Тоглохыг хориглоно

Сурвалжилга

Гадна талбайн тоглоомууд элэгдэж, эвдэрсэн, шал нь хатуугаас хүүхдүүд бэртэж байна

Тоглоомын талбай хүүхдүүдийн тоглож нааддаг бүс болохоос бэртэж гэмтдэг, дахин зүглэхээс айдаг газар байх учиргүй. Үнэндээ манай тоглоомын талбайнууд ихэвчлэн сонгуулиар зүс орж, эсвэл шинэ орон сууц баригдахад дагаж босдог жамтай.

Шинэдээ бол тун гоё. Цэнхэр, шар, улаан гээд тод өнгийн хослол, төрөл бүрийн дасгал хийх, бас тоглох сонголттой. Зарим талбайн хажууханд нь бяцхан усан оргилуур барьсан ч харагддаг. Гэвч удалгүй л энд тэндээс нь ёрдгор төмөр гозойж, далийсан, хугарсан, салаад уначихсан сэг болж үлддэгийг хэн бүхэн мэднэ.

Гозойж үлдсэн хэд нь бүр социализмын үеийн, хээр талд аянга, цахилгаан хураадаг станц уу гэлтэй зэвэрсэн төмөр л байна. Өнгө, үзэмж нь байг гэхэд хүүхдэд аюулгүй байх хэрэгтэйг олон эцэг, эх хэлдэг. Фэйсбүүк дэх 27 мянга гаруй гишүүнтэй эцэг, эхчүүдийн группт явуулсан бэсрэг судалгаагаар 90 хувь нь гадна тоглоомын талбайг аюултай, сонголт муутай, ихэнх тоглоом нь эвдэрсэн учир сэтгэлд нийцдэггүй гэж хариулсан юм. Тиймээс бид хүүхдийн талбайн тоглоомуудын аюулгүй байдлыг хөндлөө.

Юм бүхэнд гаднын жишиг татах дэмий. Гэхдээ гадна тоглоомын талбай дээр бол

ярихаас аргагүй. Стандарт бүхий тоглоомын талбайн шал нь элс, зөөлөн шороо, эсвэл резинэн зөөлөвчтэй байдаг. Түүнээс биш манайх шиг хатуу цемент, чулуун хавтан дэвсчихээд “Унасных нь хохь” гээд сууж байдаггүй.


Сүүлийн үед хийгдсэн зарим талбайн гадаргуу зөөлөвчтэй болсон. Гэсэн хэдий ч Гэмтэл согог судлалын үндэсний төвд гадна тоглоомын талбай дээр тоглож байгаад гэмтэж бэртсэн гэх хүүхэд байнга ирдэг. Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс энэ оны есдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд нийт 177 хүүхэд тоглоомын талбайд гэмтэж, тус төвд ханджээ. Тэднээс 10 нь гавал тархины гэмтэл авч, 70 хүүхдийн яс хугарсан байна. Харин үлдсэн 97 нь шарх болон бусад зөөлөн эдийн гэмтэл авсан талаар ГССҮТ-ийн Статистик тандалт судалгааны албанаас мэдээлэв. Мөн тоглоомын талбай дээр гэмтсэн хүүхдүүдийн дийлэнх нь савлуураас шидэгдсэн, савлуурт цохигдсон болон гулгуураас унаж бэртдэг гэлээ.


Гадна талбайн тоглоомын аюулгүй байдлыг эзэмшигч нь хуулиар хариуцлага хүлээх тухай хууль ч бий. Талбайн бүх тоглоом аюулгүй байлаа ч хүүхэд бэртсэн л бол эмчилгээ, эм, эмнэлгийн гадаах зогсоолын төлбөрөөс эхлээд эцэг, эх нь хүүхдээ асрах хугацаанд алдсан цалинг хүртэл нөхөн олгодог ажээ. Харин манайд “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм” гэдэг бичигдээгүй ганц хууль л үйлчилж байна. Уг нь талбайн тоглоомууд эвдэрсэн, ашиглалтын хугацаа дууссан тохиолдолд хүүхэд бэртсэн бол наад зах нь хэн нэгэн нь хариуцлага хүлээдэг баймаар. Сүхбаатар дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Ц.Баттөмөр “Бид хүүхдийн талбайн тоглоомыг тендер зарлаж, журмын дагуу авдаг. Аюулгүй байдал болон чанарыг нь харин өөрсдөө шалгадаг. Энэ төрлийн тоглоом барилгын хуулийн дагуу гурван жилийн баталгаатай байх шаардлагатай. Эвдрэл гарсан тохиолдолд зайлшгүй засуулж байгаа” гэсэн юм.

Монголд гадна талбайн тоглоом, чийрэгжүүлэх төхөөрөмж нийлүүлдэг тоотой хэдхэн буюу тав орчим компани байдаг аж. Тэдний нэг болох “Grand Creative” группийн менежер Б.Гончигдорж “Бид бүтээгдэхүүнээ ихэвчлэн захиалгаар нийлүүлдэг. Компанийн зүгээс зөвхөн угсарч, хүлээлгэж өгдөг” хэмээлээ. Түүнчлэн баталгаат хугацаа олгодоггүй бөгөөд эвдэрсэн шалтгаанаас хамааран засаж, сольж өгөх тохиолдол бий. Тус компани хил, гааль дээр бүтээгдэхүүнийхээ олон улсын ISO:9001, ISO:14000 стандартын гэрчилгээг шалгуулдаг. Харин дараагийн шалгалтыг хүлээн авагчид хийдэг ажээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ талаар лавлатал “Гадна талбайн тоглоомд тодорхой хяналт шалгалт хийдэггүй. Зөвхөн эрүүл ахуйн үүднээс тоглоом хоорондын зай зэргийг л зөвлөдөг” гэв. Энэ мэтчилэн хүүхдийн тоглоомын чанар, аюулгүй байдалд тавих хяналт шалгалт дутагддаг нь харагдаж байна. Харин бусад орон энэ асуудалд онцгой анхаардаг. Хяналтын тусгай алба ажиллахаас гадна аюулгүй байдал, ашиглалт зэргийг байсхийгээд шалгаж, тайлагнадаг юм байна. Иргэдээ, бяцхан үрсээ анхаарч буй төрийн халамжийн нэг энэ.

Сонирхуулахад, нэг тоглоомын талбайд гурван төрлийн тоглоом, нэг сүүдрэвч, хоёр ширхэг хогийн сав, дөрвөн сандал байрлуулахад ойролцоогоор 10 сая орчим төгрөг болдог аж. Гэхдээ энэ бол хамгийн хямд төсөв. Идэвхтэй, хөдөлгөөнтэй хүүхдүүд чийрэгжиж, өвчин тусах нь ховор. Тиймээс ч тоглож наадах талбай нь тохилог хийгээд аюулгүй байх талд тавьдаг хяналтын тогтолцоог одооноос бүрдүүлэх нь чухал гэдгийг албаны хүмүүс анхааруулж байна.
САНАЛ БОЛГОХ