Хотын ферм

Экологи

Тариалангийн уламжлалт арга барил усны гачигдалтай нүүр тулж, бид хүнсний түгээлтэд зарцуулж буй зардлаа бууруулах хэрэгцээ эрс нэмэгсэн энэ үед орон зайн хувьд босоо зохион байгуулалттай хотын ферм нэгэн онцгой шийдэл болж байна. Өнөөдөр дэлхий дахинаа ийм хотын ферм 200 орчим бий.

Японы хүний нөөцийн олон улсын зөвлөх үйлчилгээний “Pasona” групп Токио хотын төвд орших байрныхаа гол танхимд цагаан будаа тариалж, хурлын ширээн дээрээ улаан лоолийн ороонго мөчир өлгөж, уулзалтын өрөөгөө нимбэг болон хүслийн жимсний бутаар чимж, семинарынхаа өрөөнд салатны навч ургуулж байна.

“Pasona” групп есөн давхар төв байраа ажлын орчин дахь хамгийн том ферм болгосон нь энэ юм. Эндхийн ажилчид ажлын байрныхаа 20 орчим хувийг тариалангийн талбай болгож, ажлаа зэрэгцэн хийх болов. Ургамал, ногоогоо хөрсөнд ч, усанд ч ургуулж буй уг фермд нийт 200 гаруй төрлийн жимс, ногоо, будаа болон бусад төрлийн ургамал ургуулж байна. Ажилчид нь ногоогоо өөрсдөө тарьж, хураан авч, хүнсэнд хэрэглэхэд бэлтгэж өгдөг аж.

Ферм ургамал болон хөрс, агаарын чийг, температур, агаарын урсгалыг бүхэлд нь хянах уур амьсгалын системтэй. Ингэснээрээ ажилчдын эрүүл мэнд, ургамал ургах таатай орчныг бүрдүүлж чадсан байна. Мөн өдрийн болон LED гэрэл байрлуулж, автомат усалгааны систем суурилуулжээ. Олон наст цэцэг, жүржийн модоо давхар шилэн фасад бүхий тагтан дээрээ тариалдаг байна. Гадаад орчноос тодорхой хэмжээгээр хамааралтай ургадаг эдгээр ургамал нь гадаад орчныг халхлахгүйгээр оффисын ханыг амьд ногоон болгох ач холбогдолтой гэнэ.

“Pasona” группийнхэн энд тариалсан ургамал, тариагаараа байгууллагынхаа хүнсний хэрэгцээг хангадаг. Ингэснээрээ хүнсний түгээлтийн тогтолцоог илүү тогтвортой болгож, эрчим хүч болон тээврийн зардлаа бууруулжээ. Ажлын байраа түрээсэлдэг энэ группийн хувьд тариан талбай нь зардал ихтэй нь мэдээж. Гэвч хотын ферм, ажилчдын ажлын орчныг дээшлүүлэх бас нэг боломж нь ногоон ажлын байр гэдгийг хүмүүст ойлгуулах нь энэ зохион байгуулалтын хамгийн гол үр дүн гэж үзжээ.

Хараа болон гоо зүйн хувьд үлэмж сайн гэгдэх энхүү орчин нь хотын иргэд тариа ногоо ургуулах, фермийн үйл ажиллагааг ямар нэг байдлаар өдөр тутамдаа эрхэлснээр ажлын байрандаа сэтгэл зүйн хувьд эрүүл, бүтээлч, амар тайван байх боломжтой юм.

Судалгаагаар хотын оршин суугчид амьдрах хугацааныхаа 80 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг байна. Ургамал агаарын чанарыг дээшлүүлснээр ажилчдын бүтээлч байдлыг 12 хувиар нэмэгдүүлдэг аж. Мөн ажлын байранд хууч өвчин хөдлөхгүй байх, тав тухыг нь 23 хувиар тэтгэдэг. Тэрчлэн шалтгаангүйгээр ажлаа таслах нь ч багасдаг байна. Үүний зэрэгцээ ажилчид хоорондын харилцааг сайжруулж, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай юм.

САНАЛ БОЛГОХ