Европт хуучин, Азид шинэ
Зах зээл
“Ланд 570”-ын нэг өдрийн түрээс 450 мянган төгрөг
Европын зах зээлийг битүү эзэгнэсэн нэгэн үйлчилгээний салбар Ази тив рүү хараа бэлчээж байна. Анх 1912 онд Германд эхлэлээ тавьсан машин түрээсийн үйлчилгээ өдгөө бизнесийн хувьд эрийн цээнд хүрсэн. Энэ зах зээл өнгөрсөн онд 58.26 тэрбум ам.доллараар хэмжигдсэн гэж lucintel судалгааны байгууллага тооцжээ. Сүүлийн жилүүдэд энэ зах зээлийн өсөлт удааширч, тогтмол хэмжээнд байлаа. Европ тивд машин түрээслэх үйлчилгээ иргэдийнх нь амьдралын хэв маягийн нэг хэсэг болж, зах зээл нь ханасан тул ийнхүү компаниудын үйл ажиллагаа нэгэн жигд байв.
Харин саяхнаас Европт хөлөө олсон том компаниуд Азийн зах зээлийг ихэд сонирхож эхэллээ. Автомашины түрээсийн үйлчилгээний гол хэрэглэгчид нь жуулчид. Цүнхээ үүрээд хоёр хөлөөрөө хилийн дээс давж буй жуулчдад найдвартай, баталгаатай унаа нэн чухал. Ази тивийн эдийн засаг сайжирч, гаднын болон дотоодын жуулчдын урсгал нэмэгдсэнээр Европт “хөгшрөөд” байсан энэ зах зээл Азид цус сэлбэх боломжтой болж байна. Ялангуяа, Энэтхэг, Япон, Хятадад тун эрэлттэй үйлчилгээ болох төлөвтэй.
2015 онд Бээжингийн замын хөдөлгөөнд 14 мянган түрээсийн автомашин оролцож байсан бол өдгөө энэ тоо хоёр дахин өсөж, 26 мянгад хүрчээ. Roland Berger компанийн таамаглалаар, Бээжингийн замын хөдөлгөөнд оролцож буй түрээсийн автомашины тоо 2025 он гэхэд 600 мянга болно гэв. Тиймээс машин түрээсийн том корпорациуд хөрөнгө оруулалтаа энэ зүгт хандуулж эхэлснийг судалгааны байгууллагууд дурдаж байна. Үүнийг дагаад машин түрээсийн зах зээлийн цаашдын төлөв ч сэргэжээ. Энэ зах зээл 2020 онд 90 тэрбум ам.доллараар хэмжигдэх бөгөөд үүнээс жилийн дараа даруй 5.1 тэрбум ам.доллараар ахина хэмээн судалгааны байгууллагууд таамаглажээ.
Европт 100 жилийн тэртээ үүссэн энэ үйлчилгээ манайд нэвтрээд 10 гаруй жил болж байна. Дэлхийн 105 оронд үйл ажиллагаа явуулдаг Sixt компани Монголд 2006 онд салбараа нээсэн. Өдгөө 12 нэр төрлийн төмөр хүлгээр үйлчилдэг. Өдрийн түрээсийн үнэ 69 мянган төгрөгөөс эхэлдэг бөгөөд хамгийн үнэтэй нь 300 мянган төгрөг юм байна. Тус компани жолоочгүй автомашинаа 500 мянгаас хоёр сая төгрөгийн барьцаа төлбөрөөр гурван жил хүртэлх хугацаанд түрээслүүлдэг. “Манай үйлчлүүлэгчид дунд Монголд түр хугацаагаар ажиллаж буй олон улсын байгууллагынхан, Элчин сайдын яамны дипломат ажилчид цөөнгүй байдаг. Мөн дугаарын хязгаарлалттай өдөр тогтмол автомашин түрээсэлдэг монгол үйлчлүүлэгчид ч бий” гэж тус компанийн ерөнхий менежер Б.Болор хэлэв.
Sixt-ийн жолоочгүй авто түрээсийн үйлчилгээний эрэлт 40 хувиар өсчээ
Түүнчлэн, гаднын зочдыг онгоцны буудлаас тосох, хүүхэд хүргэх зэргээр үйлчилгээний төрлөө нэмсэн байна. Сүүлийн нэг жилд Sixt компанийн жолоочгүй авто түрээсийн үйлчилгээний эрэлт 40 хувиар өсчээ. Харин Sixt-ийн Монгол дахь салбартай зэрэгцэн хаалгаа нээсэн “Мустанг” компанийн хэрэглэгчид эднийхээс өөр. Том компаниудын хувьд гол үйлчлүүлэгчид нь гаднын зочид төлөөлөгчид байдаг бол арай бага хэмжээтэй компанийх нь жуулчид. Манай оронд зуны жуулчдын урсгал нэмэгдэж, хүйтэнд татардаг онцлогтой тул улирлын чанартай бизнес гэж болно. “Мустанг” компанид түрээсээр үйлчилдэг 100 гаруй автомашин байдаг аж. Түрээс нь маркаас хамаараад өдрийн 60-450 мянган төгрөгийн үнэтэй. Эднийд хамгийн үнэтэй нь “Ланд 570” юм байна. Үйлчлүүлэгчдийн ихэнх нь жуулчдын том оврын автобус болон “Старекс” захиалдаг гэдгийг тус компанийн захирал Б.Өнөрхүү хэллээ.
Эднийх шиг автомашины түрээс, жолоочийн үйлчилгээ үзүүлдэг албан ёсны компани болон хувь хүмүүс Монголд цөөнгүй байна. Хувь хүмүүс Соната-7 автомашиныг компаниудаас 2-3 дахин хямд буюу өдрийн 25-30 мянган төгрөгөөр түрээслүүлж байна. Жижиг компаниудын хувьд жуулчдын урсгалыг дагаад хүйтний улиралд орлого нь эрс мууддаг. Харин намрын улиралд хурим найрын үеэр автомашины түрээсийн үйлчилгээ багагүй идэвхждэг юм байна. Хосууд хуримын цуваагаа үнэтэй, чамин хүлгээр чимэх сонирхол жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэдгийг үйлчилгээ эрхлэгчид хэллээ.
Гэхдээ энэ салбарт үйлчилгээ эрхлэгчдийн ихэнх нь автомашинтай холбоотой өөр төрлийн бизнес эрхэлж буй. Тэдний олонх нь автомашин худалдахын зэрэгцээ түрээсийн үйлчилгээ үзүүлдэг аж. Европт хуучин, Азид шинэ соёлд тооцогдож буй автомашин түрээсийн үйлчилгээ зөвхөн бизнес эрхлэгчдэд хожил авчирдаггүй. Агаарын бохирдолтой том хотуудад гэхэд л хувийн автомашин эзэмшигчдийн тоог хязгаарлах, нийтийн тээврийн сул зайг нөхөх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад тустай гэж үздэг.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй