Өдөр бүр Дракертай хамт: Удирдлагын шударга байдал №1

Зөвлөгөө

 Байгууллагын уур амьсгал дээрээсээ бүрддэг

“Өдөр бүр Дракертай хамт” номноос “Удирдлагын шударга байдал” хэсгийг онцолж байна. “Байгууллагын уур амьсгал дээрээсээ бүрддэг” хэмээн үүнд тодорхойлжээ. Зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээлийн эхний хичээл танд ийн хүрч байна. ”Өдөр бүр Дракертай хамт” ном нь Питэр Ф.Дракерын бүтээлүүдийн гол санаануудыг багтаан хураангуйлан гаргасан бүтээл юм. Үр бүтээлтэй захирлын ширээний ном болох энэхүү бүтээл нь гүйцэтгэлд чиглэсэн болохыг Питэр Ф.Дракер тодотгосон байна. Тэрбээр “Сайнаас агуу руу” номын зохиолч Жим Коллинз-д “Өөрийгөө дайчилж хүмүүст тустай нэгэн бол” гэж хэлсэн тухай Жим Коллинз хожим нь өгүүлсэн байдаг. Питэр Ф.Дракер нь менежментийн ухааныг үндэслэгч бөгөөд ХХ зууны сүүлийн хагасын менежментийн хамгийн нөлөө бүхий сэтгэгчдийн нэг юм.

-Удирдлагын чин сэтгэл, буурь суурьтай байдлын баталгаа нь хувиршгүй шударга зан төлөв юм. Энэ нь ялангуяа удирдлагуудыг “хүн”-тэй холбоотой шийдвэр гаргахад харагдаж байх ёстой. Учир нь тэдний зан төлөв манлайллын үлгэр болж, бусад нь даган дуурайдаг. Зан төлөв гэдэг нүд хуурч болохоор зүйл биш. Хамт ажилладаг, тэр тусмаа нэг багт ажиллаж байгаа хүмүүс хэдхэн долоо хоногийн дотор тухайн хүнийг шударга, эсэхийг олоод мэдчихэж чаддаг. Тэд хүний авьяас чадваргүй байдал, хайхрамжгүй зан, өөртөө итгэлгүй, бүдүүлэг байдлыг хэлтрүүлж өнгөрөөх ч шударга бус зан чанарыг уучилдаггүй. Мөн тухайн хүнийг сонгосон удирдах албан тушаалтныг ч уучилдаггүй.

Ялангуяа байгууллагын дээд шатны удирдах албан тушаалтнуудын хувьд энэ нь бүр ч эгзэгтэй. Байгууллагын уур амьсгал дээрээсээ бүрэлддэг. Уур амьсгал таатай байвал, удирдах албан тушаалтнуудын уур амьсгал сайхан байсны үр дүн гэсэн үг. Хэрэв уур амьсгал муу бол, “мод оройгоосоо ялзардаг” гэгчээр дээрээсээ өмхийрч байна гэж ойлгож болно. Ажилтнууддаа үлгэр жишээ болохуйц зан төлөвгүй хүнийг удирдах албан тушаалд томилох хэрэггүй.

Гүйцэтгэх зүйл: Хэрвээ танд ажлын байрны санал ирвэл юун түрүүнд тухайн байгууллагын гүйцэтгэх захирал болон дээд шатны удирдлагуудын зан төлөвийг судла. Шударга хүмүүстэй л хамтран ажилла.


САНАЛ БОЛГОХ