ХАРАНГА ДЭЛДЭХ ДЕЛЬТА ВИРУС

Эрүүл мэнд
Элэгний В вирустэй хүмүүс Д буюу дельта вирусийн шинжилгээг заавал өгөх хэрэгтэй

Элэг нь хүний биеийн хамгийн том булчирхай бөгөөд хамгийн том цуллаг эрхтэн. Эрэгтэй хүний элэг ойролцоогоор 1.8, эмэгтэй хүнийх 1.3 килограмм байдаг. Элгийг гэмтээдэг А, В, С, D, E, F, G. TT, Sin гэхчлэн 10 гаруй вирус бий. Эдгээрээс архагшдаггүй вирус нь А, Е юм. Харин С, В, Д вирусийн халдвар өргөн тархалттай байгаа талаар эмч нар хэлж буй. Манай улсад элэгний С вирус архаг халдвартай хүмүүс эмчилгээнд хамрагдаж байгаа. АНУ-ын “Гилеад сайнс” болон “Майлан” компанийн үйлдвэрлэсэн Софосбувир/Ледипасвир (Харвони болон Ледвир) эмийг эмчилгээнд нэвтрүүлээд байгаа билээ. Бид элэгний өвчлөл болон Софосбувир/Ледипасвир (Харвони болон Ледвир) эмийн үр дүнгийн талаар “Оном” сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга доктор Д.Наранбаатартай ярилцлаа.

 - Хүний элэг гэмтэж, ажиллагаагүй болбол  эрүүл мэндэд ямар өөрчлөлт гардаг вэ?

 - Хар үгээр хэлбэл элэг нь хүний биеийн  цэвэрлэх байгууламж юм. Хорыг шүүж,  цусыг цэвэршүүлдэг, бодисын солилцоонд   гол үүрэг гүйцэтгэдэг эрхтэн. Элэг  гэмтэж, ажиллагаагүй болбол хүний бусад  эрхтэнүүдийн үйл ажиллагаа доголддог,  хүн амьд байх бололцоогүй шүү дээ. Эрүүл мэнд, спортын яамнаас гаргадаг тоо баримтаар, Монгол Улсад элэгний хорт хавдраар жилд 1600 гаруй хүн нас барж байна. Зөвхөн элэгний хорт хавдраар шүү дээ. Үүн дээр нэмээд элэгний хатуурал буюу циррозын улмаас жилд 1000 гаруй хүн нас барж байна. Өөрөөр хэлбэл, 2600 гаруй монгол хүн зөвхөн элэгний өвчин эмгэгээс болж нас бардаг. Тэгэхээр өдөрт долоон хүн хорвоог орхиж байна гэсэн үг. Монгол Улсад маань дайн дажин болоогүй шүү дээ.

- Энэ их нас баралтын гол шалтгаан нь юу вэ?

- Гол шалтгаан нь элэгний вирус! Монголчууд байгаль нь хортойдоо эсвэл ус нь хортойдоо, учиргүй их мах иддэгтээ ингээд элэгний хорт хавдар, хатуурлаар нас бараад байгаа юм биш шүү дээ. Хавдар судлалын үндэсний төв дээр хийсэн судалгаагаар 100 хүн элэгний хорт хавдар, хатууралтай байхад, тэдний 90 нь элэгний вирусийн архаг халдвартай байгаа юм. Вирустэй хүн архи уувал бүр гамшиг болох нь тодорхой.

- Элэгний вирус гэж ер нь юу юм бэ. Халдвар нь хэрхэн илэрдэг вэ?

- Элэгний вирус бол хүний биед байх ёсгүй, маш жижиг хэмжээтэй амьд биет. Хүний биед цусаар дамжиж ороод элэгний болон бусад эсийг гэмтээдэг вирусууд байгаа юм. Элэгний вирусийн халдвар нь зарим тохиолдолд цочмогоор мэдрэгддэг. Гэхдээ ихэнх тохиолдолд юу ч мэдэгдэхгүй нууцлагдмал байдлаар халдварладаг. Халдварт өвчин судлалын үндэсний төвд жилд 800 орчим хүн В, 150 орчим хүнд С вирусийн цочмог байдлаар өвдөж эмчлүүлдэг. Гэтэл үүний цаана шинж тэмдэг нь илэрдэггүй олон мянган тохиолдол бий. Мэдэгдэхгүйгээр хэчнээн хүн халдвар авч байгааг тогтооход түвэгтэй. Тэгэхээр ердөө мөсөн уулын орой нь харагдаж байна гэсэн үг. “Оном” сан болон Элэгний төвийн эрдэмтэд 2013 онд санамсаргүй түүврийн аргаар үндэсний хэмжээнд судалгаа, хийсэн. Элэгний В вирусийн архаг халдвар бүх насны ангилалд дунджаар 10 хувьд нь илэрч байна. Уг вирусийн хамгийн өндөр халдвартай ангилалд 28- 32 насныхан багтаж байгаа. Энэ насныхны 16 хувь нь В вирусийн архаг халдвартай байна. С вирусийн халдвартай иргэдийн дийлэнхийг 40-өөс дээш насныхан эзэлдэг. Монгол Улсад 400 гаруй мянган хүн элэгний вирусийн архаг халдвартай байна. Үнэхээр элэг эмтлэм тоо шүү дээ.

- Сүүлийн үед элэгний дельта вирусийн халдвар өндөр тархалттай байна гэж яриад байгаа. Дельта вирус гэж ямар халдварыг хэлээд байна вэ?

- Элэгний Д буюу дельтагийн нь хүний элэгний вирусуудийн хамгийн хүнд хэлбэр нь юм. Өөрөөр хэлбэл, хамгийн хурдан хугацаанд элэгний хатуурал, хорт хавдарт хүргэдэг. Д нь согогтой вирус учраас зөвхөн В вирусийн архаг халдвартай хүмүүст л халддаг. Гурван сая хүнтэй Монгол Улсад уг вирусийн халдвартай 120 мянган хүн бий. Гэтэл 740 сая хүнтэй Европийн холбооны улсад элэгний Д вирусийн халдвартай 120 мянган хүн байна. Энэ харьцуулалтаас элэгний Д вирусийн халдвар Монгол Улсад аюулын харанга дэлдээд байгааг харж болохоор. Тиймээс В-гийн халдвартай хүмүүс дельта вирусийн шинжилгээг заавал өгөх хэрэгтэй. Харамсалтай нь, элэгний Д вирусийн эсрэг эмчилгээ муу байна. Гэхдээ энэ байдал удахгүй өөрчлөгдөнө. Шинжлэх ухаан хөгжиж байна. Үүний нэг жишээ нь манай сан болон Элэгний төвийн эрдэмтэд бидний урилгаар элэгний Д вирусийн шинэ эмчилгээг нээсэн нэрт эрдэмтэн, АНУ-ын Станфордын их сургуулийн профессор Жэффри Глэнн манай улсад ирж байгаа. 2016 оны зургадугаар сарын 22-нд МУИС-ийн дугуй зааланд олон нийтэд зориулсан үнэ төлбөргүй, нээлттэй лекцтэй. Элэгний Д вирусийн эсрэг эмчилгээний талаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэл өгнө.

- Тархалтыг яавал зогсоох боломжтой вэ?

- Элэгний В, С, Д вирусууд нь цусаар дамжиж халдварладаг. Элэгний вирус бол ДОХ-ын вирусээс ч аюултай. Элэгний С вирус цусаар дамжих чадвараараа ДОХ-ын вирусээс 10 дахин илүү, В вирус 100 дахин, Д вирус хэдэн мянга дахин илүү халдвартай. В, С болон В, Д вирусийн давхар халдвартай мөн В, С, Д вирусийн гурвалсан халдвартай хүн маш олон байгааг бид анхаарах хэрэгтэй. Энэ бол аюулын харанга юм. Тиймээс арьс салст гэмтээсэн мэс ажилбаруудад маш хянуур хандах хэрэгтэй. Үүнд, Хөмсөг шивүүлэх, шивээс хийлгэх, мэс ажилбарууд, шүдний эмчилгээ, цус солиулах, тариулах, хануур хийлгэх гээд л. Мөн ахуйн хүрээнд шүдний сойз, сахлын татуурга дамжуулж хэрэглэхгүй байхыг зөвлөмөөр байна. Эцэст нь элэгний вирусууд нь бэлгийн замаар халддаг гэдгийг анхаараарай. Шинжилгээ өгөөд В вирусийн халдваргүй гарвал гурван тун вакцин хийлгэчих хэрэгтэй. Тэгвэл В вирусийн халдвараас 10 жил хамгаалагдана.

- Элэгний вирусийг уламжлалт аргаар эмчлэх боломжтой юу?

- Элэгний вирусийг ардын эмчилгээ, сүлжээний эм зэргээр анагаах ямар ч боломжгүй. Мөн адууны хөх хомоолоор, хатгаж ханаад эмчлэх бололцоогүй. Тэгэхээр мэргэжлийн эмч, эмнэлэгт л хандах ёстой. -Софосбувир/Ледипасвир (Харвони болон Ледвир) эмийн эмчилгээ манай улсад нэвтрүүлж байгаа. Энэ эмийн үр дүн ямар байна вэ? -Вирусийн эсрэг шууд үйлчилгээтэй, генийн түвшинд ажилладаг эм дэлхийн шинжлэх ухаанд байхгүй байсан. 2006 онд софосбувир эмийг анх нээж олон жилийн туршилт судалгаагаар гайхалтай үр дүнтэй гэдэг нь батлагдаж, 2014 онд эмчилгээнд нэвтрүүлсэн. Энэ бол шинжлэх ухааны гайхалтай том амжилт.


Ардын эмчилгээ, сүлжээний эм зэргээр анагаах ямар ч боломжгүй
Уг эмийг нээсэн эрдэмтэд удахгүй Нобелийн шагнал хүртэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Дэлхийн шинжлэх ухаанд гарсан энэ гайхалтай ололт, нэн шинэ эмийг манай иргэд хамгийн хямд үнээр авч эмчлэх боломж бүрдэж байгаа нь завшаантай хэрэг юм.

“Эрүүл элэг” хөтөлбөрийн “Элэг бүтэн монгол-2020” зорилтын гол хэсэг нь элэгний С вирусийн голомтыг 2020 он гэхэд устгахад оршиж байгаа. 2016 оны тавдугаар сард ДЭМБ- ын 69 дүгээр чуулганаар 194 гишүүн орон санал нэгтэйгээр 2030 он гэхэд дэлхий даяар элэгний С вирусийн голомтыг устгах шийдвэр гаргасан. Монгол Улсын хэмжээнд элэгний С вирусийн халдвартай 150 мянган хүнийг эмчилгээнд хамруулах хэрэгтэй байгаа. Ийм тооны хүнийг эмчлэх эдийн засгийн тооцоог нь гаргаж үзэхэд ирэх дөрвөн жилийн хугацаанд 160 орчим тэрбум төгрөг зарцуулагдах бөгөөд энэ нь ердөө 130 орчим километр зам тавих л мөнгө юм. Тэгэхээр бидний өмнө 130 км зам хэрэгтэй юу, 150 мянган хүнийг эмчилж бүрэн эдгээх хэрэгтэй юу гэсэн сонголт бий. Сайхан замтай байх сайхан. Гэхдээ эрүүл монгол хүн бидэнд бүр ч илүү хэрэгтэй гэж бодож байна.


САНАЛ БОЛГОХ