ИТГЭЛ ОЛОХ СТРАТЕГИ

Хөдөө аж ахуй
Монгол маханд маркетинг хэрэгтэй гэв

Эрээн алаг далбаанууд Төрийн ордны их танхимын тайзан дээр мандаж байна. Харин өмнөх ширээн дээр нь өнөөх далбаануудыг хэд дахин жижгэсгээд суурилуулчихаж. Энд Европын холбоонд үлдэх, эсэх нь мөдхөн тодрох Их Британиас эхлээд час улаан дэвсгэртэй урд хөршийн төрийн бэлгэдэл хүртэл намирч харагдлаа. Тэдний голд алтан соёмбот Монгол төрийн далбаа мандаж байв. Ийн зэхсэн танхимд Ази, Европын дээд түвшний уулзалтын салбар хуралдаан эхэллээ. Хоёр тив хүнсний аюулгүй байдлын асуудлаар нэг ширээний ард суулаа. Уулзалтын эхний өдөр хүнсний үйлдвэрлэлийг түлхүү хөндсөн. Тэр дундаа манай улсын хөдөө аж ахуйн салбарын 99.6 хувийг дангаараа бүрдүүлдэг мал аж ахуйг онцолж, монгол малын махыг гололлоо.

Монгол бол нүүдлийн мал аж ахуйг эрхэлж буй цөөн улсын нэг. Иймд энэ онцлогоо ашиглан, худалдаа хийхийг хөгшин тивийнхэн бидэнд зөвлөж байна. Гэхдээ үүнийгээ батлах, малын гаралтай түүхий эдээ чанартай болохыг итгүүлэх ажил хүлээгдэж буйг сануулсан. Их Британийн төлөөлөгч монгол маханд маркетинг хэрэгтэй гэж хэлсэн нь тун оновчтой зөвлөгөө байсныг чуулганд оролцогчид онцолж байв. Өөрөөр хэлбэл, брэнд бий болгох, итгэл төрүүлэх стратеги үгүйлэгдэж буй аж. Тэгвэл тэр итгэлийг олох үүрэгтэй төрийн байгууллагууд тогтворгүй байгааг зарим төлөөлөгч хөндсөн.

“Монгол малын махыг эрүүл байлгах, үүнийг нь батлах үүрэг бүхий төрийн байгууллага, тогтолцоо ирэх сонгуулийн дараа дахин өөрчлөгдөж магадгүй. Энэ нь дэлхийн худалдан авагчдын эргэлзээг улам ч гааруулна” гэж Европын холбооноос хэрэгжүүлж буй Монголын стандартын системийг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслийн ахлагч Хэнк дэ Пау хэлсэн юм.

Харин Мал эмнэлэг, үржлийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Пүрэвхүү 2009 оноос хойш Монгол Улс малын эрүүл мэндийг хамгаалахад идэвхтэй ажиллаж буйг тодотголоо. Бас хил залгадаг хөрш орнууд ч энэ чиглэлд анхаарч буй аж. Энэ нь малын халдварт өвчин Монголд тархах эрсдэлийг бууруулж буй. Тухайлбал, Монголтой 20 километрийн зайтай оршдог Казахстан улс 2015 онд 20 хотоо шүлхийгүй, эрүүл бүс болгожээ. Бас ойрын хугацаанд шүлхийгүй улс болохоор зорьж буй.

Хөдөө аж ахуйн 99.6 хувийг мал аж ахуй эзэлдэг

Тэгвэл хойд хөрш 2016 онд нийт нутгийнхаа 80 хувийг мөн энэ статустай болгосон. Харин өмнөд хөрш 2020 он гэхэд Монгол Улстай хиллэдэг зүүн хойд бүс нутгаа шүлхийгүй болгохоор төлөвлөж байна. Монгол Улс ч шүлхийний эсрэг дунд хугацааны хөтөлбөр баталсан. Үүнийгээ Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаар батлуулсан Ази, Номхон далайн дөрөв дэх улс. Ойрын хугацаанд баруун болон төвийн аймгуудаа эрүүл бүс болгохоор зэхэж байна.

Экологийн цэвэр махнаас үүдэн органик хүнсний тухай хэлэлцүүлэг өрнөсөн юм. Манай улс Оргинак хүнсний тухай хууль энэ онд баталсан бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн мал аж ахуйг түшиглэсэн Монгол Улсад органик хүнс нь онцгойрох давуу тал. Гэвч үүнийгээ өдий хүртэл бүрэн ашиглаж чадахгүй байгааг оролцогчид хэлж байв. Тэрчлэн органик хэмээх ойлголт нь зөвхөн түүхий эд, түүнийг хийж буй технологиор хязгаарлагдахгүй. Харин тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад байгальд ээлтэй технологи, горим ашигласан нь давхар хамаарна. Үндсэндээ эрчим хүч, усанд хэмнэлттэй үйлдвэрлэл эрхэлж байж, органик хэмээх тодотгол хүртэнэ.

Монгол Улс дэлхийн зах зээлд органик бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлтэй. Харин тухайн бүтээгдэхүүнийг органик болохыг нь Монгол Улсын Засгийн газрын харьяа байгууллагаас баталдаг. Гэхдээ энэ нь дэлхийн худалдан авагчдад төдий л итгэл төрүүлдэггүй байна. Иймд органик болохоо хөндлөнгийн байгууллагаар давхар баталгаажуулж, итгэл төрүүлэх хэрэгтэй гэдгийг уулзалтад оролцогчид сануулж байв.

Үүнээс гадна бэлчээрийн асуудлыг хөндлөө. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас Бэлчээр хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж байгаа. Мөн малын тоо толгой, бүс нутгаас нь хамаарч ойрын хугацаанд бэлчээрийн төлбөр ногдуулахаар хэлэлцэж буй.

Хоёр хоног үргэлжлэх энэ уулзалтын эхний өдөр Монгол Улс Европын холбоонд байгалийн гаралтай, эрүүл хүнсээ нийлүүлэх хүсэлтэйгээ дахин илэрхийлж байлаа. Өөрөөр хэлбэл, AСEM гэх яриа хэлэлцээний арга хэрэгслийг ашиглан өөрсдийн сонирхлоо дуулгаж амжив. Харин энэ уулзалтаас гарсан санал, дүгнэлт ирэх сард болох АСEM-ийн үеэр хэлэлцэгдэх аж. ACEM-ийн Хүнсний аюулгүй байдлын салбар хуралдаанд 17 орны хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч оролцож байна.



САНАЛ БОЛГОХ