Орон сууцны үнэ буурах хүлээлт давамгайлж байна

Ярилцлага

Мөнгөний бодлогыг хатууруулах үндэслэл тун бага байгаа

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, дэд профессор Б.Алтанцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр хэрэглэгчийн итгэлийн индексийн талаар судалгаа хийгээд байгаа билээ.

-Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгааны давуу тал буюу бусад судалгаанаас ялгагдах гол онцлог нь юу вэ?

-Хэрэглэгчийн итгэлийн индекс нь эдийн засгийн ерөнхий байдал болон өөрсдийн санхүүгийн байдлын талаар хэрэглэгчид хэр зэрэг өөдрөг бодолтой байгааг хэмждэг. Улирал тутам улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар тоон мэдээлэлд үндэслэн уг судалгааг бэлтгэж ирсэн. Өрхийн ажил эрхлэлт болон орлогын талаарх нэмэлт мэдээллийг Хэрэглэгчийн итгэлийн индекс агуулдаг. Судалгааны аргачлал буюу мэдээлэл цуглуулах нь бусад судалгаатай төстэй ч агуулга нь ялгаатай. Хэрэглэгчид эдийн засгийн өнөөгийн байдлыг хэрхэн харж, яаж үнэлж байгаа болон ойрын ирээдүй ямар болох хүлээлтийн мэдээллийг гаргадаг.

Мөнгөний бодлого хатуурах хэрээр мөнгөний олдоц улам бүр муудна.

-Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгааг дэлхий нийтээр хэр түгээмэл тооцон гаргаж байна вэ. Тухайлбал, ямар орнууд түлхүү ашигладаг вэ?

-Хэрэглэгчийн итгэлийн индекс болон түүнтэй төстэй индексүүдийг АНУ, Англи, Австрали, Тайланд, Украйн, Хонконг, Хятад, Чех, Япон зэрэг улс оронд тооцож гаргадаг. Энэ нь эдийн засгийн ерөнхий байдлыг харуулдаг гол үзүүлэлтүүдийн нэг юм. Шалтгаан нь хэрэглэгчид нийт эдийн засгийн хамгийн том худалдан авагч байдаг. Тухайлбал, Монгол Улсад бусад орны нэгэн адилаар хувийн хэрэглээний зардал дотоодын нийт бүтээгдэхүүний хамгийн том бүрэлдэхүүн хэсэг. Энэ утгаараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн хамгийн том худалдан авагч нь Монголын нийт өрхүүд юм. Энэ бүлгийн худалдан авагчид юу хүлээж байгаа нь эдийн засгийн байдал цаашид хэрхэн өөрчлөгдөх, ойрын хугацаанд ямар хүлээлт давамгайлж байгааг харуулж байдаг учраас үнэ цэнэтэй мэдээлэл өгдөг. Энэ шалтгаанаар уг индексийг маш олон оронд түгээмэл хэрэглэж байна. АНУ-д гурван ч газраас ижилхэн мэдээлэл бүхий индексийг тооцон гаргаж байгаа. Тэгэхээр хэр ач холбогдол өгдөг нь эндээс харагдаж байгаа юм. Хэрэглэгчийн итгэлийн индекс өсөж, буурахыг бодлого боловсруулагч болон бизнес эрхлэгчид анхааралтай ажиглаж байдаг.

Өрхийн хэрэглээ дотоодын нийт бүтээгдэхүүний 58.9 хувийг эзэлж байсан

-Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан өрхийн хэрэглээ буурч байгаа юу? -Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр өнгөрсөн онд өрхийн хэрэглээ дотоодын нийт бүтээгдэхүүний 58.9 хувийг эзэлж байсан. Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгааны дүнг энэ оны хоёрдугаар хагаст буюу сонгуулийн өмнө танилцуулсан. Тухайн үед ерөнхий индекс өсөлттэй гарч байсан. Энэ нь оны эхнээс хойш анх удаа өсөлттэй гарсан үзүүлэлт.

Өнөөгийн байдлын индексийг харахад жилийн өмнөх мөн үеэс гурав дахин буурсан байгаа юм. Бизнесийн нөхцөл байдал муудсан. Энэ хэрээр ажлын олдоц багассан сөрөг утга зонхилж байсан. Харин тэр үед хүлээлтийн индекс маш өөдрөг дүр зураг агуулж байлаа. Магадгүй сонгуулийн шок ч нөлөөлж байсныг үгүйсгэхгүй

Хүмүүсийн хэрэглээ, хадгаламж нь иргэд өөрсдийн цалин болон орлогын тогтвортой байдлын талаар хэр зэрэг итгэлтэй байгаагаас ихээхэн хамаардаг. Тухайлбал, эдийн засгийн байдал сайжрахын хэрээр хэрэглэгчдийн итгэл дээшилдэг. Итгэл нэмэгдэхэд бараа бүтээгдэхүүний худалдан авалт өснө. Харин эдийн засгийн байдал муудахын хэрээр хэрэглэгчдийн итгэл буурч, хэрэглээгээ багасгадаг.

-Судалгааг ямар давтамжтайгаар боловсруулж байгаа вэ?
-Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгааг 2009 онд хийж, үр дүнг тайлан болгон хэвлүүлээд олон нийтийн хүртээл болгосон. Тухайн үеэс жил тутам гаргаж байсан бол 2014 оноос давтамжийг нь ойртуулах үүднээс улирлын болгосон.

-Хэрэглээний үнийн индекс хасах утгатай буюу дефляци руу шилжээд байна. Үүнийг эдийн засагчид харилцан адилгүй тайлбарлаж буй. Танай судалгаанд үүссэн нөхцөл байдлыг урьдчилан таамаглах үзүүлэлтүүд байсан уу?
-Бидний зүгээс эрэлт буурахаар байгааг судалгаанд байнга тодотгож, тухай бүрт нь анхааруулж ирсэн. Хэрэглэгчийн итгэлийн индекст 2014 оны хоёрдугаар улирлаас эхлээд өөрчлөлт орж эхэлсэн. Өсөлттэй байсан индекс буурч, өрхүүдийн хүлээлтийн өөдрөг байдал багасах болсон. Түүнчлэн гутранги байдал нэмэгдэж байгаа гэдгийг хэлж байсан. Эдийн засаг дахь эрэлт, ялангуяа өрхүүдийн зарлага хумигдахаар байгаа тухай мэдээллийг хоёр жилийн өмнөөс өгч эхэлсэн.

-Таны хувьд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ. Найман хувийн хүүтэй ипотекийн зээл түр зогссон. Энэ зээлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлвэл салбарын хүндрэл багасна гэсэн байр суурь ч түгээмэл байна. Орон сууцны үнэ богино болон дунд хугацаанд буурах боломжтой юу?
-Хүмүүсийн дунд ойрын хугацаанд орон сууцны үнэ буурна гэх хүлээлт давамгайлж байна. Зах зээл дээр байгаа одоогийн үнийн түвшинд эрэлт ханасан. Харин орон сууцны нийлүүлэлт эрэлтээс хэтэрч, илүүдэлтэй байгаа. Одоогийн үнийн түвшин өөрчлөгдвөл нөхцөл байдал өөрчлөгдөх боломжтой. Өөрөөр хэлбэл, үнэ буурснаар эрэлт бий болж, борлуулалт идэвхжих гарц бий. Орон сууцны үнэ зах зээлийн дэг жаягаар буюу эрэлт, нийлүүлэлтийн хуулиар тогтох ёстой. Үнэ буурах хэрээр эрэлт нэмэгдэнэ.
» Үнэ буурснаар эрэлт бий болж, борлуулалт идэвхжих гарц бий.
» Барилгын салбарынхан ипотекийн зээлд найдаад үнэ бууруулах сонирхолгүй байх шиг.
» Хүүгийн түвшин өсөх тусам бизнест болон зээл авах гэж байгаа хүмүүст дарамт улам нэмэгдэнэ.

Барилгын салбарынхан ипотекийн зээлд найдаад үнэ бууруулах сонирхолгүй байх шиг байна. Энэ нь зах зээлийн үнэд агуулагдаж байгаа мэдээллийг маш их хэмжээгээр бусниулж байгаа сөрөг талтай. Одоогийн үнээр орон сууц авах гэсэн хэрэглэгчийн тоо худалдах байрны тооноос цөөн байгаа.

-Мөнгөний бодлогын хүүг 4.5 нэгжээр нэмэгдүүлж, 15 хувьд хүргээд сар гаруй боллоо. Бодлогын хүүний нөлөө эдийн засагт мэдрэгдэж эхэлсэн үү. Уг шийдвэр өнөөгийн нөхцөл байдлаа мэдэрсэн бодлогын арга хэмжээ болж чадсан уу?

-Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харвал мөнгөний бодлогыг хатууруулах үндэслэл тун бага харагдаж байгаа юм. Мөнгөний бодлого хатуурах хэрээр мөнгөний олдоц улам бүр муудна гэсэн үг. Улмаар зээлийн хүүгийн түвшин өсөх сөрөг үр дагавартай. Хүүгийн түвшин өсөх тусам бизнест болон зээл авах гэж байгаа хүмүүст дарамт улам нэмэгдэнэ. Өнөөдөр эрэлтийг урамшуулах, дэмжих, дотоодын эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн бодлогын арга хэмжээ үгүйлэгдэж байна. Бодлогын хүү нэмэгдсэн нь хүнд байгаа эдийн засгаа улам эрсдэлд хүргэх талтай. Тиймээс бодлогын шийдвэртэй санал нийлэхгүй байгаа. Бодлогын шийдвэртэй холбоотой үндэслэлээ дэлгэрэнгүй гаргаж, танилцуулбал олон нийтэд илүү итгэл үнэмшил төрнө. Энэ хэрээр тухайн бодлого амжилттай хэрэгжих бололцоотой. Харамсалтай нь, энэ байдал манайд орхигдож ирсэн талтай.


САНАЛ БОЛГОХ