Оюутолгой ХХК-ийн бэлэглэсэн гал унтраах төхөөрөмж агуулахад хаягджээ

Мэдээ


Монгол орны газарзүйн онцлогоос шалтгаалж хавар болон зуны эхэн сард ой хээрийн түймрийн гаралт, идэвхжилт өндөр байдаг. Хамгийн сүүлийн байдлаар Сэлэнгийн Ерөөд гарсан түймрийг унтраахаар хоёр аймаг, нийслэлээс хүч нэгтгэсэн онцгойгийнхон ажиллаж байна. Албаныхны өгсөн мэдээллээр нийт 180 орчим хүн Ерөөгийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж. 12 автомашин, зургаан морьтой гал сөнөөгчид хүрз, лоом, сүх, троссон шүүр, гөвүүр гэх мэт “гарын доорх” материалаар зэвсэглэн улаан галтай тэмцэж байна. Мэдээж ОБЕГ-аас ой хээрийн түймэрт ашиглахаар худалдан авсан 50 м/секунд үлээх хүчин чадалтай үлээгч аппарат, гал сөргүүлэн тавих цурамлагч, ус шүршигч гар носос, цахилгаан хөрөө байгаа л даа.

Харин түймэр гарсан газар нь улаан тайга, уулын хажуу тул автомашин байтугай хүчтэй техник ашиглах боломжгүй байгаа юм. Ер нь ОБЕГ-т ямар хүчирхэг техникүүд байгаа талаар сураглахад нэг, зургаа, 21 тоннын ус зөөвөрлөх машинаас эхлээд БХЯ-наас өгсөн бартаа туулах чадвартай BMB загварын гинжит хуягтууд байдаг гэнэ. Тэднийг ой хээрийн түймэрт ашиглах зориулалтаар тоноглосон ч уулын эгц налууд гарсан түймэрт ашиглах боломжгүй байгаа юм. Тийм учраас гал унтраагчдыг галын голомтод хүргэх хоол хүнс техник хэрэгслээр хангахын тулд Ми8 нисдэг тэрэг хөлөглөдөг аж. Ерөө суманд гарсан галыг унтраахад ч Зэвсэгт хүчний 303 ангиас Ми8, МЕ371 нисдэг тэргийг ашиглаж байна. Нисдэг тэрэг ашиглахдаа улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хөөргөдөг тул тэр бүр дайчлаад байдаггүй. Зайлшгүй тохиолдолд машин техник хүрэх боломжгүй газар нисдэг тэргийг хүн хүч, хоол ачаа хүргэх зориулалтаар л ашиглаж байгаа юм.


• Өнгөрсөн жил Оюутолгой компаниас ОБЕГ-т МИ8 нисдэг тэрэгт зүүж агаараас гал унтраах зориулалттай олон тоннын багтаамж бүхий хөнөг бэлэглэсэн байдаг.

• ОБЕГ болон БХЯ-нд ч нисдэг тэрэгнээс хөнөг зүүх бүү хэл торх дүүжилж хөөрсөн дадлага, туршлагатай нисэгч алга.

• Бусдын хөдөлмөрийг үнэлэх байдлаар хандсан бол хайран боломж агуулахын буланд хэвтэхгүй байлаа.


Гэтэл гадаадад ойн түймрийг агаараас хүчирхэг техник ашиглан хүн хүчний оролцоо, зардал чирэгдэл багатай унтраачхаж байна. ОХУ-ын өвөрбайгальд гарсан тайгын түймрийг агаараас ус, хор, хөөсөөр “бөмбөгдөөд” унтрааж байгаа тухай нэвтрүүлэг оросын РТР телевизээр саяхан гарч байна лээ. Манайд бол нисдэг тэргээр ус, хөөс цацаж байсан явдал нэгээхэн үгүйгээр барахгүй зөвхөн ууттай нунтаг хор зөөж тээвэрлэх л байдлаар агаарын хөлөг ашиглаж байна. Өнгөрсөн жил оюутолгой компаниас ОБЕГ-т Ми8 нисдэг тэрэгт зүүж агаараас гал унтраах зориулалттай олон тоннын багтаамж бүхий хөнөг бэлэглэсэн байдаг. Харин түүнийгээ манайхан ашиглаж чаддаггүй ээ. Чадахгүй байгаа шалтгааныг олон хүчин зүйлээр тайлбарлаж байна. Нэгдүгээрт, ОБЕГ болон БХЯ-нд ч нисдэг тэрэгнээс хөнөг зүүх бүү хэл торх дүүжилж хөөрсөн дадлага, туршлагатай нисэгч алга. Хоёрдугаарт тэр хөнөгөөр ус зөөвөрлөхийн тулд 0.8-1.6 км урт, 50-60 метр өргөн, 150-250 метр гүн гол, нуур байх шаардлагатай аж. Манайд энэ стандартыг Хөвсгөл нуур л хангаж байна. Дээр нь манай орны агаарын даралт, нисдэг тэрэгний хурд, хөнөгийн жинд нөлөөлөх таталцлын хүч гээд олон хүчин зүйл нөлөөлдөг бололтой юм. Тэгэхээр тэр төхөөрөмжийг зөвхөн Хөвсгөл нуурын орчимд гарсан түймэрт л ашиглах боломжтой. Өөр байршилд гарсан түймэр унтраахад ашиглана гэвэл Хөвсгөл нуураас л усаа зөөх болно. Тиймээс Оюутолгой компанийн бэлэглэсэн хөнөгийг ашиглах шаардлага тун бага байх аж. Гэтэл манай улсын онцгой комиссынхон хөнөг ашиглах Ми8 нисдэг тэргээ бэлдчихээд хөнөг зөөдөг нисэгч бэлтгэхээр ГХЯ-аар дамжуулан ОХУ-аас эксперт “захиалчихаад” сууж байна. Өөрөөр хэлбэл, тэмээн дээр ямааны гарз гэгч болох нь.


Энд Оюутолгой компанийг буруутгаж бэлгийн морины шүд үзэх гээгүйг онцлох хэрэгтэй. Манай мэргэжилтнүүд судлаад нийлүүлэгч талдаа мэдээлэл өгчих санаа цахим орчин зөндөө л байна. Жирийн горхиноос ус утгах хөнөгөөс эхлээд том нуураас ус зөөвөрлөх хөнөг ч олноороо байна. Мэргэжлийн гэлтгүй бага оврын нисдэг тэргээр усан сангаас хөнөг ашиглан гал унтрааж байгаа жишээ ч цөөнгүй. Хандивлагчийн зүгээс тэр хөнөгийг төрийн шахаа шиг зүгээр ч нэг авчраад бэлэглэчихээгүй болов уу. Ой хээрийн түймэр унтраахад ашиглаж байгаа Ми8 онгоцонд суурилуулахаар тоноглогдсон олон тоннын багтаамжтайг нь онцолсныг тооцоход улсын онцгой комиссоос асуусан байх учиртай. Харин түүнд нь манайхан хариуцлагатай, бусдын хөдөлмөрийг үнэлэх байдлаар хандсан бол хайран боломж агуулахын буланд хэвтэхгүй байлаа. Наанадаж өнөөдөр Ерөө суманд гарсан түймэрт 168 хүн хүйтэн тайгад хөрч, халуун галд хайруулах шаардлагагүй байв. Зөвхөн 168 хүн тус бүрийн хээрийн нэмэгдэл цалинд өдрийн 29000 төгрөг зарцуулахад төсвөөс 58.4 сая төгрөг гарч байна. Үүн дээр 12 автомашины шатахууны зардал, нисдэг тэрэгний дөрвөн удаагийн нислэг гээд олон сая төгрөгийн зардал урссаар байна. Төрийн мөнгө ёолох учиргүйд монгол хүний сэтгэл үл зовно хэмээх энэ буюу.


САНАЛ БОЛГОХ