Хиймэл шүдтэй Монгол

Эрүүл мэнд

Монголын гурван хүн тутмын нэг нь хиймэл шүдтэй

Өвдөхөөс нааш эмчид очдоггүй муу зан монголчуудад бий. Ялангуяа шүд нь цоорч, тэсэхийн аргагүй өвдөхгүй бол эмнэлгийн хаалгаар шагайдаггүй. 1990-ээд онд монголчуудын 90 гаруй хувь нь шүдний ямар нэгэн өвчинтэй гэсэн судалгаа гарч байсан нь өдгөө бараг өөрчлөгдсөнгүй. Харин энэ нь даамжирч монголчуудын халдварт бус өвчний суурь шалтгаан болжээ. Ялангуяа амны хөндийн эрүүл ахуйг сахиагүйгээс зүрх судасны өвчтэй болох нь нэмэгдсэн гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Хоолны орцонд чихэр, амттан жин дарж байгаа ч амны хөндийн эрүүл мэнд дутсан буруу зуршил буурсангүй. Судалгаанаас харахад хүн амын 94.1 хувь нь шүдээ угаадаг гэж хариулсан бол 56.6 хувь нь өдөрт хоёр ба түүнээс дээш удаа угаадаг гэжээ. Үүнээс харахад монголчуудын бараг тал нь өглөө, орой, хоол идсэний дараа амны хөндийн ариун цэврийг сахиж дадаагүй байгаа юм. Шүдээ тогтмол угаах дадал эмэгтэйчүүдийн дунд эрчүүдээс харьцангуй илүү байна. Эмэгтэйчүүдийн 69.2 хувь ийм дадал эзэмшсэн бол эрчүүдийн талаас бага буюу 43.8 хувь нь шүдээ тогтмол угааж хэвшсэн гэсэн үзүүлэлт гарчээ. Шүдний өвчин зөвхөн хүүхдүүдийн дунд элбэг байдаг гэж ойлгох нь өрөөсгөл. Өндөр настнуудын дунд ам дүүрэн шүдтэй хүн ховор болжээ. Шүдээ угааж, арчлах дадал нас ахих тусам буурч байгаа аж. Энэ нь эдгээр настнууд бага, залуу наснаас амны хөндийн ариун цэвэр сахих дадал суугаагүйтэй холбоотой гэж мэргэжилтэн тайлбарлалаа.

Нөгөө талаар дүүргийн эмнэлгүүд ачаалал ихтэй, эмчид очиж үзүүлэхийн тулд үүрээр босч дугаарлах шаардлага тулгардаг, эмч нарынх нь ур чадвар тааруу зэргээс болоод иргэд эмнэлэг бараадахаас төвөгшөөдөг тал бий. Энэ нь шүдний өвчлөлийг нэмэгдүүлж буй хүчин зүйлийн нэг юм.

Монголчууд шүдээ эмчид тогтмол үзүүлдэггүй, цоорч, эмчилгээ авахгүй болсон хойно нь эмнэлэгт ханддагаас ёзоороор нь авахаас өөр аргагүй болж, оронд нь хиймэл шүд хийлгэх нь түгээмэл. Манай улсын гурван хүн тутмын нэг нь хиймэл шүд хэрэглэдэг байна.

Шүдний цоорол зүрх, судасны өвчний шалтгаан болдог
Хүний биед шүдний өвчлөлөөс болж 100 гаруй өвчин үүсдэг. Үүн дотор элэг, бөөр, зүрх болон бусад дотор эрхтний өвчин түгээмэл тохиолддог бөгөөд хамгийн их хор уршигтай. Амны хөндийд үржсэн нян цусанд орсноор бохирдуулж, өвчний эх үүсвэр болдог аж. Хамгийн наад захын жишээ гэхэд цоорхой шүдтэй хүн нянтай шүлсээ залгиснаар хоолой өвддөг байна.

Хүний биед шүдний өвчлөлөөс болж 100 гаруй өвчин үүсдэг. Үүн дотор элэг, бөөр, зүрх болон бусад дотор эрхтний өвчин түгээмэл тохиолддог байна.
“Үе мөч, зүрх судас, хоолой зэрэг халдварт бус өвчний суурь болсон шүдний өвчнийг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр зэхэж байгаа. Урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөс болж амь насаа алдана гэдэг тун харамсалтай” гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэв. Тэрбээр “Хэдийгээр манай улсад жил бүр нийгмийн даатгалаар үнэгүй үзлэгт орох боломжтой ч иргэд тэр бүр хамрагддаггүй. Ялангуяа, орон нутагт эмнэлгийн үйлчилгээ тааруу байдгаас иргэд эрүүл мэнддээ төдийлэн анхаардаггүй. Тиймээс яг малчны гадаа очоод амны хөндийн болон бусад урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг явуулын амбулаторитой болох нэн шаардлагатай” гэдгийг онцлов.
САНАЛ БОЛГОХ