ЕСБХБ-наас Монгол Улсын ААН-үүдэд олгосон зээлийн багц ДНБ-ий 12 хувьтай тэнцэж байна

Мэдээ

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Филип Беннетт Монгол улсад ирээд байна. Тэрбээр Төр засаг болон бизнесийн төлөөлөлтэй уулзаж цаашдын стратеги, үйл ажиллагааны асуудлаар хэлэлцэх товтой байгаа юм. Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны хувьд Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхлээд 10 жил болж байна. Энэ хугацаанд уул уурхай, уул уурхайн бэлтгэн нийлүүлэлт, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, аж үйлдвэр, ноолуур, жижиглэнгийн худалдаа, банк санхүүгийн болон бусад үйлдвэрлэл үйлчилгээний салбарын 82 төсөлд 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Үүнээс хамгийн том нь “Оюу Толгой”-ийн далд уурхайн төслийн санхүүжилтэд оролцсон байна. Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн багц дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувьтай тэнцэж байгаа нь тус банкны гишүүн орнууд дунд хамгийн өндөрт орж байгаа аж.

Хамгийн сүүлийн санхүүжилт олгож байгаа төслийг харвал “NewCom Group”-ийн хэрэгжүүлж байгаа Цогтцэций суман дахь Цэций Салхины Цахилгаан Станцын төсөл бөгөөд нийт 120 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай энэхүү төсөлд Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк нийт 25 сая ам.долларын санхүүжилт гаргаж байгаа аж. Цаашид тус банкны зүгээс дэд бүтцийн төслүүдийг түлхүү дэмжин ажиллахаар төлөвлөж байгаа талаар Филип Беннетт Ерөнхий сайдтай уулзах үеэрээ мэдэгдлээ. Мөн ЕСБХБ Монгол Улстай хамтын ажиллагааны хүрээнд Монголд хэрэгжүүлэх дэд бүтцийн төслийн жагсаалт гаргаж, судалгааны баг ажиллаж байгааг онцолжээ.



САНАЛ БОЛГОХ