Ямар зардлыг танах эсэх нь Засгийн газрын өөрийнх нь асуудал
Ярилцлага
Хөгжиж буй орны эдийн засаг удаан хугацаанд тогтмол өсөх нь чухал
Олон улсын валютын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нийл Сакертай ярилцлаа. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлбэл зээлийн хүү буурна хэмээн тэрбээр тодотгов.
-Монгол Улс ОУ ВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд улсын төсвөө тодотгох ёстой. Хэрэв хугацаандаа амжихгүй бол Монгол Улс энэ хөтөлбөрт хамрагдах, эсэх нь эргэлзээтэй болох уу?
-Монгол Улсын Засгийн газартай харилцан тохиролцсон урьдчилсан нөхцөлүүдийн нэг нь энэ оны төсөвт тодотгол хийж, УИХ-аар батлуулах юм. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх Монгол Улсын хүсэлтийг ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар оруулж, хэлэлцүүлэхээс өмнө энэ нөхцөлийг биелүүлж, төсвөө тодотгох ёстой гэсэн үг. Тиймээс үүнийг ойрын хугацаанд хийх шаардлагатай. Хаврын чуулганы үеэр хэлэлцэх асуудлын хамгийн эхнийх нь энэ. Энэ долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 14, 15-нд төсвийн тодотголыг батална гэсэн мэдээлэл бий. ОУВС- гийн Захирлуудын зөвлөлийн хуралдааныг энэ сарын 28-нд товлосон. Тиймээс цаг хугацааны хувьд амжина.
-Төв банк мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж байгаа. Энэ бодлогоо хэвээр хадгалахыг ОУ ВС зөвлөсөн. Хэр удаан үргэлжлэх бол?
-Монгол Улсын өнөөгийн зээлийн хүүгийн түвшин маш өндөр байгаа. Төгрөгөөр олгож буй зээлийн хүү дунджаар 25- 30 хувь. Ийм орчинд бизнес ашигтай байх боломжгүй. Өнгөрсөн хугацаанд бодлогын алдаа гаргаж, хүүгийн бүтэц буруу болсонтой энэ нь шууд холбоотой. Тухайлбал, ам.долларын хадгаламжийн хүү Монголд найман хувь байгаа. Харин АНУ-д нэг хувь. Тухайн орны эрсдэл өндөр байгаагаас хүү нь дагаж өссөн гэсэн үг. Засгийн газар ОУВС- тай тохирсон хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж чадвал цаашид Монгол Улсын эрсдэл буурах боломж бүрдэнэ. Үүнийг дагаад хүүгийн бүтэц сайжирна. Мөн Засгийн газар их хэмжээний зээл авах шаардлага нь багасах юм. Зээлийн эрэлт багасахаар Засгийн газрын үнэт цаасны хүүгийн түвшин доошилно. Ингэснээр гадаадынхан Монгол Улсад төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх сонирхол нь нэмэгдэнэ. Тиймээс энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлбэл хүү цаашид буурна гэдэгт итгэлтэй байна.
-Төсвийн тодотголд зарим татвар нэмэхээр тусгасан. Энэ нь хувийн хэвшлийнхэнд хэрхэн нөлөөлөх вэ?
-Эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлж эхэлснээр хөрөнгө оруулалт сэргэнэ хэмээн хүлээж байгаа. Ингэснээр хүүгийн ерөнхий түвшин буурна. Үүнийг дагаад хадгаламж болон зээлийн хүү багасна. Одоогоор хадгаламж болон зээлийн хүүгийн зөрүү их байгаа. Энэ нь банкны үйл ажиллагаа, бүтэц оновчгүйн илрэл юм. Тиймээс банкуудын балансыг сайжруулах арга хэмжээ авна. Үр дүнд нь зээлийн хүү буурна. Татварын тухайд өндөр орлоготой иргэдэд ногдох хэмжээ нь өснө гэж харж байгаа. Бага орлоготой иргэдэд энэ нь нөлөөлөхгүй. Монгол Улсад татвар ногдох хувь хэмжээ дэлхийн бусад орныхтой харьцуулахад бага учраас нэмэгдүүлэх орон зай бий гэж бодож байна. Мөн НӨАТ-ыг нэмэгдүүлээгүй гэдгийг онцлон тэмдэглэе. Ер нь өндөр орлоготой хүмүүсээс ахиу татвар авах зарчим баримталж байгаа.
-“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхийн тулд ипотекийн зээлийн санхүүжилтийг зогсоосон гэсэн мэдээлэл бий. Монголбанк санхүүжилтээ Засгийн газарт хэзээ шилжүүлэх вэ. Энэ талаар юу гэж тохиролцсон бэ?
-Засгийн газар төсвийн зардлаа багасгах шаардлагатай байгаа шүү дээ. Харин ямар зардлыг танах эсэх нь Засгийн газрын өөрийнх нь шийдэх асуудал. Хэрэв ипотекийн зээлийн хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэх шаардлагатай гэж шийдвэрлэвэл бид хүлээн зөвшөөрч, дэмжинэ. Гэр хороололд маш олон хүн амьдарч байна. Өвлийн улиралд утаа ихэсдэг зэрэг олон асуудал бий. Тиймээс орон сууцны зээлийн хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ төв банк энэ хөтөлбөрийг санхүүжүүлэх нь буруу. Харин Засгийн газар цаашид хариуцаж, санхүүжилтийг нь төсөвтөө тусгах нь зүйтэй. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг багасгах зорилт тавьсан учир энэ хэмжээндээ багтаан Засгийн газар ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжтой. Харин төв банк үүнд оролцохгүй байх хэрэгтэй. Учир нь төв банкны эрхлэх үйл ажиллагааны хүрээнд энэ нь хамаардаггүй.
Захирлуудын зөвлөлийн хуралдааныг энэ сарын 28-нд товлосон
Ипотекийг Засгийн газарт шууд шилжүүлэхэд зарим асуудал байсан. Одоогоор энэ хөтөлбөрийг хүүгийн төлбөрөөр санхүүжүүлж буй. Тэгэхээр одоо байгаа моргэйжийн зээлийн үлдэгдэл нь ойрын хугацаанд өсөхгүй гэсэн үг. Монголбанк энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байхад зээлийн хэмжээ хяналтгүйгээр өссөн. Тэр хэрээр Монголбанкинд дарамт учирсан тул хяналт хэрэгтэй. Ер нь санхүүжилтийн хэмжээ одоогийн түвшинд байна гэж ойлгож болно.
-Үүнээс гадна арилжааны банкуудын “эрүүл мэнд”-д онцгой анхаарсан шүү дээ. Тухайлбал, банк бүрт үнэлгээ хийнэ гэсэн. Үүнийг хөндлөнгийн байгууллагаар хийлгэнэ гэдэг нь ямар учиртай вэ?
-Арилжааны банкууд зээлээ танаж эхэлсэн. Балансынхаа бараг тал хувийг бэлэн мөнгө хэлбэрээр байршуулсан. Мөн сул чөлөөтэй дийлэнх эх үүсвэрээрээ Засгийн газрын үнэт цаас худалдан авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлэн, өндөр өгөөж хүртээд сууж байна. Уг нь эдийн засаг хүндэрсэн үед арилжааны банк хувийн хэвшлийнхнийг санхүүгийн эх үүсвэрээр хангах ёстой. Гэтэл энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй байна.
Үүнтэй зэрэгцээд чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн үед огцом өссөн. Тиймээс үйл ажиллагааг нь бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авахаас өмнө банкны системд тулгарсан ямар асуудал байгааг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэх юм. Хөндлөнгийн байгууллага нь бидэнтэй харилцан тохиролцсон, нэгдсэн аргачлалаар үнэлгээ хийнэ. “Онош”-ыг нь тогтоосны дараа ямар эмчилгээ хийх нь тодорхой болох юм. Өөрөөр хэлбэл, банкуудын үйл ажиллагааг бэхжүүлэхэд хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай нь тодорхой болно. Үүний дараа хувь нийлүүлэгчид нь шаардлагатай байгаа нэмэлт эх үүсвэрийг гаргах ёстой болно. Ингэснээр арилжааны банк санхүүгийн хувьд бэхжиж, эдийн засгаа тэтгэх зээл, санхүүжилт гаргах боломж нь нээгдэнэ. Зээлийн хүү ч гэсэн буурах ёстой. Хөгжиж буй орны хувьд эдийн засаг нь удаан хугацаанд тогтмол өсөх нь чухал. Ази тивийн улс орнуудын эдийн засаг жилд дунджаар найман хувь өсөж байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй