Хүүхэд хүргэх бизнес хүчээ авч байна

Зах зээл


Завгүй эцэг, эхчүүдэд зориулсан үйлчилгээ 100 мянган төгрөгөөс эхэлдэг

Хотын их түгжрэл дунд хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгнө гэдэг цаг хугацаа шаардсан ажил. Ялангуяа эцэг, эх нь хоёул ажил хийдэг гэр бүлд том бэрхшээл. Гэхдээ энэ бэрхшээлийг тун аятайхан шийдэх бизнес манайд нэвтэрсэн нь хүүхэд хүргэх үйлчилгээ. Завгүй эцэг эхчүүдэд зориулсан энэ бизнес дэлхийн олон улсад хөгжсөн. Ялангуяа, Uber-ийн онлайн захиалгын үйлчилгээ хүрээгээ тэлсэн нь энэ бизнест том хөшүүрэг болжээ. Тухайлбал, Энэтхэгийн Zum компанийн орлого энэ онд 5.5 сая ам.доллараар өссөн. Тус компанийн автомашиныг нэг удаа дуудахад 16 ам.доллар бөгөөд 15 минут тутамд зургаан ам.доллар нэмж авдаг юм байна. Харин АНУ-ын компаниуд цагт дунджаар 12 ам.долларын төлбөртэй байдаг аж.

Манайд хүүхэд хүргэх үйлчилгээ 2012 оноос нэвтэрч эхэлсэн. Гэвч одоо л хөлөө олж эхэлж буйг энэ үйлчилгээг эрхлэгчид хэлж байна. Тухайлбал, “Доко кидс” анх 2013 онд байгуулагдаж, гурван жилийн хугацаанд туршилтаар ажиллажээ. Харин энэ жилээс үйлчлүүлэгчдийн тоо нь нэмэгдэж буй аж.

• Гэр, сургууль хоорондын зай, замын түгжрэл зэргээс шалтгаалж үйлчлүүлэгчтэй үнэ хөлсөө тохирдог.

• Хэрэв хүүхдийг ганцааранг нь хүргэх бол сарын төлбөр 250- 280 мянган төгрөг. Харин ойролцоо амьдардаг хүүхдүүдтэй хамт явах бол 100-140 мянган төгрөгийн үнэтэй.

• Өвлийн хэдэн сард энэ үйлчилгээ хамгийн их эрэлттэй байдаг бол зуны улиралд зогсдог сул талтай.

Тус компанийн үйлчлүүлэгчдийн ихэнх нь бага ангийн хүүхэдтэй эцэг, эхчүүд. Мөн цэцэрлэгийн багачууд ч цөөнгүй. Гэр, сургууль хоорондын зай, замын түгжрэл зэргээс шалтгаалж үйлчлүүлэгчтэй үнэ хөлсөө тохирдог юм байна. Тухайлбал, Буянт-Ухаагаас хотын төв рүү хүргэх бол сард ойролцоогоор 300 мянган төгрөгийн үнэтэй. Хэрэв сургуульд нь хүргэж, авбал төлбөр нь нэмэгддэг аж. “Доко кидс” одоогоор гурван суудлын автомашинаар үйлчилгээ үзүүлж байгаа ч цаашид энэ тоог нэмэхээр төлөвлөж байгаа гэв. Харин ижил үйлчилгээ үзүүлдэг “Халиун кидс сервес”-ийн хувьд хоёр сонголттой. Хэрэв хүүхдийг ганцааранг нь зөөх бол сарын төлбөр нь 250-280 мянган төгрөг. Харин ойролцоо амьдардаг бусад хүүхэдтэй хамт хүргэх бол төлбөр нь хямдарч, 100-140 мянган төгрөг болдог аж.

Хэрэв таны хүүхэд дугуйланд сурдаг бол төлбөр нь нэмэгдэх юм байна. Тус компани “Приус 30” автомашинаар үйчилдэг байна. Гэхдээ завгүй эцэг, эхчүүдийн цагийг хэмнэдэг энэ бизнест нэг сул тал бий. Сурагчдын амралтыг дагасан улирлын шинж чанартай. Өвлийн хэдэн сард энэ үйлчилгээ хамгийн их эрэлттэй байдаг бол зуны улиралд зогсдог. Энэ бизнесийг дангаар нь эрхэлнэ гэдэг тун эрсдэлтэйд тооцогддог. Тиймээс такси үйлчилгээ болон автомашины түрээсийн компаниуд үүнийг бизнесийнхээ нэг хэсэг болгосон байдаг. Тухайлбал, манайд хүүхэд хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг “Sixt” компани автомашин түрээсэлж, худалддаг. Харин дээр дурдсан “Доко кидс” энэ үйлчилгээг аялал жуулчлалтай хавсрахаар төлөвлөж байна. “Өнгөрсөн гурван жилд эдийн засаг тааруу байсан учраас үйлчлүүлэгчийн тоо сайнгүй байсан.

Энэ үйлчилгээнд зах зээл бий ч хууль эрх зүйн зохицуулалтгүй өнөөг хүрчээ
Харин энэ жилээс хүмүүс их сонирхож байна. Гурван жилийн дараа манай үйл ажиллагаа тогтворжино гэж харж байгаа. Бид гэрээ байгуулахдаа хүүхдийг хаанаас, хэдэн цагийн үед хүргэж өгөх вэ гээд үйлчлүүлэгчтэйгээ сайн тохирч, танилцдаг. Хүмүүс нэгнээсээ сонсоод манайд хандах нь элбэг” гэж тус компанийн захирал Ц.Дашдорж өгүүлэв. Эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд нь үдэхдээ хамгийн их санаа зовдог хүндрэл бол замын хөдөлгөөн. Хэдийгээр бага ангийнхан биеэ даах насанд хүрсэн ч авто осолд өртөх магадлал өндөр. Тиймээс ийм бизнес эрхэлдэг компаниуд эцэг, эхчүүдтэй гэрээ байгуулахдаа гэнэтийн ослын болон бусад даатгалд хамруулдаг юм байна. Мөн жолооч нартаа хурд хэтрүүлэхгүй байх, аль болох түгжрэлгүй замыг сонгож явахыг шаардаж, багачуудыг зориулалтын суудалд зорчуулдаг аж. “Энэ бизнест шинэ санаа гэхээс илүү олон жилийн туршлага, найдвартай байдал хамгийн чухал. Улаанбаатар хотын аль замаар явбал хичээлээс хоцрохгүй очих вэ, яавал хүүхдийг аюулгүй зорчуулах вэ гэдэг хамгийн чухал нь” гэж ийм бизнес эрхлэгч өгүүлэв.

Харамсалтай нь манайд энэ үйлчилгээний эрэлт байгаа ч хууль эрх зүйн зохицуулалтгүй өнөөг хүрчээ. Хүүхэд хүргэх үйлчилгээний зөвшөөрлийг зөвхөн автобусанд өгдөг. Хэрэв суудлын автомашинаар үйлчлэх бол заавал шар өнгөтэй байхыг шаарддаг юм байна. Энэ нь автомашины түрээс, худалдаа эрхэлдэг газруудад хүндрэлтэй учраас зөвхөн эцэг, эхчүүд тэй гэрээ хийж, албан ёсны зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг гэж хэлж болно. Түүнчлэн, монголчуудын хувьд шинэ үйлчилгээ тул төлбөрийн хувьд тохиролцохгүй, үл ойлголцох нь цөөнгүй аж. Хэдийгээр зах зээл нь байгаа ч эрх зүйн зохицуулалт, эдийн засгийн байдлаас хамаарч тус үйлчилгээ хөгжихөд багагүй хугацаа шаардагдахаар байна. АНУ, Европын орнуудад энгийн хэрэглээ болсон байдаг.

Хэрэглэгчийн цаг завыг хэмнэхийн тулд онлайнаар захиалга авдаг компаниудын тоо ч өсөж буй. Тухайлбал, Их Британийн Лондон хотод үйл ажиллагаа явуулдаг Taxicode компанийн цахим хуудас болон аппликэйшныг ашиглан хүүхдийн тоо, явах чиглэл, өдөр, цагийг оруулснаар хэдэн төгрөг төлөхийг эцэг, эхчүүд өөрсдөө тооцож болно. Манайх шиг жолооч нар биш хүүхэд асрагч болон сувилагч мэргэжилтэй хүмүүсийг ихэвчлэн ажиллуулдаг аж. Европт 10-50 мянган ам.доллартай байхад ийм үйлчилгээ эрхлэх боломжтой, хямд өртгөөр бүтдэг бизнес гэж үздэг.


САНАЛ БОЛГОХ