Дулаалгын материалын хөгжил инновацийг дагадаг

Зах зээл


Монголд 40 тэрбум төгрөгийн дулаалгын зах зээл бий


Хүн амын тоо өсөж, аж үйлдвэржилт тэлэх тусам дэлхийн эрчим хүчний хэрэглээ гэрлийн хурдаар өссөөр. Алслагдмал суурин гацааг ч эрчим хүчний системтэй холбох нь улс орны хөгжлийн нэг шалгуур болсон. Гэвч эрчим хүчний үйлдвэрлэлд байгаль, экологийн золиос багагүй шаарддаг. Тиймээс цахилгаан хэмнэдэг технологи, үйлдвэрлэл, инновацийн шинэ санааг улс орнууд эрж хайсаар буй. Дэлхийн эрчим хүчний хэрэглээний 40 хувийг барилгын салбар эзэлдэг. Тэгвэл эрчим хүч хэмнэх боломжийн бараг тал хувь нь энэ салбарт байна гэсэн үг. Тиймээс дулаан алдагдлыг бууруулдаг дулаалгын материалын зах зээл энгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс хальж, дэлхийн хөгжлийн концепцийн нэг хэсэг болоод байна. Дулаалгын материалын дэлхийн зах зээл 2017 онд 300 орчим тэрбум ам.доллараар хэмжигдсэн судалгааг Zion Research Analysis байгууллага гаргажээ. Харин энэ онд 350 орчим тэрбум ам.долларт хүрэх бол 2021 онд 700 гаруй тэрбум ам.доллар болно хэмээн таамаглаж байна. Ялангуяа, уламжлалт бус, инновацийн шинэ шийдэл агуулсан эко материалуудын зах зээл хурдтай өсөхөөр байгаа юм. Дулаалгын материалын зах зээлийн 40.8 хувийг Төв Ази, Номхон далайн бүсийн орнууд эзэлж байгаа бол Европ, Ойрх Дорнод, Африкийн орнууд 33.4 хувийг нь хэрэглэж байна.

Харин Америк тив үлдсэн хувийг эзэлдэг гэсэн судалгаа бий. Төрөл бүрийн дулаалгын материалаас манайд хөөсөнцөр, шилэн болон чулуун хөвөнг ихэвчлэн ашигладаг. Мөн эсгийгээр хийсэн дулаалгын материалын зах зээл ч эрэлттэй болж байна. Жилийн дөрвөн улиралтай, дэлхийн хамгийн хүйтэн нийслэлтэй манай улсын дулаалгын материалын зах зээл 40 тэрбум орчим төгрөгөөр хэмжигддэг статистик бий. Хэрэв дулаан алдагдлыг бууруулж байж хөрөнгө, төсөв хэмнэнэ гэдгийг сайн ухуулбал энэ зах зээл 100 тэрбум төгрөгт ч хүрэх боломжтойг салбарын мэргэжилтэн хэлж байна. Өмнө нь эсгийг эс тооцвол хөөсөнцөр, шилэн хөвөн зэрэг дулаалгын материалыг монголчууд импортоор хангаж байсан. Харин сүүлийн жилүүдэд хөөсөнцрийг импортын түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэж байгаа. Мөн олон улсад трэнд болж буй чулуун хөвөнгийн үйлдвэрлэл ч нэмэгдэж буй. Чулуун хөвөнгийн “Монгол Базальт” компани 2017 онд хоёр тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Хэрэв эдийн засгийн хямрал тохиогоогүй, барилгын салбарын 90 гаруй хувь зогсоогүй байсан бол борлуулалт зургаан тэрбум төгрөг хүрэх боломж байсан гэж тус компани үзэж байна.

Энэ онд эдийн засгийн төлөв сайжирч, бизнес идэвхжиж байгаа тул 3.8-5 тэрбум төгрөгийн борлуулалт хийхээр зорьж байна. “Монгол Базальт” компанийн зах зээлийн 40 гаруй хувийг барилгын салбар эзэлдэг. Харин 20 гаруй хувь нь айл өрх, амины орон сууцны хэрэглэгчид байдаг аж. Тэгвэл үлдснийг нь шугам хоолой, дэд бүтэц, эрчим хүчний салбар эзэлдэг. Чулуун хөвөнгийн бизнес инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлог. 1100-гаас доош хэмд шатдаггүй учраас барилгаас гадна дулааны шугам хоолойг дулаалах, галын зуухны хамгаалалтад хэрэглэх бүрэн боломжтой. Мөн дуу тусгаарлах чадварыг нь кино театр гэх зэрэг үйлчилгээний байгууллагууд өргөн ашиглаж байгаа юм. Хэдийгээр чулуун хөвөнгийн зах зээл зөвхөн барилга, орон сууцны дулаалгаар хязгаарлагдахгүй ч ирээдүйн зорилтот хэрэглэгчид нь тэд. Дээр дурдсанчлан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг улс орнууд тавьж буй учраас дулаан алдагдал багатай чулуун хөвөнг эко материал гэж сонгох хандлага улам нэмэгдэх байгаа юм.

• Дулаан алдагдал бууруулахын ач холбогдлыг ухуулбал энэ зах зээл Монголд 100 тэрбум төгрөгт ч хүрэх боломжтой.
• ОХУ хөөсөнцөр, шилэн хөвөнг барилгад ашиглахыг бүрэн хориглосон.
• “Монос” компани чулуун хөвөнг хүлэмжид улаан лооль, гүзээлзгэнэ, өргөст хэмх тарих хөрс болгон ашиглаж байна.


Манай улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 14 хувиар бууруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд гэр хорооллын амины орон сууцыг чулуун хөвөнгөөр дулаалбал эрчим хүчний 60-65 хувийг хэмнэх юм. Мөн өрхийн нүүрсний зардал 50 хувиар буурч буйг “Монгол Базальт” компанийн захирал Ч.Ариунболд хэллээ. Тэрбээр “Хуучин орон сууц, амины байшинг дулаалах нь эдийн засгийн хэмнэлтээс гадна айл өрхөд тохь тух авчирдаг. Тухтай орчинд амьдарснаар гэр бүлийн уур амьсгал дулаан болж, мөнгөнөөс илүү үнэ цэн авчирдаг” гэлээ. ОХУ-ын Засгийн газар Кемерова хотын худалдааны төвд гал гарснаас хойш хөөсөнцөр, шилэн хөвөнгийн материалыг барилгад ашиглахыг бүрэн хориглосон. Харин БНХАУ хүлэмжийн хийг багасгах, агаарын бохирдлыг бууруулахын тулд чулуун хөвөн хэрэглэхийг компаниудад зөвлөж байгаа юм. Тиймээс уг бүтээгдэхүүнд импортын том зах зээл нээлттэй байгаа гэж болно. Тус компани одоогоор Япон улсад бүтээгдэхүүнээ экспортлохоор туршиж байна. Чулуун хөвөнг бусад дулаалгын материалтай харьцуулж үзье. Хөөсөнцөртэй харьцуулбал дулаан алдагдал, аюулгүй байдлаараа илт давуу ч өндөр үнэтэй.

Хэрэв зургаан метр өргөн, долоон метр урттай нэг давхар байшинг чулуун хөвөнгөөр дулаалбал 3-5 сая төгрөг зарцуулах аж. Гэхдээ манай улсад стандартын бус, бага орцтой хөөсөнцрийг худалдаалсаар өдий хүрсэн. Хэрэв улсын стандартын дагуу хийвэл хөөсөнцөр болон чулуун хөвөнгийн үнэ дүйцэхүйц байдаг аж. Түүнчлэн чулуун хөвөн нь шилэн хөвөнг бодвол эрүүл мэндэд аюулгүйгээс гадна дээр дурдсан олон төрлөөр ашиглаж болох давуу талтай. Сүүлийн жилүүдэд шилэн хөвөнгийн үйлдвэр эрхлэгчид чулуун хөвөнгийн бизнест хөл тавих хандлагатай болж байна. Энэ онд барилгын материалын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Saint Gobain компани гэхэд л шилэн хөвөнгийн үйлдвэрүүдээ хааж, чулуун хөвөнгийн бизнесүүд худалдан авч эхэлжээ. Түүнчлэн Дани улсын Rockwool компани Румынд 50 сая еврогийн хөрөнгө оруулалт хийж, чулуун хөвөнгийн том үйлдвэр барьж байна. Учир нь чулуун хөвөнгийн инновацийн шийдлүүд маш их ирээдүйтэй. Барилгаас гадна олон салбарт технологийн шинэ шийдэл, авчрах боломжтой гэж үздэг. Тухайлбал, “Монос” компани чулуун хөвөнг хүлэмжид улаан лооль, гүзээлзгэнэ, өргөст хэмх тарих хөрс болгон ашиглаж эхэлсэн нь хамгийн ойрын жишээ юм.


САНАЛ БОЛГОХ