Хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангах боломжгүй
Ярилцлага
Алдагдлын хэмжээг бууруулахад төсвийн бодлого чиглэх хэрэгтэй
Үндэсний стратегийн хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхсоёлтой эдийн засгийн цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та эдийн засагт үүссэн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ? -Эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарсан хэвээр байна. Өсөлт агших хэрээр бизнесийн орчин хумигдах болсон. Тодруулбал, энэ оны эхний хагас жилд эдийн засаг дөнгөж 1.4 хувиар өссөн. Таван жилийн өмнө манай улс дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байсан. Харин өнөөдөр эдийн засгийн өсөлт 1.4 хувьтай байгаа нь сүүлийн таван жилийн хамгийн доогуур үзүүлэлт болж байна. Азийн хөгжлийн банкны гаргасан тайланд тусгагдсанаар манай улсын эдийн засаг энэ онд 0.3 хувиар өсөх төлөвтэй. Эдийн засгийн үсрэнгүй өсөлтийг дагаж нөхцөл байдал сайн байсан жилүүдэд хэрэгцээ өсөж байлаа. Тэр жамаар төрийн алба хаагчдын тоо ч нэмэгдсэн. Өнөөдөр хэрэгцээ шаардлага их байгаа ч, нөөц боломж хязгаарлагдмал. Тиймээс хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангах боломжгүй. Эдийн засаг шахаж байгаа үед уян хатан байх шаардлага үүсэж байна. Ийм нөхцөлд бүсээ чангалж, оновчтой бодлогыг хэрэгжүүлэхээс ирээдүйн төлөв хамаарна. Төр буюу УИХ, Засгийн газар эхлээд төсөв, зардлаа танаж, бусдад үлгэр жишээ болох нь чухал.
-Төсвийн алдагдал хямралд нөлөөлсөн үү?
-Төсвийн алдагдлын хэмжээ өнгөрсөн хугацаанд огцом тэлж ирсэн. Алдагдлын хэмжээ энэ оны эцэст 4.3 их наяд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувьд, Засгийн газрын гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 88 хувьд хүрэхээр байгааг Монголбанкнаас тооцож гаргасан байна. Төсвийн алдагдал ингэж хүчтэй тэлэх нь дунд хугацаанд өрийн тогтвортой байдал алдагдахад хүргэж болзошгүй. Ирэх оны төсвийн төсөлд алдагдлын хэмжээг Сангийн яамнаас 2.9 их наядаар тогтоожээ. Хэрэв алдагдлын хэмжээг энэ түвшинд баталвал эдийн засагт томоохон дарамт болно. Тиймээс алдагдлын хэмжээг бууруулахад төсвийн бодлого чиглэх хэрэгтэй. Ингэснээр дунд болон урт хугацаанд эдийн засаг өсөх суурь нөхцөл бүрдэнэ.
-Эдийн засгийн өсөлт саарах хэрээр ажилгүйдэл, ядуурал хүрээгээ тэлсээр. Ийм үед төсвийн ямар бодлого хэрэгжүүлэх нь илүү оновчтой вэ?
-Ажилгүйдлийн түвшин 10.4 хувь болж, сүүлийн зургаан жилийн доод түвшиндээ хүрээд байгаа. Иргэдийн худалдан авах чадвар багасч, өрхийн орлого хоёр улирал дараалан буурсан судалгаа гарсан. Мөн хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өсөж байгааг Монголбанкнаас анхааруулж байгаа. Хэрэглээний үнийн индекс буюу инфляци энэ оны наймдугаар сард хасах утгатай гарснаар дефляци үүссэн. Эдгээр нь эдийн засгийн бодит тусгал. Төрөөс хэрэгжүүлж байгаа нийгмийн халамжийн бодлогыг нөхцөл байдалтай уялдуулан зорилтот бүлэгт чиглүүлэх шаардлага үүсч байна. Үүнээс гадна мөнгө, төсвийн бодлогын сахилга бат, бие даасан байдлыг бэхжүүлэх асуудал ч тулгарч эхэллээ.
-Төсөв хүндрэх, улмаар алдагдал үйлдвэрлэх болсныг та хувьдаа хэрхэн тайлбарлах вэ?
-Төсвийн зарлагаа бууруулж, оновчтой төлөвлөх, төсвийн орлогыг бодитоор төсөөлөх хэрэгтэй байна. Жил бүр төсөв хэлэлцэх үед эдийн засагчид болон төсөвт дүгнэлт хийдэг хүмүүс үүнийг анхааруулж ирсэн. Гэвч сүүлийн 3-4 жил дараалаад төсвийн алдагдал нэг их наяд төгрөгт хүрдэг болчихсон. Тухайн жилийн төсвийн төслийг нэг талаар хэт эерэг, өөдрөг төсөөлснөөс болж алдагдал ихсэхэд хүрч байна. Энэ байдлаас болж төсвийн тодотголыг нэг бус хоёр удаа ч хийх тохиолдол гардаг. Энэ оны хувьд тодотгол бодож байсан түвшинд хүрээгүй. Төрийн бүтэц нүсэр хэвээр байгаа нь төсвийн зардалд тэлэхэд хүргэж байна. Төсөв, санхүүгийн хүндрэлээс гарахын тулд төр цомхон бүтэцтэй бөгөөд чадварлаг байх ёстой. Хэт улстөржилт, талцал, хуваагдал, ашиг сонирхлын зөрчил байгаа нь эдийн засаг хямралд улам гүн шигдэхэд хүргэх хүчин зүйл болж байна. Тиймээс энэ байдлыг засах хэрэгтэй. Ингэснээр бодит өөрчлөлт илүү хурдан хугацаанд гарна.
-Та төсвийн чиглэлээр олон жил судалгаа хийсэн. Ямар хандлага хамгийн тод анзаарагдсан бэ?
-Нэгдүгээрт, Төсвийн тухай хуулийн төслийг төсвийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтүүдэд бүрэн нийцүүлэхгүй, төсвийн хүрээний мэдэгдлийн гадуур явдаг болсон. Энэ хандлага ужгирсан. Хоёрдугаарт, Сангийн яамнаас Төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д оруулж ирэхэд гишүүд эрсдэлийг үл тоомсорлон өөрсдийн эрх мэдлийг ашиглаж бодит бус төсвийн тухай хууль баталдаг. Энэ нь сүүлийн жилүүдэд түгээмэл ажиглагдаж байгаа. Эдийн засгийн хүндрэл, гадаад, дотоод орчны нөлөө, хэрэгжүүлж буй бодлогоос хамаараад бодит байдал дээр төсвийн орлого бүрдэхгүй байх олон эрсдэл биелэлээ олоод байна. Төсвийн сахилга батыг бий болгох зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хууль баталсан ч одоог хүртэл үүнийгээ хэрэгжүүлж чадахгүй байгаа. Товчхондоо, баталсан хуулийнхаа үр дүнг эцсийн мөчид гаргах итгэл, үнэмшил улстөрчдөд үгүйлэгдэж байна.
-Эдийн засгийн сорилтыг хэрхэн харж байна вэ?
-Бидний хувьд санаа зовох асуудлын нэг нь олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон бондын эргэн төлөлт ойртож байгаа явдал. Ирэх оноос өрөө төлж эхэлнэ. Төсөв өндөр алдагдалтай, төгрөгийн ханш огцом суларсан нь нөхцөл байдлыг улам дордуулж байна.
-Манай улс Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь хэр оновчтой шийдэл вэ?
-Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах байх гэж бодож байна. Тус байгууллага уг хөтөлбөрт хамрагдах орнууддаа маш өндөр шаардлага тавьдаг. Хязгаарлагдмал байдлаар маш сахилга баттайгаар төсөв, мөнгөний бодлогоо хэрэгжүүлнэ. Тиймээс тухайн улс өөрсдийн зоргоор бодлого хэрэгжүүлэхэд хязгаарлагдмал.
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх найдвар байна уу?
-Гадаадын хөрөнгө оруулагчдыг татдаг манай гол салбар бол уул уурхай. Уул уурхайн салбарын олон улсын зах зээл ч амаргүй байна. Хөрөнгө оруулалтын шинэ салбарт анхаарах нь чухал. Зөвхөн уул уурхай бус эдийн засгийн боломжит салбаруудад хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах хэрэгтэй. Тухайлбал, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, шинжлэх ухааны салбарт боломж, гарц байгаа. Эдийн засгийн гацаатай байдлаас гарахын тулд мега төслүүдээ улс орныхоо эрх ашигт нийцүүлж, улмаар зөв шийдэлд хүргэж, татварын бааз сууриа ч нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй