Өнгөрсөн жилийнхээс бага зэрэг сэрүүн зун болно

ЗГМ: Тодруулга

Дэлхийн агаарын дундаж хэм зогсолтгүй нэмэгдэж, өнгөрсөн жил түүхэнд байгаагүй халуун зун болсон. Европт 40, Ойрхи Дорнодод 50 хэм хүртэл халж, олон жилийн дунджаас 0.94 хэмээр илүү халсан билээ. Харин Монгол орны цаг агаар 1940 оноос хойш буюу 70 гаруй жилийн хугацаанд дунджаар 2.1 хэмээр дулаарч, хур тунадас 10 орчим хувиар буурсан байна.

Ирэх сард болон энэ зуны турш цаг агаарын төлөв ямар байх талаар Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх хэлтсийн технологич Ч.Сарантуяагаас тодрууллаа.

-Ирэх сард цаг агаарын төлөв ямар байх вэ?

-Тавдугаар сард ихэнх нутгаар сэрүүвтэр байна. Хур тунадас нутгийн хойд хэсэг болон зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу орох төлөвтэй. Харин баруун өмнөд хэсгээр дунджаас бага орно. Ер нь тавдугаар сард уулархаг нутгаар дунджаар 5- 9, говийн нутгаар 15-19, бусад нутгаар 14-19 хэм дулаан байдаг. Хур тунадас говийн нутгаар дунджаар 3-11, бусад нутгаар 12-20 мм унадаг.

-Зуны эхээр хур тунадас хэр орох вэ?

-Нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиувтар хур тунадастай. Нутгийн хойд хэсгээр илүү дулаан байна.

-Долдугаар сард өмнөх жилүүдтэй харьцуулахад хэр дулаан байх бол?

-Зуны дунд сард нутгийн хойд хэсэгт дунджаар 12-17, говьд 22-27, бусад нутгаар 17- 21 хэм дулаан байдаг. Энэ зун олон жилийн дунджаас 0.5-1 хэмээр дулаан байх төлөвтэй. Өөрөөр хэлбэл, цаг агаар өнгөрсөн зуныхаас бага зэрэг сэрүүн байна. Үүнээс илүү нарийвчилсан төлөв байдлын мэдээлэл одоогоор гараагүй байна.

-Өнгөрсөн зун олон жилийн дунджаас хэр дулаан байсан бэ?

-Баруун, төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас 2-4 градус дулаан байсан.

САНАЛ БОЛГОХ