“Эрдэнэс Таван толгой”-н хувь заяаг шийдэхэд дэндүү “нялх” байна

Мэдээ


Хятадууд “Эрдэнэс Таван Толгой”-н хувьцааг худалдаж авч байна гэсэн сургаар Урт цагааны гудамж яг л хар зах шиг олны хөлд дарагдсан цаг саяхан. Цуу ярианд итгэж, өдөржин, шөнөжин дугаарласан хүмүүст сүйхээтэй нэгэн нь хуушуур, бууз хүртэл зарж, ашиг олж байлаа. Энэ бол монголчууд хувьцааны талаар ойлголт муутай, үнэ цэнийг нь мэддэггүй, хэдхэн өдрийн хоолны мөнгөөр солиход ч бэлэн гэдгийг харуулсан хамгийн ойрын тод жишээ. Үүнээс хойш иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсрол ялимгүй дээшилсэн ч хувьцааны ашиг тусыг төдийлэн ойшоохгүй хэвээр байна. Ялангуяа, “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаанд хандах иргэдийн хүлээлт, хандлага эрс буурчээ. Энэ нь эргээд 1072 үнэгүйдэх эрсдэлд хүргэж мэдэхээр байна. Гэтэл сүүлийн хэдэн өдөр монголчууд нийтээрээ хувьцааг нь эзэмшдэг ганц төрийн өмчит компанийг хөрөнгийн бирж дээр бүртгэж, хувьцааг нь арилжаалах талаар хэлэлцүүлэг өрнүүлж эхэллээ.

Нээлттэй компани болгох уу, хаалттай хэвээр байлгах уу, хэдэн хувийг нь иргэдэд өмчлүүлэх вэ зэрэг маш олон санал гарч байна. Ирэх сонгуулиас өмнө амь оруулах, иргэдэд хувь хишгийг нь хүртээх ёстой гэсэн саналыг цөөнгүй эдийн засагч, улстөрч хэлж буй. Гэвч үүнд олон нийт бэлэн үү. Хувьцаагаа арилжих эрхтэй болмогц хоолны хэдэн төгрөгөөр зарж, цөөн хэдэн олигархын гарт “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа төвлөрөхгүй гэсэн баталгаа байна уу. 1990 онд өмч хувьчлалын үеэр монголчуудын олонх нь ягаан, цэнхэр тасалбараа хоолны мөнгөөр сольчихсон. Тухайн үедээ хувьцааны тухай арай мэдээлэл, мэдлэгтэй байсан хэсэг нь үүнийг нь цуглуулж аваад хур баячууд болцгоосон түүх бий. Үүнээс хойш хадгаламж зээлийн хоршооны өндөр хүүтэй хадгаламжид хууртсан иргэд хошуурч очоод л мөнгө, хөрөнгөөрөө тоглочихсон. Хамгийн сүүлд гэхэд криптовалютын арилжааны мөн чанарыг ойлголгүйгээр мөн л шуурч ороод цөөнгүй иргэн эндээс хохирсон. Энэ мэтээр монголчуудын олонх нь богино хугацаанд хялбар аргаар л мөнгө олохоор байвал эрсдэл, ирээдүйгээ боддоггүй гэдгийг харуулах олон жишээг хэлж болохоор байна. Манай улсын хөрөнгийн зах зээл 2010 оноос хойш идэвхжиж, иргэдийн оролцоо нэмэгдэж байгаа. Компаниуд хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох буухиаг амжилттай үргэлжлүүлж байна.

Хөрөнгийн зах зээлийн арилжаанд хүн амын тав орчим хувь нь л оролцдог

Гэвч энэ бол монголчууд нийтээрээ хөрөнгийн зах зээлийн тухай зөв ойлголттой болж, арилжаа хийх чадвар, мэдлэгтэй болсон гэсэн үг биш. Одоогоор хөрөнгийн зах зээлд 3-5 мянган хүн л оролцдог гэсэн тооцоо байдаг. Хамгийн ихээр бодоход хүн амын таван хувь нь л энэ салбарт их, бага хэмжээгээр оролцдог гэдгийг эдийн засагчид хэлдэг. Өөрөөр хэлбэл, үлдсэн 95 хувь нь энэ зах зээлээс хөндий байдаг гэсэн үг. Хадгаламжийн тоо, хэмжээнээс ч энэ дүр зургийг олж харж болно. Нийт хадгаламжийн 80-90 хувийг таван хувь нь л эзэмшиж буй. Мөн хөрөнгийн зах зээл дэх хувьцааны төвлөрөл ч ийм харьцаатай байдаг. Тэр мэдлэг, мэдээлэлтэй хэсэг бүлэг хүмүүст “Эрдэнэс Таван толгой”-н хувьцаагаа амь оруулах нь ашигтай байдаг л байх. Гэхдээ тэдний эрх ашгийн төлөө бусад 90 гаруй хувийг хохироож болохгүй. Дундаж давхарга нь маш эмзэг, ядуучууд нь улам туйлдаж буй энэ нийгэмд хүчтэй нь хүчгүйгээ гэдэг зарчим жинхэнэ утгаараа үйлчилнэ гэсэн үг. Ерөөсөө л цөөн хэдэн хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр, нийгмийн сүлжээгээр хувьцаа, арилжаа яриад байгаагаас биш монголчууд нийтээрээ 1072 хувьцааг амь оруулахыг шахаж, шаардаад байгаа ч юм биш. Таван толгой бол стратегийн маш чухал орд. Манай улсын коксжих нүүрсний экспортын 30 хувийг дангаараа бүрдүүлдэг. Монголыг арав, хорь биш зуун жилээр тэжээх ирээдүйтэй уурхай. Тиймээс түүний хувьцааны багц, удирдлагын эрх хэний гарт очихыг хар масст даатгана гэдэг дэндүү том алдаа болно.

• Иргэдийн 60-аас дээш хувь нь 1072 хувьцаагаа хоолны мөнгөөр сольчихооргүй болсон үед л “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг нээлттэй арилжаалж эхлэх шаардлагатайг эдийн засагчид анхааруулж байна.

• Дараагийн ээлжийнхэн хоолондоо орохоос өмнө гэж яаруу, сандруу шийдвэр гаргаж болохгүйг улстөрчдөд хатуу сануулмаар байна.

•Хувьцаагаа арилжих эрхтэй болмогц хоолны хэдэн төгрөгөөр зарж, цөөн хэдэн олигархын гарт “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа төвлөрөхгүй гэсэн баталгаа байна уу.

Ялангуяа, иргэдийн гуравны нэг нь ядуу амьдарч байгааг тооцохгүй орхиж болохгүй. Хүүхэд нь уранхай гутал хувцастай, гэр нь хоногийн хоолгүй үгээгүй хоосон иргэдэд тав, арван жилийн дараах хувьцааны өгөөж огт хамаагүй. Наанадаж “Эрдэнэс Таван толгой”-д бараа бүтээгдэхүүн зардаг компанийн мэдэлд очвол тэнд жинхэнэ шахааны бизнес цэцэглэнэ. Цаанадаж гаднын нэг улсын мэдэлд шилжихийг ч үгүйсгэхгүй. Бидэнд стратегийн орд, уурхайн асуудалд эхнээсээ нухацтай хандахгүй бол дараа нь хэчнээн уйлж гуйгаад, загнаж зандраад ч нэмэргүй гэдгийг “Оюутолгой”-н гэрээ маш тод харуулж буй. Тиймээс ядаж иргэдийн 60-аас дээш хувь нь 1072 хувьцаагаа хоолны мөнгөөр сольчихооргүй болсон үед л “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг нээлттэй арилжаалж эхлэх шаардлагатайг эдийн засагчид анхааруулж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ талаар “Сонгуулийн мөчлөг, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж тоглолт хийдгийг болиулах ёстой. Энэ хувьцааг иргэд эзэмшдэг ч зарагдахгүй, улстөрчид үүнд оролцохгүй байх ёстой” гэж байр сууриа илэрхийлсэн. Ийнхүү 1072 хувьцааг амь оруулж, хувьцааг нь арилжихад монголчууд бэлэн биш байна.

Харин ногдол ашиг тараахад “Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө бэлэн биш байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд олсон ашгаа Хүний хөгжил сангийн өрөнд өгсөөр компанийг үнэлэх, судлах ажил орхигджээ. “Энэ уурхайг 2010 оноос хойш судлалгүйгээр ухсан. Нарийвчилсан судалгаа хийгээгүй учраас уурхайг үнэлэх боломж гараагүй. Зургаан тэрбум тоннын баялагтай гэдэг нь дөнгөж таамаг нөөц. “Эрдэнэс Таван толгой” компани жил гаруйн өмнөөс л судалгааны ажил хийж эхэлсэн. Олсон бүх мөнгийг нь төр хамаад авчихдаг учраас нүүрсний үнэ өсөхөд олборлолтоо нэмэхийн тулд зээл авдаг. Цаашдаа ядаж хоёр жилийн эрсдэлээ даах хэмжээний сантай байх ёстой” гэж “Эрдэнэс Таван толгой” компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн П.Өлзийнаран өгүүлэв. Мөн MICC брокер, диллерийн компанийн гүйцэтгэх захирал Д.Ачит-Эрдэнэ ногдол ашиг тараахын оронд компанийн дэд бүтэц болон бусад төслүүдэд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэдгийг дурджээ. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг үг бий. 2020 оны сонгуулиас өмнө, дараагийн ээлжийнхэн хоолондоо орохоос өмнө гэж яаруу, сандруу шийдвэр гаргаж болохгүйг улстөрчдөд хатуу сануулмаар байна.


САНАЛ БОЛГОХ