Үлгэр, уран зохиол моодноос гараагүй
Сурвалжилга
Ном худалдан авагчдын дийлэнх нь 15-30 насныхан байдаг
"Номоос салдаггүй хүний мэдлэг их , нойрноос салдаггүй хүний зүүд их " гэх буурлуудын үг бий. Гэхдээ энэ үгийг сонсоод ном унших сэдэл төрөх нь юу л бол. Ямартай ч сүүлийн үед ном унших хүсэлтэй хүмүүсийн тоо огцом өсчээ.
Мягмар гарагийн бага үдийн алдад, 11.15 цагт номын дэлгүүрт хүн байгаа болов уу даа гэсээр “Интерном”-ыг зорилоо. Гэтэл дэлгүүрийн номын тавиур бүрийн урд 2-3 хүн шинэхэн номын хуудас эргүүлж, зарим нь сандал дээр тухлан суусан харагдлаа. Тэндээс хоосон гарах хүн бараг байхгүй. Бүгд л ном худалдаж аваад гарсан.
Хоёр дахь зогсоол “АзХур ” номын их дэлгүүр. Харин тэнд номыг тавиур биш тасаг тасгаар нь ангилжээ. Бас хөл хөдөлгөөнтэй байна. Хүүхдийн номын тасгаар нь орлоо. Таван жилийн өмнө юм уу даа, америк эхнэртэй, дөрвөн хүүхэдтэй ахынхаа гэрт очихдоо хүүхдүүдийнх нь номыг хараад уулга алдаж билээ. Ном ийм байж болдог юм байна гээд л. Гэтэл одоо миний харж байсан шиг, магадгүй түүнээс ч го ё монгол хүүхдийн ном олон болжэ . Овгор товгор үсэгтэй, хээтэй, чамин зурагтай, зузаан хуудастай, үг найруулга нь өндөр түвшний, мэдээлэл сайтай тийм л гоё номууд.
Тэндхийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер Б.Уранболор сүүлийн гурван жилийн дунджаар ном сонирхогчдын тоо огцом өсөж байгааг хэлсэн. Тэрбээр “Бид номын худалдаа эрхлээд 10 гаруй жил боллоо. Энэ дунджаас харахад, сүүлийн үед залуучууд, тэр дундаа ахлах ангийнхан,оюутан, ажлын талбарт гараад удаагүй байгаа хүмүүс номд дуртай болсон нь илт ажиглагдах болсон. Судалгаанаас ч тэр” гэв.
Тодруулбал, худалдан авагчдын дунд 15-30 насныхан голлож байгаа аж. “АзХур ” номын дэлгүүрийн борлуулалтын хэмжээ өнгөрсөн жилд хо ёр дахин нэмэгдсэн нь номын хэрэглээ нэмэгдсэний тод жишээ юм. Монгол Улсын Үндэсний номын сангаар жилд дунджаар 55 мянган уншигч үйлчлүүлдэг. Энэ тоо сүүлийн таван жилд тогтвортой байгаа бөгөөд уншигчгүй байх тохиолдол тун ховор гэж Уншлага, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Саранчимэг ярилаа.
Эцэг, эхчүүд сүүлийн үед хүүхдийнхээ мэдлэг боловсрол, хүмүүжилд ихээхэн анхаарах болсныг мэргэжилтнүүд өгүүлсэн. Тэд хүүхдэдээ ном авч өгөх нь нэмэгдсэнээс гадна өөрсдөө ч хүүхэд өсгөж, хүмүүжүүлэх талаарх бүтээлийг сонирхдог болжээ. Хоёр нас, хагастай Ч.Амин-Эрдэнийн ээж С.Үүрийнмаа охиндоо ном их авч өгдөг. Тэрбээр “Нөхөр бид хоёр охиноо төрөхөд нь л даавуун, хүрч мэдэрдэг номууд авч өгсөн. Одоо хүүхдэдээ ном уншиж өгөхдөө үйл явдал, амьтан зэргийг зааж нэрлэхээр дараа нь ганцаараа намайг яг дуурайгаад сууж байдаг. Орой унтах бүртээ дор хаяж нэг ном уншиж өгөөд унтуулдаг, 60 гаруй номтой” гэв.
Бэстселлерүүдийг цаг алдалгүй унших хүсэлтэй болжээ
Түүний хэлснээр хүүхдийг бага гэж гололгүй ном уншиж өгөх хэрэгтэй аж. Мөн эцэг, эхчүүд өөрсдөө ном уншиж байж хүүхэд түүнийг нь хараад үлгэр дуурайл авдаг байна. “Хүүхдээ хүмүүжүүлэх гээд хэрэггүй , угаасаа чамайг дуурайна. Оронд нь өөрийгөө хүмүүжүүл” гэж үг ч бий шүү дээ.
“АзХур ” номын дэлгүүр гурав дахь жилдээ 72 цагийн турш номуудаа 72 хувийн хямд үнээр зарах өдөрлөг зохион байгуулжээ. Би ч тийшээ очоод амжсан. Тэр үед дэлгүүрийн гадаа хүмүүс дугаарлаж, дотор багтахгүй байсан тул хэсэг хэсгээр нь оруулж байв. “Тэр олон хүн дунд настай хүмүүс хуруу дарам цөөн. Дандаа залуучууд. Үүнийг хараад нэг буурай үнэхээр их баярлаж Монголын маань ирээдүй гэгээтэй байна даа гэснийг нь санаж байна” гэж Б.Уранболор хэлэв.
Хүмүүс ямар төрлийн ном түлхүү уншиж байгаа нь сонирхлыг минь татлаа. Ямар ч цаг үед уран зохиолын болон хүүхдийн номын борлуулалт хамгийн өндөр байдгийг салбарынхан сонирхуулсан. Харин үүний дараагаар нийгэм, улс төр, эдийн засгийн байр байдлаас шалтгаалан чиг хандлага тогтдог ажээ. Нэг чиг хандлага ойролцоогоор 4-5 жилд шинэчлэгддэг. Тухайлбал, улс орны эдийн засгийн өсөлт удааширвал богино хугацаанд их мөнгө олох, бизнесийн гараагаа хэрхэн зөв тавих тухай ном эрэлттэй болно. Эдийн засгийн үзүүлэлт боломжийн байвал хувь хүний хөгжил, шашин, гүн ухааны ном түлхүү борлуулагддаг байна.
Харин уран зохиолын ном дундаа гадаадын, орчуулгын бүтээлүүд эрэлт ихтэй. Худалдан авагчид, шүүмжлэгчид болон салбарын мэргэжилтнүүд ч Монголын уран зохиолын номууд ХХ зуунтай харьцуулахад чанар чансаа нь муудаж байгааг шүүмжилдэг. Б.Уранболор “Хэрэв сүүлийн үед гарч байгаа Монголын утга зохиолын номуудын чанар чансаа сайжирвал хүүхэд , залуучууд эх орныхоо түүх уламжлал, өв соёл, онцлог, ахуй заншлын талаар мэдлэгтэй болно. Харамсалтай нь чанар , эрэлтийн аль аль нь тааруу байна ” хэмээв.
Гадаадын уран зохиолын ном эрэлттэй байгаагийн бас нэг шалтгаан нь гадаад харилцаа хөгжсөнд оршино. Дотоодын хэвлэх үйлдвэрүүд гадаадын зохиолч, компаниудтай хамтран ажиллаж, албан ёсны эрхтэй бүтээлүүдийг цаг алдалгүй гаргах болсон. Саяхны жишээ дурдахад, өнгөрсөн сарын 30-нд дэлхийд нээлтээ хийсэн “Miss Peregrine’s Home for Peculiar Children” кино яг тэр өдрөө Монголын кино театруудаар гарч эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн “Хатагтай Перегриний онцгой хүүхдүүдийн асрамжийн га зар ” ном нь монгол хэлээр хэвлэгдэн гарчээ. Энэ бол уншигчдын эрэлтийг дагасан хөгжлийн нэг жишээ. Манай уншигчид олон улсын бэстс елл ерүүдийг цаг алдалгүй унших хүсэлтэй болсон нь энэ. Үүнээс гадна дэлхийн бэстселлерүүдийг эх хэлээр нь унших сонирхолтой залуучууд нэмэгдсээр байгаа нь бас нэг сайн мэдээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй