Ажилгүйдлийг бууруулах найдвар нь уул уурхайн үйлдвэрлэл

Мөнгөний бодлого


Худалдаа, үйлчилгээний салбар хөдөлмөрийн зах зээлд өсөлт даллаж байна


Уул уурхайн салбарын үйлдвэрлэл эрчимжиж, тус салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдэх болсноор бусад салбар сэргэж эхэллээ. Тухайлбал, худалдаа, үйлчилгээний салбар энэ оны турш хөдөлмөрийн зах зээлд эерэг өсөлт даллахаар байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг тэтгэх төдийгүй ажилгүйдлийн түвшин цаашид буурахад сайн нөлөө үзүүлнэ гэж Монгол банкнаас гаргасан “Инфляцын төлөв байдлын тайлан”-д дурджээ. Ажиллах хүчний оролцоо нэмэгдэх хэрээр хөдөлмөрийн захын төлөв үргэлжлэн сайжрах таамгийг дээрх тайланд онцолсон байна. Улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны гуравдугаар сарын эцэст 34.2 мянга болсон. Үүний гурван хүн тутмын нэг нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн захад ажлын байр дамжсан шилжилт хөдөлгөөн хамгийн их байв. Тэгвэл он гарсаар энэ үзэгдэл тогтворжих хандлагатай боллоо. Эдийн засаг саармаг байсан жилүүдэд хөдөө аж ахуйн салбар илүү олон хүнийг ажлын байраар хангаж байсан.

Харин одоо уул уурхайн төслүүд хэрэгжиж эхэлснээр үүнийг дагасан барилга, дэд бүтэц, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажлын байр бий болж эхэллээ. Уул уурхайн салбарын хувьд ханган нийлүүлэгч болон тус­ лан гүйцэтгэгч компаниуд ажил эрхлэлтийг нэмэгдүүлж байна. Мөн худалдаа болон аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн тоо өсөж байгаа нь нийт ажил эрхлэлтийн өсөлтийг дэмжих хөшүүрэг гэдгийг “Инфляцын төлөв байдлын тайлан”-д тодотгожээ. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны эхний улиралд ажилгүй 18.1 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан гурван мянган иргэн ажилд зуучлагджээ. Тэгвэл энэ улиралд үүнээс ч олон иргэн ажилтай, орлоготой болох боломж харагдаж байна. Учир нь, оны хоёрдугаар улиралд, эдийн засгийн тэргүүлэх салбарууд эрчимжиж, үүнийг дагасан ажлын байрны олдоц нэмэгддэг зүй тогтолтой.

Азийн хөгжлийн банк болон дэлхийн банкны таамгаар манай улсын эдийн засаг энэ онд 3.8-5.3 хувиар өсөх төлөвтэй. Энэ нь ажил эрхлэлт сайжрах тулах цэг болж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гаргасан судалгаагаар, энэ онд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт 74.6 мянга болж, ажиллах хүчний эрэлт 2017 оныхоос 5.5 хувиар өсөх хандлагатай байна. Ажиллах хүчний нийт эрэлтийн 71.5 хувь нь байнгын ажлын байр байх аж. Ажлын байрны төрлөөр авч үзвэл, 65.3 хувь нь шинэ, үлдсэн нь сул ажлын байр байна. Эдийн засаг сэргэх хэрээр 2018 онд барилгын салбар, бөөний болон жижиглэн худалдааны салбарын ажиллах хүчний эрэлт нэмэгдэж байна. Тухайлбал, барилгын салбарт 18.6 мянган ажиллах хүчний эрэлт бий болох төлөвтэй. Эдгээр салбар нь хөдөлмөрийн зах зээлд эерэг нөлөө үзүүлэхээр байгааг салбарын яам онцоллоо.


Өнгөрсөн онд 10.9 мянган ажиллах хүчний хомсдол бий болжээ



Харин санхүү болон даатгал, үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллах хүчний эрэлт хамгийн бага байх төлөв харагдаж байна. Өнгөрсөн онд хөдөлмөрийн зах зээлд зохих мэргэжилтэй ажилтан олдоогүйгээс 10.9 мянган ажиллах хүчний хомсдол аж ахуйн нэгж, байгууллагуудын хэмжээнд бий болжээ. Үүнд автомашин, мотоциклийн зас­вар үйлчилгээ, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбар хамгийн их өртсөн байна. Эрэлттэй байгаа мэргэжилд барилга, үйлдвэрлэл аж ахуйн туслах ажилтан, цэвэрлэгч, угаагч үйлчлэгч зэрэг мэргэжил шаардахгүй энгийн ажил мэргэжил голлож байна. Бүтээн байгуулалтын улирал дөхөж буй энэ үед засалчин, шаварчин, цахилгаанчин, тогооч, оёдолчин ажлын байрны эрэлтийг өнгөлөх аж. Дээд боловсролоор бэлтгэдэг ажил мэргэжлээс нягтлан бодогч, барилгын инженер, хийн хоолойн инженер дээрх жагсаалтад багтжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.5 мянга нь нийслэлд оршин сууж байна. Бүсүүдээс баруун таван аймагт ажилгүйдэл хамгийн өндөр байгаа бол төвийн бүс удаалах аж. Тухайлбал, баруун бүсэд нүүрсний болон алтны хоёр төсөл хэрэгжиж байна. Эдгээр төсөл үргэлжилж буй ховд болон Завхан аймгийг эс тооцвол бусад аймагт ажлын байр олноор бий болгох хэмжээний уурхай алга. харин монголчуудын уламжлалт салбар нүүдлийн мал аж ахуй томоохон ажил олгогч хэвээр байна.




САНАЛ БОЛГОХ