Мөнгөний бодлого илүү уян хатан байх нь оновчтой
Ярилцлага
Хямралд найр тавих бус түүнийг сөрж зогсох нь чухал
“Гэрэгэ партнерс” компанийн захирал, доктор Г.Рагчаасүрэнтэй мөнгө, төсвийн бодлогын хүрээнд ярилцлаа. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан тэрбээр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг ингэж дүгнэв.
-Монголбанкны зүгээс төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх үүднээс бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 15-д хүргэсэн гэж тайлбарлаж байгаа. Бодлогын хүүг огцом өөрчилсөн нь агшиж буй эдийн засагт ямар эерэг болон сөрөг нөлөө үзүүлэхээр байна вэ?
-Төв банкны хувьд бодлогын хүүгээ өсгөх бус бууруулж, инфляцийн зорилтот түвшинтэй уялдуулах замаар мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих боломж байсан. Ийм бодлогын орон зайг харамсалтай нь ашиглаж чадсангүй. Бодлогын хүүг үлэмж нэмэгдүүлсэн нь бизнесийн орчинд халтай шийдвэр. Үүний сөрөг нөлөө дунд болон урт хугацаанд илүүтэй мэдрэгдэх байх. Харин богино хугацаанд төгрөгийн ханшийн тогтвортой байдалд нааштай өөрчлөлт гарч байгааг үгүйсгэхгүй. Инфляци зорилтот түвшнээс нам, тогтвортой байхад бодлогын хүүг нэмэгдүүлсэн. Энэ нь ханшийн өсөлтөөс хэт болгоомжилсон алхам гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, бий болсон боломжоо үгүйсгэж, нийгмийн уур амьсгалд илүүтэй хөтлөгдсөн гэсэн үг. Гэтэл нийгэмд ажилгүйдэл асуудал хэвээр байна. Үүнийг тоохгүй орхиж болохгүй. Бодлогын хүү нь ажилгүйдлийн эх сурвалж болох талтай. Энэ тохиолдолд төв банк бодлогын хүүгээ эргэж харахаас өөр арга байхгүй.
Төсөвт бодитой төлөвлөлт үгүйлэгдэж байна
-Ханшийн өсөлтийг тогтворжуулах хамгийн бодитой арга хэмжээ юу вэ?
-Манай улсын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, даруй бэлэн байгаа төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулахын төлөө ажиллах, зорих хэрэгтэй байна. Ингэснээр ам.долларын ханш тогтворжиж, зээлжих зэрэглэл болон бусад санхүүгийн үзүүлэлт сайжирна. Энэ тохиолдолд илүү хямд өртөгтэй хөрөнгө ч босгох нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Түүнээс бодлогын хүүгээр хөөцөлдөөд байх нь үүссэн нөхцөл байдлыг төдийлэн дээрдүүлэхгүй болов уу. Харин ч эсрэгээрээ муутгахаар харагдаж байна.
-Тэгэхээр бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь эдийн засагт дарамт болохоор байна гэсэн үг үү?
-Бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь хямрал улам гүнзгийрэх эрсдэл дагуулж байна. Сүүлийн үед ханшаар бүхнийг хэтэрхий хэмжих гээд байдаг болсон. Ханш л тогтвортой байвал эдийн засгийн бодлого зөв гэсэн ойлголт ч нийгэмд байх шиг байна. Ингэж нэг талыг баримтлах нь эдийн засагт илүү хортой. Тиймээс нөхцөл байдалд нийцсэн зохистой мөнгөний бодлого баримтлах хэрэгтэй. Ханшийг тойрсон хандлага Монголбанкны бие даасан байдал алдагдах, үндсэн зорилт нь бүдгэрэхэд хүргэж байгааг үгүйсгэхгүй. Төв банкны хувьд инфляцийг гол зорилгоо болгож ирсэн. Мэдээж ханш чухал. Гэхдээ эдийн засаг агшиж байгаа өнөө үед мөнгөний бодлого илүү уян хатан байх нь оновчтой. Ингэснээр бизнесийн идэвхжил нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин саарна. Бараа, бүтээгдэхүүний эрэлт буурахгүй ч одоогийн түвшинд хэвээр хадгалагдах боломжтой. Төсөв нь өндөр алдагдалтай, ямар ч хөрөнгө оруулалт хийх чадамжгүй байгаа үед мөнгөний бодлогын орон зайг аль болох ашиглахыг хөгжиж буй орнууд эрмэлздэг. Мөнгөний бодлого хэт чанга байх нь өрөөсгөл. Энэ байдал нь эдийн засаг улам хумигдах сөрөг үр дагавар ихтэй.
-Энэ оны улсын нэгдсэн төсвийн тодотголыг УИХ хэлэлцэж байна. Тодотголд ямар зарчим баримтлах нь илүү оновчтой вэ?
-Манайд үүсээд байгаа нөхцөл байдлыг институцийн хямрал гэж тодорхойлж болно. Төсвийн зарлагыг хэт тэлж, түүндээ нийцүүлэх гэж орлогыг бодит нөхцөл байдлаас давуулан өөдрөг тооцож ирсэн нь эдийн засагт сөрөг шок хуримтлагдахад хүргэсэн. Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд Засгийн газар тухай бүрт их хэмжээний мөнгийг зах зээл дээрээс зээл хэлбэрээр босгож, улмаар өрийн дарамт нэмэгдэж ирсэн. Төсвийн хөрөнгө оруулалтыг өрөөр санхүүжүүлж, алдагдлыг танах бус нэмж ирсэн нь эдийн засаг уруудахад хөтөлсөн. Эрдэс түүхий эдийн үнийн бууралт, хөрөнгө оруулалтын орчны тогтворгүй байдал ч дээрх байдлыг улам гүнзгийрэхэд нөлөөлсөн. Төсөвт бодитой төлөвлөлт үгүйлэгдэж байна. Тиймээс орлого, зарлагын зөрүүг аль болох багасгах нь мөнгөний бодлогод боломж олгоно.
-Эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулах бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлэхээр зэхэж байна. Таны хувьд ямар бодлого хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна вэ?
-Хямралд найр тавих бус түүнийг сөрж зогсох л хэрэгтэй. Манай улсын хувьд хямралтайгаа зохицсон бодлого баримталж байгаа нь үр дүн багатай харагдаж байна. Коксжих нүүрсний үнэ бага зэрэг сэргэж эхэллээ. Эдийн засагт ажиглагдаж буй хамгийн гэгээтэй мэдээний нэг нь энэ. Нүүрсний зах зээлийн сэргэлт тогтвортой байвал дотоодын нүүрсний компаниудын үйл ажиллагаа сайжирна. Энэ хэрээр ажлын байр нэмэгдэж, татварын орлого өсөх бололцоотой. Зөвхөн нүүрсний компаниудын санхүүгийн үзүүлэлт эерэг болоод зогсохгүй түүнийг дагасан үйлдвэрлэл, үйлчилгээний орлого ч нэмэгдэнэ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй