Эдийн засагт амьсгаа авах боломж олгоод байна

Мөнгөний бодлого


Инфляцад чиглэсэн бодлогоо тууштай хэрэгжүүлнэ

Монголбанк 2018 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ тодорхойллоо. Төслийн шатанд яваа уг баримт бичгийг ирэх өдрүүдэд УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.

-Мөнгөний бодлогын төслийг эдийн засгийн ямар суурь тооцоонд үндэслэж боловсруулсан бэ?
-Эдийн засаг сэргэж байгааг эдийн засгийн өсөлтийн тооноос харж болно. Мөн эдийн засгийн санхүүгийн чадавхид нааштай өөрчлөлтүүд дөнгөж гарч эхэлж байна. Тухайлбал, төсвийн алдагдал буурч, гадаад валютын албан нөөц нэмэгдэж, инфляц зорилтот түвшинд байна. Эдийн засгийн сэргэлтийг үйлдвэрлэл талаас нь авч үзвэл, экспортын үнийн таатай төлөвийг даган уул уурхайн үйлдвэрлэл, экспорт нэмэгдэж байна. Мөн энэ салбарт хөрөнгө оруулалт ихээр хийгдэх боллоо. Энэ нь тээвэр, худалдаа, боловсруулах зэрэг салбарууддаа эерэг нөлөө үзүүлж эхэллээ. Түүнчлэн ажил эрхлэлт нэмэгдэж байгаа нь өрхийн хэрэглээ аажмаар нэмэгдэхэд нөлөөлж байна. Инфляц зорилтот түвшинд байгаа нь эдийн засгийн өсөлт бодит орлогын өсөлт болоход эерэг нөлөө үзүүлж байна.

-Төлбөрийн тэнцэл сайжирч байгаад ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсантай холбоотой орж ирэх санхүүгийн дэмжлэг нөлөөлсөн үү?
-Гурван зүйлийг онцолмоор байна. Нэгд, экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлт эдийн засгийн сэргэлтэд эерэгээр нөлөөлж байна. Хоёрт, гадаад өрийн эргэн төлөлттэй холбоотой тодорхой бус байдал арилж, үүнтэй холбоотой богино хугацааны дарамт ариллаа. Гуравт, дээрх хоёртой холбоотой зах зээлд оролцогчдын итгэл сэргэж байна. Энэ нь дотоодод менежерийн худалдан авалтын индекс болон хэрэглэгчийн итгэлийн индекс сэргэж байгаагаас харагдаж байгаа. Мөн гадаад зах зээл дээр бондуудын хүү буурч байгаа нь гаднын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгааг харууллаа.

-Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлого эдийн засгийг тогтворжуулахад хэрхэн анхаарсан бэ?
-Монголбанкнаас боловсруулсан төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь инфляцын дарамтгүй эдийн засгийн өсөлтийг дэмжих, үүний тулд мөнгөний бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, санхүүгийн захын дэд бүтцийг сайжруулах, төв банкны нээлттэй ил тод байдлыг нэмэгдүүлэх агуулгын хүрээнд орсон. Энэ хүрээнд, инфляцыг найм орчим хувьд тогтворжуулах, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд чиглэсэн макро зохистой бодлогыг хэрэгжүүлнэ.

Инфляц энэ оны эцэст 7-8 хувьтай гарах төлөвтэй байна
Мөн банкны бүтцийн өөрчлөлтийн дэд бүтцийг бий болгох, төлбөр тооцооны журмуудыг боловсруулах, төв банкны олон нийттэй харилцах харилцааг шинэ шатанд гаргах, засаглал, хараат бус байдлыг сайжруулах, банкны хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан тогтолцоонд шилжүүлэх гэх мэт зорилтууд тусгагдсан.

-Олон нийт төв банкны үүргийг инфляц онилох гэхээс илүүтэй гадаад валютын ханшийг тогтвортой барих ёстой газар гэж ойлгодог. Тиймээс ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд ханшийг тогтворжуулахын тулд, ялангуяа, валютын захын хөгжилд хэрхэн анхаарлаа хандуулсан бэ?
-Эдийн засгийн шинжлэх ухаанд боломжгүйн гурвал гэж ойлголт байдаг. Энэ агуулгын хүрээнд Монголбанк нь хараат бус мөнгөний бодлого хэрэгжүүлэхийг зорьж ирсэн. Гэхдээ гадаад зах зээлтэй холбогдсон хөрөнгийн урсгалд хяналт тавьдаггүй орчинд ханшийг онилох боломжгүй. Нөгөө талаас ханшийг онилохын тулд хангалттай гадаад валютын нөөцтэй байх ёстой. Харин нөгөө талаас валютын ханш өөрөө эдийн засгийн гүн хямралаас сэргийлдэг зах зээлийн үзүүлэлт болдог. Харин зах зээлд оролцогчид ханшийн зөрүүнээс алдагдал хүлээхгүйн тулд нэгдүгээрт, гадаад валютын орлогогүй л бол багахан хэмжээний хямд хүүнд татагдаж гадаад валютын зээл авахгүй байх хэрэгтэй. Энэ бол 1997 оны Азийн хямралаас дэлхий нийтээрээ авсан маш том сургамж.

Монголбанк ч зээлийн долларжилтоос сэргийлэх арга хэмжээ авна. Хоёрдугаарт, ханшийн эрсдэлээс хамгаалах форвард, своп зэрэг хэрэгслүүдийг аж ахуйн нэгжийн түвшинд эрсдэлийн удирдлагадаа нэвтрүүлэх хэрэгтэй. Монголбанкны зүгээс валютын зах зээл дээрх гажуудлыг бууруулах зорилгоор дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, банк хоорондын валют арилжааны цахим талбар (Bmatch)-т оролцогчдын тоог нэмэгдүүлэх, мэдээллийг ил тод, нээлттэй байлгах замаар банк хоорондын валютын захыг идэвхжүүлж, ханш зах зээлийн зарчимд нийцтэй, бодитой тогтох нөхцөлийг бүрдүүлнэ.

-Та бүхэн инфляцыг найм орчим хувьд барина гэж төсөөлсөн байсан. Үүнээс нам дор түвшинд байж болохгүй. Энэ нь Монголбанк эдийн засгийг тэлэх бодлого барьж байна гэж ойлгогдож байна. Үүнийг тайлбарлаж өгнө үү?
-Монголбанк 2018-2020 онд жилийн инфляцыг найман хувь орчимд тогтворжуулахыг чухалчилж байна. Манай улсын хувьд инфляцын хэлбэлзэл харьцангуй өндөр. Уг хэлбэлзэл нь макро эдийн засгийн төлөвийг дордуулдаг болохыг судлаачид онцолсон байдаг. Инфляц нам түвшинд байсан ч тогтворгүй, хэлбэлзэл өндөр байх нь тодорхой бус байдлыг улам нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт, бизнесийн шийдвэр гаргалт, эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөтэй гэдгийг судалгаанууд харуулдаг.

Мөн савалгаа өндөртэй үед инфляцын талаарх хүлээлт тогтворжиж, уягддаггүй тул мөнгөний бодлогын үр нөлөөг бууруулдаг. Иймд энэ жилийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ инфляцыг найман хувьд тогтворжуулна гэж тусгасан. Харин инфляцын зорилт найм хувь нь Монгол Улсын олон жилийн дундажтай ойролцоо төдийгүй эдийн засгийн шокгүй үеийн буюу дунд хугацааны ерөнхий тэнцвэр хангагдах түвшин юм. Инфляцын гүйцэтгэлийн хувьд энэ оны эхнээс нийлүүлэлтийн болон эрэлтийн аль аль шалтгаанаар нэмэгдэж, есдүгээр сарын байдлаар жилийн инфляц улсын хэмжээнд 5.8 хувьд хүрээд байна. Монголбанк инфляцид чиглэсэн бодлогоо тууштай хэрэгжүүлнэ. Нийлүүлэлтийн шинжтэй инфляцыг бууруулах зорилгоор бодлогыг хатууруулахгүй гэдгээ үндсэн чиглэлдээ тусгасан.

-Төв банк төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн үүрэгтэй. Хэрэглээний зээл хамгийн эрэлттэй санхүүгийн бүтээгдэхүүн болчихоод байгаа. Энэ хэрээр гадаад валют болж хөрвөж байгаа шүү дээ. Үүнд анхаарсан бодлого бий юү?
-Сүүлийн үеийн хандлагыг харвал өрхийн буюу хэрэглээний зээл маш ихээр нэмэгдэж байна. Банкууд энэ зээлийг маш ихээр гаргаж байна. Энэ нь тийм ч сайн үзүүлэлт биш. Өрхийн өр ихээхэн нэмэгдэх нь ирээдүйд эдийн засагт сөрөг нөлөөтэй. Мөн санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдаж байгаагийн илрэл юм. Тухайлбал, эдийн засаг дахь өрхийн нийт өр 2012 онд гурван их наяд төгрөг буюу жилийн нэрлэсэн ДНБ-ий 18 хувь байсан бол энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 8.1 их наяд төгрөг буюу жилийн нэрлэсэн ДНБ- ий 31 хувь болж нэмэгдсэн. Энэ цаашаа үргэлжилбэл эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй тул Монголбанк үүнийг тогтворжуулахад чиглэсэн макро зохистой бодлогын арга хэмжээ авна. Энэ нь Монголбанкны зээлийн өсөлтийг тогтвортой түвшинд хадгалах бодлогын нэг хэсэг байх юм. Ер нь манай эдийн засагт зээл жилд 20 хувиас илүү өсөх нь зохистой биш. Энэ нь богино хугацаандаа эдийн засгийн өсөлтийг дэмжих ч дунд, урт хугацаандаа тогтвортой биш. Үүнийг өнгөрсөн цаг хугацаа бидэнд харуулж байгаа.

-Энэ оны хувьд Монголбанк зорьсон зорилгодоо хэр амжилттай хүрсэн гэж үзэж байна вэ?
-2017 оны үндсэн чиглэлийн гол зорилго нь макро эдийн засгийг тогтворжуулах, эрх зүйн шинэчлэлийг хийж, сахилга хариуцлага, засаглалыг сайжруулах суурийг тавих байсан. Макро эдийн засгийг тогтворжуулахын тулд нэгдүгээрт, инфляцыг найман хувиас хэтрүүлэхгүй, хоёрдугаарт, валютын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулах байсан. Хоёрдугаарт, валютын нийт албан нөөц одоогийн байдлаар өнгөрсөн оны эхнээс 400 гаруй сая ам.доллараар нэмэгдсэн. Монголбанкны валютын нээлттэй позиц есдүгээр сарын байдлаар 809 сая ам.доллараар сайжирсан. Мөн Засгийн газартай хамтран гуравдугаар сард төлөх байсан Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, ирэх оны нэгдүгээр сард төлөх 500 сая ам.долларын Чингис бонд, зургадугаар сард төлөгдөх Димсам бондын эргэн төлөлтийг олон улсын зах зээл дээрээс бонд босгож дахин санхүүжүүлснээр төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулсан. Мөн энэ оны наймдугаар сард төлөх байсан Хятадын Ардын банкнаас 2013 оноос хойш своп хэлцлийн хүрээнд авсан юанийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг гурван жилээр хойшлуулсан. Эдгээр нь эдийн засагт амьсгаа авах боломж олгоод байна.

САНАЛ БОЛГОХ