13516

Амьдралын зөв хэвшил 19454 хүнийг аварна
Эрүүл мэнд
Засгийн газар халдварт бус өвчинд жилд 57.2 тэрбум төгрөг зарцуулдаг
Амьдралын буруу хэвшил, хорт зуршлаас шалтгаалсан өвчлөл манай улсын хүн амын дунд хурдтайгаар өсөн нэмэгдэж байна. Архи, тамхины хэрэглээ, буруу хооллолт, хөдөлгөөний идэвхгүй байдлаас шалтгаалсан халдварт бус өвчин нас баралтын 70 гаруй хувийг эзэлж буй. Ялангуяа чихрийн шижин, цус харвалт, зүрхний шигдээс зэрэг эрүүл амьдралын хэв маяг алдагдсанаас үүдсэн зүрх, судасны өвчлөл газар авчээ. Түүнчлэн эрчүүдийн 48 хувь нь тамхи татдаг бол манай улсын нэг иргэнд жилд 7.8 литр архи оногдож байгаа зэрэг иргэдийн эрүүл мэндийг доройтуулж буй таагүй үзүүлэлтийг олноор нь нэрлэж болохоор байна.
Засгийн газар дээрх халдварт бус өвчинд жилд 57.2 тэрбум төгрөг зарцуулдаг. Иргэдийн халааснаас гарч буй мөнгө үүнийг давна уу гэхээс дутахгүй. Ийм төрлийн өвчлөл цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байгаа тул зардал нь ч дагаад өсөх нь. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтарсан судалгаанд халдварт бус өвчин монголчуудын эрүүл мэндээс гадна, амьжиргаа, бүтээмжид ихээхэн нөлөөлж байгааг дурджээ. Наад зах нь түр болон удаан хугацаагаар ажлаас хөндийрөх шалтгаан болж, хөдөлмөрийн бүтээмжийг бууруулдаг. Хувь хүн зуурдаар нас бараха үлдсэн он жилүүдэд хийж бүтээх байсан хөдөлмөрийн үр дүн үгүй болдог. Бага болон дунд орлоготой орнуудын хувьд 2011-2030 он хүртэл амьдралын буруу зуршилтай холбоотой өвчний улмаас бий болох эдийн засгийн алдагдал 21 их наяд гаруй ам.долларт хүрэх тооцоо байна. Үүний гуравны нэг нь зүрх, судасны өвчнөөс шалтгаална гэж таамаглажээ.
Архи, тамхины хэрэглээ, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдлаас шалтгаалсан халдварт бус өвчин монголчуудын дундах нас баралтын 70 гаруй хувийг эзэлж байна.
Тэгвэл хүн амын дунд хүрээгээ тэлж буй, ирээдүйд өрхийн амьжиргаанаас эхлээд улсын төсөвт үлэмж дарамт учруулах дээрх хорт зуршлыг хэрхэн бууруулах вэ. ДЭМБ-ын судлаачид манай улсад архи, тамхи, давсны хэрэглээг багасгаж, зүрх судасны өвчнийг бууруулж, урьдчилан сэргийлэх үзлэгийг сайжруулснаар эрсдэлийг эрс багасгах боломжтой гэж дүгнэж, дараах зөвлөмжийг өгч байна.

Засгийн газраас давс багатай хүнсний хэрэглээг дэмжиж, олон нийтэд чиглэсэн сурталчилгаа явуулахад нэг төгрөг зарцуулбал энэ нь 15 жилийн дараа улсын эдийн засагт 16.9 төгрөгийн өгөөж авчирна гэж тооцсон байна. Харин согтууруулах ундааны татварыг нэмж, хүртээмжийг хязгаарласнаар үүнд зориулсан нэг төгрөг 13.6 төгрөгийн өгөөж өгөх аж. Тамхины онцгой татварыг нэмж, шууд бус сурталчилгааг хориглосноор үүнд зарцуулсан нэг төгрөг 13 дахин үржих боломжтой юм. Мөн зүрх, судасны өвчлөлийг бууруулахын тулд илүүдэл жин, цусны даралтыг “онилсон” нэг төгрөг гурав дахин өсөх тооцоо гарчээ. Дээрх багц зөвлөмжийг хэрэгжүүлэхэд Монгол Улсад ирэх 15 жилд буюу 2032 он хүртэл 364.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай болох аж. Үүний үр дүнд иргэдийн эрүүл мэнд сайжирч, ажиллах хүчний бүтээмж нэмэгдсэнээр Монгол Улсын эдийн засагт 990 сая ам.доллар буюу 2.4 их наяд төгрөгийн үр ашиг авчрах юм.
ДЭМБ-ын Суурийн төлөөлөгч Сергей Диордица “Халдварт бус өвчин зөвхөн Монгол Улсын биш, Номхон далайн баруун эргийн бүсэд тулгамдсан асуудал болоод байна. Хэрэв Монгол Улс ирэх 15 жилд нэг хүнд 125 мянган төгрөг зарцуулбал зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралт, эндэгдэл буурах бүрэн боломжтой.
Амьдралын буруу зуршлаас үүдэн алдагдсан боломж нь 21 их наяд төгрөг
Нэг хүнд оногдох хөрөнгө нь хэдийгээр бага ч эргээд маш их өгөөж өгдөг. Тиймээс эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэх ёстой” гэв. Түүнчлэн, НҮБ-ын Халдварт бус өвчний асуудал хариуцсан төрөлжсөн багийн нарийн бичгийн газрын дарга Ник Банатвала “Халдварт бус өвчинд зарцуулах өнөөгийн хөрөнгө оруулалт иргэд, улс орон өвчний эмчилгээ болон бусад зардалд зарцуулах мөнгийг хэмнэдэг. Түүнчлэн эрүүл иргэдийн ажлын бүтээмж өссөнөөр амьдралын чанар нь сайжирдаг. Хамгийн гол нь эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө оруулалт хүний амь нас авардгаараа хамгийн үнэ цэнэтэй” гэж өгүүллээ.
Хэрэв ДЭМБ-ын зөвлөж буйгаар халдварт бус өвчнийг бууруулах, хорт зуршилтай тэмцэхэд хөрөнгө оруулбал 15 жилийн хугацаанд 19454 хүнийг амь насаа цаг бусаар алдахаас аврах юм. Зөвхөн давсны хэрэглээг бууруулж чадвал 10403 хүнийг аварч, тамхины хор уршгаар нас барж буй монголчуудын тоог дөрөв орчим хувиар бууруулах боломжтой юм байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Хүн амын нас баралтын 70 гаруй хувийг хорт зуршлаас үүдсэн өвчин эзэлж байна гэдэг анхаарал хандуулах ёстой хэмжээ. Эрүүл мэндийн яамнаас үүнийг бууруулахын тулд нэн түрүүнд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг үргэлжлүүлэх санал гаргахаар бэлдэж байна. Түүнчлэн үе мөч, зүрх судас, хоолой зэрэг халдварт бус өвчний суурь болсон шүдний өвчнийг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр зэхэж байгаа. Мөн үндэсний хэмжээнд явуулын амбулаторитой болж, урьдчилан сэргийлэх үзлэгийг бодитоор хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гаргаж байна” гэж байр сууриа илэрхийллээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй