Т.Наран: Нүүрсний салбарт маш том боломж бүрдлээ

Ярилцлага

Компани хоорондын өрсөлдөөнөөс болж нүүрсний салбар алдагдал хүлээж байна

“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Нарантай коксжих нүүрсний зах зээл тойрсон асуудлаар цөөн хором ярилцлаа. Ган үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр нэг тонн нь 140 ам.долларт хүрч өсөөд байгаа билээ.

-Коксжих нүүрсний үнэ энэ оны хоёрдугаар сараас хойш 80 хувиар өсөөд байна. Энэ нь нүүрс экспортлогч компаниудад томоохон боломж гэдгийг зарим шинжээч онцлох болсон. Манай дотоодын компаниуд дээрх өсөлтийн үр шимийг хүртэж эхэлсэн үү?
-Бид өнгөрсөн хугацаанд нүүрсний үнэ хэзээ өсөх талаар их ярьцгаасан. Өсөлтийн тухай хангалттай хэлэлцсэн ч үнэ өсөхөд үүнд бэлтгэлтэй байж чадсангүй. Нүүрсний үнэ сэргэх сэргэхдээ огцом өсөж байна. Энэ үнийн өсөлтөөс дотоодын компаниудын аль нь ч одоогоор ашиг олоогүй байгаа. Олон улсын зах зээлд үнэ сэргэхэд бэлтгэлтэй байх хэрэгтэйг уг нь ярьж, сануулж байсан. Харамсалтай нь нөхцөл байдал үргэлж урьдынх шиг байх мэтээр хандсан нь өнөөдөр амаа барихад хүргэж байна. Эрдэс түүхий эдийн үнэ өсөж, буурдаг зүй тогтолтой. Үүнд мэдрэмжтэй хандах нь чухал.

-Зах зээл дээр гарч байгаа үнийн эерэг үзэгдэл дунд болон урт хугацаанд тогтвортой хадгалагдаж чадах болов уу?
-Нүүрсний үнэ өсөлттэй хэвээрээ ирэх оны хоёрдугаар хагастай золгоно. Үнэ буурахгүй, тухайн хүрсэн түвшиндээ тогтворжино гэж харж байгаа. Зах зээлийн төлөв эерэг байгаа учраас сайн чанарын нүүрс нийлүүлэгчдэд маш том боломж гарч ирээд байна. Компаниуд ч өндөр үр ашиг олоод эхэлсэн. Тэр дотор, хамгийн ойрын жишээ гэвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсийг худалдан авч байгаа дундын дамжуулан зуучлагч компаниуд эрчимтэй ажиллаж, ашигт ажиллагаагаа нэмэгдүүлж байна. Гашуунсухайтын боомт дээр нүүрс ачсан авто машины түгжрэл долоо хоногоор үүссэн гэсэн.

-Бидний хувьд энэ таатай боломжийг бусдад алдалгүй ашиглах хэрэгтэй. Гэхдээ яаж гэдэг нь тодорхой бус байх шиг. Бид юун дээр алдаж байна вэ?
-Коксжих болон эрчим хүчний нүүрсний үнэ сүүлийн саруудад ихээхэн өсөлттэй байгаа. Цаашдаа ч өсөлт үргэлжлэх төлөвтэй. Тэгэхээр зах зээл бол эерэг байна. Дэлхийн зах зээлийн үнийн өсөлтөөс үүдэн манай нүүрсний экспортын ханш өсөх учиртай. Гэтэл өсөлт ажиглагдсангүй. Нүүрсний худалдааны гэрээг улирлаар, эсвэл түүнээс дээш хугацаагаар хийсэнтэй ч энэ нь холбоотой. Манай улсын хувьд “нэг цонх”-ны бодлогоор нүүрсээ экспортлох шаардлагатай байгаа. Дотоодын нүүрсний салбарт нэгдмэл байдал үгүйлэгдэх болсон. Нүүрсний худалдааны нэг сувагтай болохгүй бол дотоодын уурхайнуудын өрсөлдөөнөөс үүдэн үнэлгээгээ өсгөх боломж хязгаарлагдаж байгаа. Хятадын нүүрсний ченжүүд Монголд орох орлогоос илүү ашиг олж байна.

Явцуу хүрээний ашиг сонирхлоос ялагдал хүлээж байна
-Дотоодын өрсөлдөөн компаниудын өрсөлдөх чадварт ч сөргөөр нөлөөлж байгааг та хөндлөө. Төрөөс энэ тал дээр ямар бодлого баримталбал зохистой вэ?
-Гадаад зах зээлд экспортолж буй уул уурхайн бүтээгдэхүүний үнийн бодлого, Монгол Улсын өрсөлдөх бодлого нэг байх ёстой. Ийм бодлого байхгүй биш байдаг ч хэрэгжүүлдэггүй. Монгол Улсын эрх ашиг гэж бий. Үүнийг ганцхан компанийн эрх ашгаас болж үгүйсгэж болохгүй. Нийтлэг эрх ашигт л захирагдах учиртай. Экспортын бүтээгдэхүүний үндсэн орлогыг олдог эрдэс баялгийн бүтээгдэхүүний нэг нь нүүрс. Тэр дундаа коксжих нүүрсний зах зээлд Монгол Улс нэг бодлоготойгоор оролцох хэрэгтэй. Төр, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд байж болохгүй. Үүнээс болж нийтлэг эрх ашиг хохирч байна.

-БНХАУ томоохон коксжих нүүрсний импортлогч төдийгүй олборлогч орон. Үнийн өсөлтөд урд хөршийн эдийн засгийн бүтцийн өөрчлөлт нөлөөлсөн үү? -Нүүрсний үнэ өмнөд хөршийн зах зээлийн нөхцөл байдал болон бодлогоос шууд шалтгаалж байгаа. Агаарын бохирдол болон бусад шалтгааны улмаас хүнд үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлөө сааруулах болсон. Тэр дундаа хүнд нөхцөлд ашиггүй ажиллаж байгаа нүүрсний уурхайгаа олноор хаах Засгийн газрынх нь бодлого нөлөөлсөн. Үүнээс болоод өмнөд хөршийн дотоодын коксжих нүүрсний олборлолт, нийлүүлэлт багассан. Энэ нь ган төмөрлөгийн үйлдвэрлэлийн эрэлтээс хоцорч байна. Гадаад зах зээл дээрх ган төмөрлөгийн эрэлт хэрэгцээ байсаар байгаа. Тиймээс урд хөршийн ган үйлдвэрлэгчид ашиг олох, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд эрчимтэй ажиллаж байна. Тэдний хувьд гол түүхий эд нь коксжих нүүрс. Хэдий бодлогоор гангийн үйлдвэрлэлийг сааруулах гэж оролдож байгаа ч зах зээлийн эрэлт, хэрэгцээ байгаа учраас огцом буурахгүй.

Зах зээл дээрх үнийн өсөлтийг Австрали улс амжилттай ашиглаж, богино хугацаанд өндөр ашиг олж байна. Мөн нүүрсний үнэ өсөхөд уурхайнуудын жилийн ажиллах хоногийг 330 өдөр байсныг 276 болгож цөөрүүлсэн нь голлох нөлөө үзүүллээ. Манай улсын хувьд нүүрсний худалдааны гэрээгээ уян хатан, илүү ашиг тустай байхаар хийх шаардлага эндээс харагдаж байгаа. Манайхан гэрээний хатуу нөхцөлөөсөө гарч чадахгүй байна.

-Нүүрсний салбарт тулгамдаж буй ямар сорилт байна вэ?
-Манайх нүүрсээ их хэмжээгээр гаргаж чадахгүй байна. Мөн үнээр өрсөлдөж чадахгүй байгаа. Төмөр замаар бус, зөвхөн авто машинаар нүүрсээ зөөдөг учраас өртөг өндөр. Хэдий сайн чанарын нүүрс гаргадаг ч тээврийн зардлаас болоод олборлолтын хэмжээгээ өсгөж чаддаггүй. Энэ болгон нүүрсний салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна. Бид экспорт болон үнээ нэмэгдүүлэхийн тулд нүүрсээ баяжуулах шаардлага тулгарч байгаа. Сорилт гэвэл дотоодын экспортлогч компаниудын өрсөлдөөн ширүүсэж байгаатай холбоотойгоор гадаад зах зээлд үнээ өсгөх боломжгүй байна. Компани хоорондын өрсөлдөөнөөс болж нүүрсний салбар бүхэлдээ алдагдал хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өөрсдийн дотоод явцуу хүрээний ашиг сонирхлоос нүүрсний зах зээл дээр ялагдал хүлээж байна.


САНАЛ БОЛГОХ