Хайгуулын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
Геологийн суурь судалгааны 30 гаруй төсөл хэрэгжиж байна
Ирэх сард сонгон шалгаруулалтын талбайгаа олон нийтэд ил тод зарлана
-Томоохон төслүүд бий. Тухайлбал, нүүрс, төмрийн хүдэр, алт зэрэг ашигт малтмалын орд бэлтгэгдсэн байна. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлж байгаа. Бодлогын түвшинд дэмжиж ажиллахын зэрэгцээ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэл үе шатны ажлаа хангаж байна. Тодруулбал, “Алт-2” хөтөлбөр. Энэхүү хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжих юм. Алтны салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрх зүйн болон татварын орчныг тогтвортой байлгах, хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх нь чухал.
Үр дүнд эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх төдийгүй хариуцлагатай уул уурхайн стандарт, шаардлага хангагдах ач холбогдолтой. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр судалгаа, тооцоолол нэлээд хийсэн. Харилцан ашигтай байх зарчмыг үндэслэн бизнес, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлэхээр анхаарч байна.
-Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөө удаан хугацаагаар хадгалж байгаа компани, аж ахуйн нэгжийг зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулж тодорхой түвшинд боломж олгох уу?
-Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад илүү боломж олгосон таатай нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж байна. Гэхдээ хуулийн хүрээнд шаардлага тавьж байгаа. Монгол Улсын хуульд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг 12 жил хүртэл сунгаж, хайгуул хийх боломж олгодог. Гурван жилийн хугацаатайгаар сунгах боломжтой. Нийт хугацаа нь 12 жил байдаг. Энэ хугацаанд хүрэхийн тулд тусгай зөвшөөрлийн талбайд тодорхой хэмжээнд хийх ажил болон тусгай зөвшөөрлийн төлбөр нэмэгдэж байдаг. Хэдийгээр зах зээлийн өнөөгийн байдал тааруухан ч тусгай зөвшөөрөл авсан талбайдаа хийх ёстой ажлыг нь шаардах учиртай. Мөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч хийсэн ажлынхаа тайлан, дүгнэлтийг журамд заасан хугацааны дагуу ирүүлэх шаардлагатай. Гэхдээ манай орны хайгуулын тусгай зөвшөөрлийн хураамж, хийх ёстой ажлын талбай нь харьцангуй уян хатан нөхцөлтэй. Энэ хайгуул хийгээгүй компанид дарамт болохгүй.
-Геологи, хайгуулын судалгааны мэдээлэл хаалттай хэвээр байгаа. Хаана ямар баялагтай гэдгээ ч бид баримжаалж чадахгүй тал бий.
-Тийм ээ. Сонирхсон хөрөнгө оруулагчдад төдийлэн нээлттэй байж ирсэнгүй. Гэтэл хөрөнгө оруулалт татахын тулд илүү ил тод, ойлгомжтой байх ёстой. Манай газраас геологийн суурь судалгааны мэдээллийг ил болгох, шаардлагатай мэдээллийг хүссэн иргэнд түргэн шуурхай хүргэх, мэдээллийг урсгалыг нэмэгдүүлэх шаардлага бий. Үүний тулд геологийн мэдээллийн санд байгаа тайлан, урьд өмнө улсын төсвийн хөрөнгөөр цөөнгүй ажил хийгдсэн. Эдгээр мэдээллээ ил тод болгож, улмаар хөрөнгө оруулагчдад хурдан, шуурхай танилцуулах шаардлага байна. Наад зах нь цахим системд шилжихэд тодорхой өөрчлөлт гарна. Үүний тулд геологийн мэдээллийн санд байгаа тайлан болон өмнө төсвийн хөрөнгөөр хийгдсэн материалд боловсруулалт хийж, хөрөнгө оруулагчдад нээлттэй байдлаар танилцуулна. Энэ хүрээнд хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох шаардлагатай байгаа.
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хайгуулын тусгай зөвшөөрлийг баруун бүсэд түлхүү олгох талаар дурдсан удаатай. Тэгэхээр тусгай зөвшөөрлийг бүсчлэн олгох уу?
-Хилийн дагуух бүсэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох чиглэл баримталж байна. Баруун бүс нутгийн хувьд хайгуул, геологийн судалгааны ажил бусад бүс нутагтай харьцуулахад маш бага хийгдсэн. Алслагдсан болон хүн ам сийрэг суурьшсан, дэд бүтцийн хөгжлийн сул бүс нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шаардлага байгаа. Геологи, хайгуулын салбар дахь хөрөнгө оруулалт цэвэр тухайн орон нутагт шингэдэг онцлогтой. Баруун бүсэд тусгай зөвшөөрөл олгоно гэдэг мөнгөний урсгалыг тухайн бүс нутагт чиглүүлж байна гэсэн үг. Манай газар ашигт малтмалын хэтийн төлөв, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хэрэгцээний талаар судалгаа хийж байна. Ойрын ирээдүйд ямар төрлийн ашигт малтмалын үнэ өсөх, эрэлт нь нэмэгдэхээр байгааг үүгээр олж тогтоох зорилготой. Тухайлбал, ойрын хугацаанд газрын ховор элемент, уран болон литийн хэрэглээ дэлхийн зах зээлд өсөхөөр байна. Тиймээс зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан хэтийн төлөв эерэг талбайд зөвшөөрөл олгохоор зорьж байгаа.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй