Имижгүй Монголд дэлхийн зах зээл хол

Нийтлэлчийн булан


Дэлхий Монголыг хэрхэн дүгнэдэг бол. Энэ асуултыг 36 улсын 380 мянган хүнээс түүвэрлэн асуужээ. Гэтэл эдгээрийн 80 хувь нь Монгол гэж улс байдгийг огт мэддэггүй, ердөө 20 хувь нь дуулсан эсвэл мэддэг гэж хариулсан байна. Бүр Монголын тухай сонссон гэх 20 хувийн гуравны хоёр нь биднийг Өвөр Монголтой андуурдаг аж. Гадаад ертөнц дэх Монголын нэр хүнд, эрэмбэ зиндааг илэн далангүй илчилсэн энэ судалгааг Монголын үндэсний брэндийн зөвлөл өнгөрсөн онд хийсэн юм. Монголыг гэх дэлхийн үнэлэмж ийм доогуур байхад бид тэрүүхэн тэндээ дэвхцэж, агуу түүхтэй ард түмэн хэмээн хий хоосон даналзсаар. Харин дэлхий өртөнц Азийн цээжин дэх жижиг Монголыг тоож байгаа ч юм алга гэхэд хилсдэхгүй. Анзаарах сөхөөгүй хөгжин дэвжсээр байна. Эдүгээгээс олон зууны тэртээ Монголчуудын алдар цуу дэлхий даяар цуурайтсан байж болно. Харин энэ зуунд бид дахин эх орноо таниулж, гадаад ертөнцтэй ахин “мэндчилэх” шаардлага тулгараад байна. Эс бөгөөс монголчууд өнгөрсөн зууны үеийн хөмөрсөн тогоонд үлдэх нь. Гадаад зах зээл дэх Монголын нэр хүнд ийм өчүүхэн байтал дэлхийн дэвжээнд хүч сорих манай компаниудын хүсэл улам буцалсаар буй. Сүүлийн 30 орчим жил чөлөөт зах зээлээр замнаж, эрийн цээнд хүрсэн тэд одоо дотооддоо өрсөлдөж ханажээ. Тиймээс зах зээлээ тэлж, олон улсад хөл тавьж, хүчээ үзэхээр зорьж байгаа. Гэвч хилийн дээс алхаад л Монголоо таниулах хүндхэн даалгавартай нүүр тулж буйгаа үндэсний компаниуд учирлаж байна. Монголын шаргал элсээр нэрлэсэн “Алтанговь” брэндээ дэлхийн зах зээлд гаргахаар зорьж буй АПУ хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг “Бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд танилцуулах гэхээр эхлээд улсаа таниулах хэрэгтэй болдог. Бидний ярианы 80 хувь нь Монгол улсын соёл, уламжлал, хөгжил дэвшлийн талаар өрнөсөн. Үлдсэн 20 хувьд нь өөрийн брэнд бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Ганцхан аж ахуйн нэгж эх орноо танилцуулна гэдэг хөрөнгө мөнгө, цаг хугацааны хувьд ямар ч боломжгүй. Тиймээс бид үндэсний брэндийг бий болгохдоо эхлээд Монгол хүн гэдэг брэнд дээр төвлөрч ажиллах нь чухал гэж бодсон” хэмээсэн буй билээ. Монголыг таниулах их үйлсийн сорилт бэрхшээлтэй нүүр тулсан энэ эрхмийн үг дэлхийд гарах хүсэл тээж буй хэн бүхэнд хамаатай. Дэлхий Монголыг мэдэхгүй байхад бид олон улсад гарна гэж дотроо хэчнээн чичрээд нэмэргүй гэдгийн баталгаа.

Өөрөөр хэлбэл, өөрсдөө Монголыг таниулахгүйгээр, Монголын имижийг эерэг болгохгүйгээр олон улсын зах зээлд гарах тухай бодохын ч хэрэггүй гэдгийг сануулж буй. Дэлхийн зах зээлийг том гэгчийн супермаркет гэж үзвэл бид лангуун дээр нь өвөрмөц, содон ямар бүтээгдэхүүнийг хэрхэн тавих нь өнөөг хүртэл асуултын тэмдэг хэвээр. Хэдийгээр Монгол улс өдгөө олон улсын таваарын зах зээлд өрсөлдөж байгаа ч хэдий хүртэл хэдхэн төрлийн түүхий эдээ нийлүүлэх билээ. Тиймээс уул уурхайгаас олсон орлогоороо дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээж бий болгох нь зүй ёсных. Улс орнууд ч дэлхийн 200 гаруй орноос өөрсдийн өв соёл, онцгой сэтгэгдэл, бусдаас ялгарах язгуур мөн чанараа таниулах буюу брэндингийн төлөөх өрсөлдөөнд хэдийнэ нэгдээд байна. Үүнийхээ хүчинд герман улс автомашин, Франц улс вино, үнэртнээрээ гээд өөрсдийн брэндингийг хэдийнэ дархалсан. Өмнөд Солонгосын олон ангит “өвлийн хайрын дуу” кино олон улсын хүртээл болсны дараа тус улсын кимчины экспорт 27 хувиар өссөн байдаг. Энэ бол урлаг, соёл, уламжлалаараа дамжуулан эдийн засгийн өгөөж хүртэж, зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг болсон брэндингийн бодит жишээ юм. Германы судалгааны компани улс орны брэндингийн индекс болох Nation Branding index-ийг жил бүр танилцуулдаг. Засаглал, хөрөнгө оруулалтын орчин, экспорт, аялал жуулчлалын хөгжил, ард түмний харилцаа зэрэг үзүүлэлтээр хэмждэг уг жагсаалтад брэндингээр тэргүүлэгч 50 улсыг багтаадаг байна. 2016 онд уг жагсаалтыг тэргүүлж байсан АНУ 2017 онд хойш ухарч, манлайллаа Германд алджээ. Учир нь өнгөрсөн онд агуу гэгддэг Америк амиа бодсон нэг бус алхам хийж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын тэмцлээс хойш суусан нь АНУ-ын эрэмбийг таван байраар ухраажээ.


• Ганцхан аж ахуйн нэгж эх орноо танилцуулна гэдэг хөрөнгө мөнгө, цаг хугацааны хувьд ямар ч боломжгүй.

• Монголыг таниулахгүй, Монголын имижийг эерэг болгохгүйгээр олон улсын зах зээлд гарах талаар бодохын ч хэрэггүй.

• Гарт баригдаж, нүдэнд харагдахгүй атлаа брэндинг нь үнэ цэнэтэй.


Харин уур амьсгалын өөрчлөлттэй эрчтэй тэмцэхээ мэдэгдсэн Франц улс энэ эрэмбээ таван байраар ахиулж чадсан байна. АНУ-ын ухарсан, Францын урагшилснаас харахад брэндинг нь нарийн эмзэг бөгөөд уран ухаан шаарддаг. Монгол улс энэ жагсаалтад багтдаггүй бөгөөд хэдийнэ ард хоцорсон. Гэтэл харьцангуй хаалттай Куба, Иран болон бидэнтэй ойр оршдог Казахстан улс багтчихсан байгаа юм. Уг нь Монголчууд нэн эртнээс урлаг, соёл, уламжлалаараа дамжуулан эдийн засгийн өгөөж хүртэж, улс орнуудыг өөртөө татах зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлсээр ирсэн. Үүнээс бидэнд хамгийн ойр буюу 1911-1990-ээд онд Монгол улс зөөлөн хүчний бодлогыг тууштай хэрэгжүүлж, өөрсдийн соёл, уламжлал, түүх, спортоор дамжуулан улсаа амжилттай сурталчилж байв. Гэвч чөлөөт зах зээл, ардчилалтай зэрэгцээд энэ бодлого задгайрчээ.

Гэлээ гээд Монгол улс хөгжин дэвжихийн тулд дэлхийд өрсөлдөхөөс аргагүй бөгөөд брэндинг бол санаачилга бус маш чухал шаардлага болчихоод байна. Олон улсын туршлагаар брэндинг бүтээх цэгээ төр нь хатгаж, түүнд хүрэх бодлого төлөвлөгөөгөө боловсруулдаг. Улмаар хувийн хэвшилтэйгээ хамтран зорилго төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, компаниудаа төр нь түшиж тулсанаар амжилтад хүрдэг байна. Гэхдээ гарт баригдаж, нүдэнд харагдахгүй атлаа брэндинг нь үнэ цэнэтэй. Дэлхийн шилдэг 25 брэнд компани гэхэд л тус бүр нь дунджаар зар сурталчилгааны зардалд 450 сая ам.доллар зарцуулдаг байгаа юм. Энэ бол манай төсвийн орлогын багагүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгө. Брэндингийг бүтээх нь хөрөнгө мөнгөнөөс гадна цаг хугацаа, тууштай, оновчтой бодлого, төр, хувийн хэвшлийн тогтвортой түншлэл шаарддаг. Тухайлбал, 1970 оноос эхлүүлсэн ажлынхаа үр шимийг БНСУ 2000 оноос хүртэж эхэлсэн байна. Гэтэл манайд ингэж тууштай үргэлжлүүлэх тогтвортой засаглал бий билүү. 2017 онд дэлхийд Монгол улсын үнэлэмж, байр суурь, Монгол хүний үнэ цэнийг таниулах Монгол улсын брэндийн зөвлөл байгуулсан. Энэ бүтэц суурь судалгаанууд хийж, энэ чиглэлийн төрийн бодлого боловсруулж байгаа. Харин цааашид Монголын имиж бүрдүүлэх үйлсийг тууштай үргэлжлүүлэх, энэ чиглэлд хувийн хэвшилтэй хүчээ нэгтгэж хамтран ажиллах нь чухал байгааг салбарынхан хэлж байна. Төрийн анхаарал халамж, тууштай бодлого, хувийн хэвшлийн хичээл зүтгэл дор алсдаа ашиг авчрах брэндинг өсөж торних нь. Эс бөгөөс дэлхийд танигдаагүй бид гадаад зах зээлд гарна гэж дотооддоо хэчнээн тунхаглаад ч хоосон цуурай төдий л үлдэх нигууртай.


САНАЛ БОЛГОХ