Инновациар ангасан уул уурхай

Нийтлэлчийн булан

Ирээдүйд уул уурхайн салбарыг инноваци өнгөлөх нь

Тоглоомын дүрэм өөрчлөгдөж байна. Итгэмээргүй ч, ирээдүйд уул уурхайн салбарыг инноваци өнгөлөх нь. Эрэлт дагасан зах зээлийн хууль үеэ элээж, технологийн хүч ноёрхох цаг иржээ. Хэнд шинэ санаа, шилдэг технологи байна, тэр хүн уул уурхайг удирдах нь. Магадгүй, технологи түүхий эдийн үнээс ч илүү нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Учир нь инноваци хэмээх ид шид эргэлзээгүй энэ талбарт хувьсал авчирлаа.

Өдгөө технологи, инноваци уул уурхайн салбарын гол хүчин зүйлийн нэгд тооцогдож байна. Гэвч жил ирэх тусам технологи болон уул уурхайн хамаарал улам л нягтарч, хүзүү, сээрээрээ хэлхэгдээд байна. Үүнийг гадарласан уул уурхайн том тоглогчид олон жилийн өмнөөс тоглоомын дүрмээ шинэчилж эхэлсэн. Түүхий эдийн ханш харуулддаг байсан тэд өртгөө бууруулах шинэ арга олжээ. Тэр нь зардал бууруулж, бүтээмж өсгөдөг технологийн хүч.

“Rio Tinto”, “BHP Billiton” гээд дэлхийн уул уурхайн тэргүүлэгчид технологийг “шүтэж”, инновацид итгэл хүлээлгэж эхлэв. Үүгээр ч зогсохгүй өндөр өртөгтэй технологи, инновацид гар татсангүй. Ирээдүйд ашиг авчрах “шидтэн” хэмээн үзэж, үлэмж хэмжээний хөрөнгө зарцуулаад байна. Хэдийгээр томоохон компаниуд энэ чиглэлд хийсэн хөрөнгө оруулалтаа ил тодоор дэлгэдэггүй ч олон тэрбум ам.доллараар хэмжигддэг. Инновацид хийсэн хөрөнгө оруулалтаараа уул уурхайн салбарыг “Rio Tinto” групп хошуучилдаг.

“BAEconomics”-ийн судалгаагаар өнгөрсөн найман жилийн дотор “Rio Tinto” групп Австрали дахь нэг төслийн технологид 1.5 тэрбум австрали доллар зарцуулжээ. Гэвч энэ мөнгөнийхөө төлөө тэд харамсаж байгаа ч юм алга. Учир нь энэ шинэчлэл нь зарцуулсан хөрөнгөнөөс нь илүү хэмнэлтийг тэдэнд авчирч буй тул гар татдаггүй. Технологийн дэвшил нь бүтээмж өсгөж, зардал бууруулдаг. Тиймээс инновацид зарцуулсан мөнгөө эргүүлээд олчих нь хэмээн пээдгэр суудаг байна. Энэ нь ч үнэн.

Дэлхийн ургадаггүй баялаг гэгддэг түүхий эдийн нөөц дундарч байгаа. Манай гараг даяар тонн хөрсөнд агуулагдах эрдсийн агууламж буурч буй нь сүүлийн 10-аад жилд тод ажиглагджээ. Тухайлбал, ил аргаар олборлох зэсийн орд, уурхайн тоо дэлхий дахинд буурч байна. Ингэснээр шаргал металлыг олох, олборлох нь улам нарийн түвэгтэй болсоор. Манай “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой”-н зэсийн хүдрийн агуулга 1.2-2 хувьтай тэнцдэг. Үүнээс бага агуулгатай ордыг бид эдийн засгийн үр ашиггүй хэмээж, төдий л тоодоггүй. Гэтэл олон улсад үүнээс бага агуулгатай хүдрийг эргэлтэд оруулаад эхэлжээ. Мэдээж, технологийн хүчээр энэ бүгдийг хийсэн. Инноваци шингэсэн технологи салбарыг ийнхүү итгэмээргүй өөрчилж байна. Уул уурхайн тоглогчид яагаад технологийг шүтээд буйн шалтгаан нь энэ. Үүнээс гадна эрдсийг ялгаж, боловсруулах нь улам хялбар болж байна.

Тухайлбал, зэс боловсруулах технологи олон шаттай. Газрын гүнд тэсэлгээ хийж, зэсийн хүдрийг маш өндөр зардлаар дээш гарган, буталж термдээд, химийн урвалд оруулж, боловсруулдаг. Тэгвэл өдгөө илүү хялбар, хямд төсөр аргаар зэс, алтыг ялгадаг технологи нэвтэрчээ. Бас бактериологийн аргаар ч ялгаад эхэлсэн байна. Уул уурхайн компаниуд геологи, хайгуулд үлэмж хөрөнгө оруулалт зарцуулдаг. Гэтэл одоо цахилгаан гүйдлээр скандаж, байгалийн баялгийн нөөцийг тодорхойлдог болчихож. Ийнхүү инноваци уул уурхайд хувьсал авчирч байна. Багаар бодоход л үнийн уналтыг ажралгүй давах шалгарсан арга юм. Дэвшилтэт технологи нь хэмнэлт, үр ашиг авчирч бууруулж, өрсөлдөх чадварыг нэмдэг. Тиймээс технологиор “зэвсэглэсэн” уул уурхайн компанид ханш уналтаар хөнгөн газардах боломжийг олгож байгаа юм. “Уул уурхайн салбарт ханшийн савлагаа үүсэх бараг л зах зээлийн жам болсон. Тиймээс үүнээс бултах аргагүй. Гагцхүү үнийн савлагааг саармагжуулах нь чухал. Тэгвэл инноваци дагасан хэмнэлт нь хүндрэлийг даван туулах арга” гэж QMG компанийн ерөнхий захирал М.Дагва хэлж байна.


ДЭЛХИЙ ИННОВАЦИЙГ ШҮТЭЖ БАЙНА. ГЭТЭЛ БИД

Дэлхий технологиор өрсөлдөж байхад бид хаана явна. Мэргэжлийн хүний хэлж буйгаар үнэхээр хол хоцорчээ. Мэдээж, дэлхийн хэмжээний үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” гэх мэт аж ахуйн нэгжүүд бий. Гэхдээ дийлэнх нь өнгөрсөн зууны технологитой өнөө үеийг элээж байна. Ялангуяа, төрийн өмчит уул уурхайн компаниуд өнхрөх дөхсөн машин, техниктэй мөлхсөөр. Өдгөө 40 насны босго шүргэж буй төрийн өмчит “Багануур” хувьцаат компанийн тоног төхөөрөмж дийлэнх нь өвгөрч, хуучирсан.


Ашиглалтын хугацаа нь хэдийнэ дуусч, эксковатор тэргүүтэй машин, техник нь хэзээ мөдгүй хэдэн тийш салахад бэлэн байна. Дээр нь үеэ өнгөрөөсөн эдгээр төхөөрөмж зардал өндөртэй. Түлш зарцуулалт нь их. Ийм атлаа бүтээмж сул.

“Багануур”-т шинэчлэл хийгээгүйгээс уурхайн ашиглалтын ам нь усанд автахад ойрхон байна. Үүнээс үүдэн эрчим хүчгүйдэх хүртэл эрсдэл учраад байгааг албаны хүн мэдээлж байсан юм. Технологийн шинэчлэлд хөшүүн хойрго хандсаны улмаас нийслэлчүүдийн илч, гэрлийн эх үүсвэр болсон энэ уурхай нэг л өдөр зогсохыг үгүйсгэхгүй.

Ер нь сэхээнд орох дөхсөн нь зөвхөн “Багануур” ч биш. Төрийн өмчит “Шивээ-Овоогийн уурхай ч ижил нөхцөлд буй. Урьдчилсан тооцоогоор бараг 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй аварга уурхай арай хийн мөлхөж яваа. Энэ мэт өнгөрсөн зууны технологитой сажилж буй уул уурхайн компани олон. Товчхондоо, манай уул уурхай өнгөрсөн зуунаасаа салалгүй орчин үетэй өрсөлдөж байна. Үхэр тэрэг хөллөн, уулыг давж усыг гатлахаар зүтгэж буйтай адил. “Зөвхөн хүний хүчээр нүдсээр тамирдаж дуусдаг. Манай уул уурхайд автоматжуулалтын анхан шатны төхөөрөмжийг ч бүрэн нэвтрүүлээгүй” хэмээн мэргэжлийн хүн ярилаа.
» Гэхдээ дийлэнх нь өнгөрсөн зууны технологитой өнөө үеийг элээж байна.
» Австрали гэх мэт орнуудад уул уурхайн өндөр эрсдэлтэй ажлыг одоо робот болон автомат машин гүйцэтгэж байна.
» Өнгөрсөн онд л гэхэд үйлдвэрлэлийн ослын тохиолдлоор уул уурхай, олборлох салбар толгой цохиж байна.
Гэтэл уул уурхайн компаниудын технологийн хоцрогдол нь өрсөлдөх чадварыг доройтуулж, санхүүгийн дарамт учруулдаг гэдгийг салбарын удирдлагууд нь хүртэл хүлээн зөвшөөрдөг. Ер нь инновацигүйгээр хөгжлийн талаар яриад ч хэрэггүй гэдэг нь одоо батлагдаж байна.

Угтаа дэлхий зөвхөн мөнгөний төлөө инноваци руу хошуураад байгаа юм биш. Ашиг орлогоос гадна эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөл багатай олборлолт хийж, хамгаалах зорилгыг ч давхар тээж буй. Австрали гэх мэт орнуудад уул уурхайн өндөр эрсдэлтэй ажлыг одоо робот болон автомат машин гүйцэтгэж байна. Гэтэл манайд үгүй. Аюул, ослын эсрэг иргэдээ илгээсээр. Үүнийг дагаад уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тоо өнөөг хүртэл буураагүй л байна. Өнгөрсөн онд л гэхэд үйлдвэрлэлийн ослын тохиолдлоор уул уурхай, олборлох салбар толгой цохиж буйг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлсэн.

Манайд инноваци, технологийн үр өгөөжийг ойлгож, цэгцтэй бодлого хэрэгжүүлдэг компани цөөн байгааг албаныхан онцолсон. Уул уурхайн компаниудын багагүй хэсэг нь тоног төхөөрөмжөө тендерээр худалдаж авдаг. Гэтэл тендерийн зарчмаар авахад хамгийн хямд үнэ санал болгосныг нь сонгодог бодлогын согог бий. Харин хямд технологи нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байдаг. Бид ийм л сул технологитой атлаа дэлхийд өрсөлдөх том амбийц тээсээр.

Ирэх 20 жилд Монголын эдийн засгийг хүссэн, хүсээгүй уул уурхай авч явах нь тодорхой. Гэтэл бид ирэх жилүүдэд Монголын эдийн засгийн хөдөлгүүр болох энэ салбараа хангалттай “зэвсэглээгүй” атлаа арвин баялагтай хэмээн хий хоосон цээжээ дэлдсээр. Уг нь газрын хэвлий дорх хэн ч атаархам их хэмжээний эрдэнэс баялаг, гео эдийн засгийн бусдад тэр бүр заяагаагүй боломжтой Монгол Улс дэлхийд томоохон тоглогч болоход ойрхон. Гэвч өнөөг хүртэл өнгөрсөн зууны технологитой мөлхсөөр сууна. Харин энэ зуур дэлхийн өрсөлдөөн улам ширүүсч, хол тасарч эхэллээ.
САНАЛ БОЛГОХ