс хориод байдаг. Зарим хүн гэртээ тусдаа хоол хийж иддэг тухайгаа хэлж байсан. Ингэж болохгүй биз дээ. Хүн хорвоо дээр тийм ч удаан амьдрахгүй. Амьд байх хугацаандаа идэхийг хүссэн зүйлээ идэж л байг. Манай эмч нар ОХУ-ын сургалтаар явчихаад хоолны дэглэм сахиулаад байгаа юм. Одоо дэлхий нийтээрээ чихрийн шижинтэй хүмүүст хоолны дэглэм чанд мөрдүүлэхээ больсон.
Дэлхий дахинд эмчилгээнд таван үндсэн зарчим баримталдаг. Үүний нэг нь сахар бууруулах эм уулгах эмчилгээ юм. Гэхдээ хүн бүрийн бие махбодийн онцлог харилцан адилгүй учраас өөр өөр эмчилгээ хийх шаардлага тулгардаг.
-Чихрийн шижингийн эмчилгээ, оношилгоонд ямар дэвшил гарч байна вэ?
-Төр болохоор үнэгүй эмээр хангаж байна гээд Зүүн Өмнөд Азиас оруулж ирдэг эм өгдөг. Малайз, Индонезийн эм давамгайлж байна. Би зөвхөн Германы эмчилгээний стандартыг мөрддөг. Тэр улсын эм, тариагаар эмчилдэг. Герман бол хуурамч эм, тариа үйлдвэрлэдэг улс биш. Зүүн Өмнөд Азийн зарим компани хуурамч эм үйлдвэрлэдэг. Үүнийг дагаад чанарын асуудал сөхөгдөнө шүү дээ. Ер нь бол аюултай. Тэгэхээр дэлхийн стандартын дагуу эмчилгээ хийх нь хамгийн чухал.
Манай эмнэлэг инсулинд орсон хүмүүсийг Дани улсад үйлдвэрлэсэн тариагаар тарьдаг. Чихрийн шижинтэй хүмүүсийн эмчилгээ их нарийн байдаг. Инсулин тариаг заавал үзгэн тариураар хийнэ. Эхний ээлжинд хүйсээ тойруулж тарих ёстой гээд нарийн заавартай. Гэтэл зарим дүүргийн эмч нар вакцин хийдэг тариураар тарьж болно гэж зөвлөсөн байсан. Ингэж болохгүй л дээ. Зүү нь хүртэл арьсан доор тарихад зориулагдсан байдаг. Вакцин хийдэг тариурын зүү бол гурав дахин урт, бас бүдүүн болохоор тариа нь арьсан доор биш махандаа уусчихдаг юм. Ингэж хийвэл буруу эмчилгээ болно. Хүмүүсийн амьжиргаа сайнгүй болохоор 95 мянган төгрөгөөр үзгэн тариур худалдаж авч чадахгүй байна. Тийм болохоор би вакцины тариураар инсулинаа тарихдаа зүүг нь дутуу хийж бай гэж зөвлөдөг. Инсулин тариа богинын, уртын, холимог эмчилгээний гээд янз бүрийн үйлчилгээтэй. Гэтэл эмч нар өвчтөнүүдэд нарийн тайлбарлаж өгдөггүй. Шар өнгийн тагтай байвал богинын үйлчилгээтэй инсулин гэсэн үг. Үүнийг хүйсэндээ тарина. Урт хугацааны эмчилгээний тариа нь ногоон тагтай байдаг. Холимог тариа нь бор өнгийн. Ногоон, бор өнгийн тагтай инсулиныг гуяны гадна талын арьсан доор тарьж хэрэглэдэг. Гэтэл манай эмч нар бугалганд нь хийчихдэг. Тариаг нь буруу газар нь тарьж хэрэглээд байхаар өвчтөн улам л хордлогонд ороод, тураад доройтоод байдаг. Ингэж хүнээр дохуу хийж болохгүй биз дээ. Буруу эмчилгээ хийлгэхээр адаглаад бие нь сайжрахгүй байгаа юм. Эмч хүн өвчтөний биохимийн шинжилгээг нь хүртэл нарийн тайлбарлаж хэлэх ёстой шүү дээ. Манай эмч нар тэгдэггүй. Үнэнийг хэлэхэд юу мэдэж эмчилдэг юм бол гэж заримдаа гайхдаг юм.
Эмч, өвчтөний хамтын хүчээр ялдаг өвчин бол чихрийн шижин
-Сахарын өвчтэй хүмүүс эцсийн шатандаа орохоор хөл, гараа тайруулах, нүд нь сохрох гээд хүндрэл гардаг. Яагаад ийм болдог юм бол. Хүндрэхээс нь өмнө урьдчилан сэргийлж, эмчилж болдоггүй юм уу?
-Мэдээж би хоолны дэглэм огт бариулахгүй гэж хэлдэггүй. Эмчилгээнийхээ зарчимд хоолны дэглэм тодорхой хэмжээгээр барих шаардлагатай. Хөдөлгөөн, сургалт, хоолны дэглэм, эмийн эмчилгээ, тариа гэсэн дарааллаар чихрийн шижинг эмчилдэг. Өвчтөн бөөрний дутагдалтай, элэгний вирустэй байвал эмчилгээний тав дахь зарчим инсулин тариаг хийхээс өөр аргагүй байдаг. Эмч нар хүмүүст дандаа буруу ойлголт төрүүлдэг. Таны өвчин сүүлийн шатандаа орсон тул инсулин тариулахаас өөр аргагүй гээд хэлчихээр хүн сэтгэлээр унадаг. Би ер нь үхэх гэж байгаа юм байна. Инсулин тарианд орлоо гэж ойлгодог. Ингэж хэлж болохгүй.
Инсулин олон янз байдаг учраас эмчилгээнийхээ зарчмын дагуу л хийх ёстой. Барууны орнуудад мөрддөг стандартаар эмчлэхэд хөл, гараа тайруулах хэмжээнд хүртэл хүндэрдэггүй. Тухайн өвчтөний чихрийн шижинг хүндрүүлэхгүйгээр бариад байх боломжтой. Гэхдээ эмч мянга хичээгээд өвчтөн замбараагүй байгаад байвал өөрөө л хохирно. Тэгэхээр эмч, өвчтөний хамтын хүчээр ялдаг өвчин бол чихрийн шижин. Анхнаасаа манай эмнэлгээр оношлуулаад эмчлүүлж байгаа хүмүүс хүндрээгүй олон жил явж л байна. Дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар үнэхээр хариуцлагагүй. Тиймээс л хөлөө тайруулах, нүд нь сохрох хүртлээ хүндэрч байгаа юм. Миний хувьд барууны стандарт ямар байна тэр жишгээр л эмчилдэг.
-Таны ярианаас манай улсын эмнэлгүүд эмчилгээний стандарт мөрддөг, эсэх нь эргэлзээтэй санагдлаа. Дэлхийн стандартыг мөрдөж чадаж байна уу?
-Стандарт эмчилгээг огт мөрдөхгүй байгаа юм биш. Эмч нарын мэдлэг, мэргэжил гологдоод байна. Нас ахисан эмч нар болохоор хойд хөршийн сургалтын зарчмаасаа салж чаддаггүй. 1970-1980-аад онд мөрдөж байсан стандартаараа л эмчилгээ хийгээд байна. Гэтэл дэлхийн анагаах ухаан хөгжөөд байна шүү дээ. Чихрийн шижинтэй хүмүүс сард нэг удаа дүүрэг, аймгийнхаа эмнэлэгт очиж тариагаа авдаг. Хяналтын эмч, эсвэл сувилагч нь тариаг нь өгөхдөө яаж хэрэглэхийг нь зааж өгдөггүй.
Жишээлбэл, өвчтөнд өмнөх сард нь гурван тариа өгсөн бол дараа сард нь хоёрыг өгөх ёстой. Яагаад нэг тариа нь хасагдсан талаар тайлбарлахгүй болохоор хүн гайхах нь ойлгомжтой биз дээ. Манай эрүүл мэндийн байгууллагуудын харилцаа хандлага үнэхээр бэрхшээлтэй учраас өвчтөнүүд залхдаг. Хамгийн аюултай нь тариаг нь хаана, ямар тунгаар хийхийг нь зааж тайлбарлаж өгөхгүй болохоор өвчтөн гуяныхаа гадна талын арьсанд хийх ёстой байсан тариаг хүйсэндээ тарьчихдаг. Ингээд л эмчилгээний стандарт алдагдаж байгаа юм.
-Эмчилгээний стандарт мөрдөөд явахад хоолны дэглэм барих шаардлагагүй гэсэн үг үү?
-Хоолны дэглэм гэхээр цагаан будаа, төмс идэж болохгүй гэж манай эмч нар хэлдэг. Гэхдээ тодорхой хэмжээгээр идэж болно шүү дээ. Эмчилгээнд нөлөөлдөг нэг зүйл нь сэтгэл засал. Өвчинд дарлуулаад, арга нь барагдаад ирж байхад нь эмч учиргүй загнаад, элдвээр хэлээд байвал өвчтөнд ямар санагдах нь тодорхой. Харилцааны соёл үнэхээр дутагддаг. Орчин цагт зарим эмч хүний нинжин сэтгэл алга болж. Дандаа эм, тариагаар бөмбөгдөхдөө гол нь биш. Сэтгэл засал хамт явдаг байхгүй юу. Сайхан хүлээж аваад, бүх зүйлийг нь сонсоод, эмчилгээг нь бичээд тайлбарлаад өгөхөөр ядраад орж ирсэн хүн “Эмч ээ би үнэхээр сайхан боллоо” гээд урам ороод явдаг. Би хоолны дэглэм нарийн мөрд гэж зовоодоггүй. Нарийн мэргэжлийн эмч гэсэн нэр зүүсэн л бол чихрийн шижинтэй хүмүүсийг хөлтэй, нүдтэй, бөөртэй явуулахын төлөө зүтгэх л ёстой.
-Зарим хүн чихэр, шоколад их идэхээр сахарын өвчтэй болдог гэсэн ойлголттой байдаг?
-Чихрийн шижин бол элэг, цөс, нойр булчирхай гурвын өвчин. Хоол боловсруулах эдгээр эрхтэн маш нарийн перментүүдийг ялгаруулдаг. Элэгний вирустэй, бөөрний дутагдалтай хүний ходоодны ханан дахь В, Т эс мөхөж сөнөөд байдаг юм. Энэ эс инсулин гэдэг дааврыг ялгаруулж чадахгүй болохоор чихрийн шижин үүсдэг. Сүүлийн үед элэг, бөөрийг шилжүүлэн суулгадаг боллоо. Гэвч нойр булчирхайг шилжүүлж чадахгүй байна. В, Т эсийг хаанаас гаргаж авах вэ гэдгийг олохгүй байгаа учраас л нойр булчирхайг шилжүүлэн суулгаж чадахгүй байгаа юм. Түүнчлэн архидалтаас болж нойр булчирхай үрэвсдэг. Энэ бүхэн чихрийн шижин болоход нөлөөлнө.
-Та нэг удаа жирэмсэн үеийн чихрийн шижингийн тухай ярьж байсан. Энэ нь нууц хэлбэртэй учраас өвчтөн мэддэггүй гэсэн байх аа?
-Жирэмсэн үеийн чихрийн шижингээс болоод том хүүхэд төрдөг. Хүмүүс манайх таван кг хүүхэд төрлөө бөх болох нь гэж ярьдаг. Энэ бол бахархал биш эмгэнэл. 3.9 кг-аас дээш жинтэй хүүхэд гарвал ээж нь чихрийн шижинтэй байсан. Хүүхэд нь төрөлхийн чихрийн шижинтэй төрж байна гэж ойлгох хэрэгтэй. Жирэмсэн үеийн чихрийн шижин эхээс урагт дамждаг учраас төрөлхийн өвчтэй хүүхэд гарна гэсэн үг. Харамсмаар байгаа биз. Эмэгтэйчүүдийн эмч нар жирэмсэн эхчүүдийн сахарыг заавал хэмжиж үзэх ёстой. Глюкоз өндөр гарах л юм бол чихрийн шижинтэй байна гэсэн үг. Гэтэл зарим эмч мэддэггүй.
-Тэгвэл сахарын өвчин их олон янз байдаг гэсэн үг үү?
-Нэгдүгээр хэлбэрийн, жирэмсэн үеийн, халдвараар үүссэн гээд олон ангилалтай.
-Нойр булчирхайг хонины салбантай сархинагаар эмчилдэг гэж хүмүүс яриад байгаа. Энэ хэр үнэн бэ, эмчлэгдэх боломжтой юу?
-Хэн ч өвчний зовиураас салахыг хүснэ. Тарваганы хүн мах идлээ, салбантай сархинагаар шөл хийж уудаг гээд олон л зүйл хэрэглэдэг юм билээ. Ийм зүйл хэрэглэсэн хүмүүс ч надад хандаж л байсан. Бүх хүний бие адилгүй. Доржид таарсан зүйл Батаад таарахгүй. Хүмүүс хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байна. Энэ ч гэсэн сайн биш.Хэт таргалалттай хүмүүс тураах бэлдмэл их хэрэглэдэг.
-Чихрийн шижинтэй хүмүүс тураах бэлдмэл хэрэглэх нь хэр зөв бэ?
-Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, тураах бэлдмэлүүд бол хор. Сүлжээний бизнес хийдэг хүмүүс надтай уулзаад эмээ зарж өгөөч гэсэн санал тавьдаг. Би хүлээж авдаггүй. Би дэлхийн стандартын эмчилгээнд л итгэдэг. Түүнээс нийт даяар шуураад байгаа сүлжээнд орж, хүн элсүүлээд залилан хийгээд суух үнэхээр дургүй. Тураах бэлдмэл хэрэглэж турж байхаар өөрийнхөө оюун санаагаар жин хасах хэрэгтэй шүү дээ. Хэвлийн таргалалттай хүмүүс багадаа хоолойн ангинаар өвчилж байгаагүй бол алчуур хүйтэн усаар норгоод хэвлий рүүгээ цохих аргыг хэрэглэж болно. Энэ дасгал хэвлийн өөхийг задалж, өөхөн таргалалтыг бууруулдаг. Мөн булчин чангарна. Тарга бол өвчин. Жингээ барихын төлөө л зүтгэх хэрэгтэй. Фитнест явж хүнд дасгалууд хийгээд турна гэж ойлгодог. Хүчний дасгал биеийг улам ядраадаг. Ингэснээс өглөө, оройд 15 минут алхах нь хамгийн хялбар дасгал болно.
-Чихрийн шижинтэй хүмүүс эмчилгээнд маш их мөнгө зарцуулдаг болохоор эдийн засгийн дарамтад өртөж байна. Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлэх боломж хэр байдаг вэ?
-Сахарын өвчнөөс болоод хүмүүс бөөрний дутагдалд ордог. Гэвч диализийн аппаратад ороход чамгүй мөнгө зарцуулдаг байлаа. Харин диализийн эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалаас төлөхөөр болсон. Энэ бол хамгийн сайхан мэдээ. Чихрийн шижинтэй өвчтөнүүдэд сайн хөнгөлөлт үзүүлж чадахгүй байна. Германы эм үнэтэй л дээ. Тэр бүр авч хэрэглэхэд бэрхшээлтэй байдаг. Би эхлээд Германы эм өгч сахарыг нь хэвийн байдалд хүргээд, дараа нь төрөөс өгдөг үнэгүй эмийг уухыг зөвлөдөг. Гэхдээ төрөөс өгч байгаа эм Индонез, Малайзынх гэхээр нэг л гологдоод байдаг юм.
-Сахартай хүмүүс үзгэн тариурыг биедээ байнга авч явах хэрэгтэй юү?
-Тийм. Үзгэн тариурыг биеэсээ салгаж болохгүй. Би чихрийн шижин өвчтэй хүний өдрийн тэмдэглэл гэж дэвтэр гаргасан. Энэ дэвтэр дээр эмчилгээнийхээ тэмдэглэлийг бичих ёстой. Бас дэлхийн улс орнуудад чихрийн шижинтэй хүн биедээ авч явдаг диабет паспорт гэж бий. Энэ паспортыг яагаад гаргасан гэхээр АНУ-ын Худалдааны төвийг нурааснаас хойш онгоцонд шингэн зүйл оруулахаа больсон. Тиймээс Дэлхийн диабетын холбоо чихрийн шижинтэй хүмүүст зориулсан паспорт үйлдвэрлэсэн. Тус холбоотой манай эмнэлэг хамтраад монгол өвчтөнүүдэд энэ паспортыг хийж өгч байгаа. Ийм паспортгүй бол онгоцонд суухад инсулин тариаг ачаанд өг гэсэн шаардлага тавьдаг. Монголоос бусад оронд энэ дэвтрээ үзүүлээд үзгэн тариур, тариагаа онгоцонд чөлөөтэй авч явж болдог болсон. Ганцхан Монгол л зөвшөөрөхгүй байгаа.