Задгай театртай гэрэлт гудамж

ЗГМ: Тодруулга

Шөнийн гудамжны үйл ажиллагаа ирэх сарын 8-нд эхэлнэ

Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад автомашины хөдөлгөөнийг хориглож, явган зорчдог, худалдаа үйлчилгээ төвлөрсөн шөнийн гудамж олон байдаг. Тэгвэл олон улсын жишгээр нийслэлийн Сөүлийн гудамжийг шөнийн гудамж болгон тохижуулахаар үйл ажиллагаагаа тав хоногийн өмнө эхэлжээ. Нийт 880 метр үргэлжлэх тус гудамжны сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож, явган зорчих зам, гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, шөнийн дүр төрхөд нийцүүлэх аж. Гэр бүл, найз нөхөдтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлэх тус гудамжны худалдаа үйлчилгээний үйл ажиллагааг ч мөн энд орхигдуулсангүй. Тодруулбал, шөнийн гудамжинд олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, амралтын суудал байрлуулж, гадаах жижиг хоолны газар, хүнс болон бусад эд зүйлсийн худалдаа зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулах юм байна. Энэхүү тохижилтын ажлыг ирэх сарын 8-нд дуусгахаар төлөвлөжээ. Иймээс метрополис хот хэмээн нэрлэгддэг нийслэлийн шөнийн гудамжны үйл ажиллагаа, цагийн хуваарь, хэчнээн төгрөгийн хөрөнгө зарцуулж байгаа эсэх талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн О.Оджаргалтай цөөн хором ярилцлаа.

-Шөнийн гудамжны тохижилтод гэрэлтүүлэг чухал үүрэгтэй. Тиймээс аюулгүй байдалд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Шөнийн цагаар үйл ажиллагаа явуулах учраас гэрэлтүүлэг хамгийн чухал үүргийг гүйцэтгэнэ. Иймээс бид гэрэлтүүлгийн гаднах өнгө, үзэмж, аюулгүй байдал зэрэг тал талын асуудалд анхаарал хандуулж байна.


-Автомашингүй гудамж гэхээр огт машин зорчихгүй гэж ойлгож болох уу?

-Иргэдийн дунд ийм буруу ойлголт яваад байгаа юм. Автомашингүй шөнийн гудамжинд баасан гараг бүрийн 22.00-06.00 цагийн хооронд үйл ажиллагаа явагдана. Энэ заасан хугацаанд автомашин зорчихгүй гэсэн үг.

-Шөнийн гудамжинд хэчнээн байгууллага худалдаа, үйлчилгээ эрхлэх вэ?

-Урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулахаас гадна 1000-1500 хүнд хүрч ажиллах боломжтой худалдаа үйлчилгээний түр обьектуудыг энд байрлуулна. Ингэхдээ мөн хэд хэдэн шалгуур үзүүлэлтээр сонгох юм. Одоогийн байдлаар зураг төсөл дээрээ ажиллаж байгаа учраас ажиллах байгууллага, үйлчилгээ эрхлэх газрын тоо хараахан гараагүй байна.

-Хот тохижилтын энэхүү үйл ажиллагаанд хэчнээн төгрөг зарцуулахаар төсөвлөсөн бэ?

-Өнөөдрийн байдлаар төсөв хөрөнгө маань эцсийн байдлаар тодорхой болоогүй байна.

-Энэ үйл ажиллагааг дагаад хоол, хүнсний үйлчилгээ эхэлнэ. Тиймээс ариун цэвэр, хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулах уу?

-Шөнийн гудамжны үйл ажиллагаанд нийслэлийн холбогдох бүх байгууллага хамтран ажиллахаар ажлын хэсэг байгуулсан. Тиймээс бүх талын асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэнэ.

880 метр талбайг хатуу хучилттай болгоно
-Кино үзэх болон тус гудамжаар зорчихдоо иргэд төлбөр төлөх үү?

-Гудамжаар зорчих болон кино үзэхэд ямар нэг төлбөр авахгүй. Харин худалдаа, үйлчилгээний газарт үйлчлүүлэхдээ төлбөр төлнө.


-Энэхүү тохижилтын ажилд ногоон байгууламжийн хэмжээг багасгаж, хэд хэдэн том мод тайрсан. Ингэх шаардлага байсан юм уу?

-Ногоон байгууламжид хохирол учруулаагүй. Харин үзвэрийн суудал байрлуулах газарт зургаан улиас байсны хоёр нь үхсэн гэж тогтоогдсон болохоор модыг огтолсон. Тэгэхдээ бусад газруудад том моднуудыг сэлгэлтээр суулгаж байгаа. Тиймээс ногоон байгууламжийн тоо буурах биш өсөж яваа.

-Худалдаалах хүнсний бүтээгдэхүүн, эд зүйлсийн үнэ өртгийг хэрхэн тогтоох вэ?

-Ямар нэгэн үнийн хөөрөгдөл, нэмэгдэл гэж байхгүй. Энгийн үед байдаг шиг л байна.
САНАЛ БОЛГОХ