Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк ирэх 4 жилд Монгол Улсад баримтлах стратегиа батлав
Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк 2017 оны зургаадугаар сарын долоонд хийсэн Захирлуудын зөвлөлийн хурлаараа ирэх дөрвөн жилд Монголд баримтлах стратегиа баталсан байна. Тус банк 2006 онд Монгол Улсад үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 80 гаруй төсөлд 1.4 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллажээ. Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкнаас ирэх дөрвөн жилд Монголд баримтлах стратегийн хамгийн чухал зорилт нь шинэчлэлээр дамжуулан төрөлжсөн, өрсөлдөх чадвар бүхий эдийн засгийг бүтээх юм байна. Үүнд Монгол Улсын макро эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, уян хатан байдлын сайжруулах асуудал хамгийн чухал байна. Харин өрсөлдөх чадвар дотроо уул уурхайн бус салбарууд, ялангуяа жижиг, дунд бизнесийн хөгжил хамгийн чухалд тооцогдож байгаа аж. Тиймээс Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк жижиг, дунд бизнесийг дэмжих төслүүдийг үргэлжлүүлэн санхүүжүүлж ажиллахаа мэдэгджээ.
Үүнээс гадна Монгол Улсын уул уурхайн салбарт шинэчлэлийг үргэлжлүүлэн хийх хэрэгтэй байгааг тус банк дурдлаа. Уул уурхайн салбар бол Монгол Улсын тогтвортой хөгжлийн нэг тулгуур гарцаагүй мөн учраас "хариуцлагатай" уул уурхайг хөгжүүлэх чиглэлд анхаарахаа тус банк мэдэгдээд байна. Мөн энэ салбарын санхүүжилтээр дамжуулан үнэ цэнэ бүтээхэд хамтран ажиллахаа Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк мэдэгдлээ.
Харин Монголд хэрэгжүүлэх стратегийн гурав дахь гол хэсэг бол дэд бүтцийн салбарын чанар болон тогтвортой байдлыг хангах явдал байгаа аж. Энэ хүрээнд салбарын үр ашигт байдлыг нэмэгдүүлэх болон "ногоон" шийдлийг ашиглах нь чухал байгааг Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк онцолсон байна. Мөн дэд бүтцийн салбарыг шинэчлэн өөрчлөх нь Монголын эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс учраас автозам болон төмөр замын төслүүдийг дэмжин ажиллахаа мэдэгдлээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй