“Оюу Толгой” компани “Даян Контракт Майнинг”-тай гүний уурхайн бүтээн байгуулалтын гэрээ байгууллаа

Мэдээ

“Оюу Толгой” компани “Хасу Мегаватт” болон “Redpath Mongolia” компанийн хамтарсан “Даян Контракт Майнинг”-тай гүний уурхайн бүтээн байгуулалтын болон туслах үйлчилгээний гэрээ байгууллаа. Гэрээний дагуу “Оюу Толгой”-ийн уурхай дахь хоёр, тавдугаар босоо амуудын нэвтрэлтийг “Даян Контракт Майнинг” компани гүйцэтгэх юм байна. Эдгээр босоо амын нийт гүн нь 1,284 м болон 1,178 м байх бөгөөд хоёрдугаар босоо ам нь 10 м диаметртэй, дэлхийн хамгийн том босоо амуудын тоонд ордог аж. Харин тавдугаар босоо ам нь 6.7 м диаметртэй, агааржуулалтын зориулалттай юм байна. Мөн гүний уурхайн бүтээн байгуулалтын үйлчилгээний ажил буюу хөндлөн малталт хийх, томоохон хэмжээний ухалт, малталт болон гүний уурхайн үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэхээр болжээ. Түүнчлэн гүний уурхайн төслийг үндэсний чадварлаг боловсон хүчнээр хангах болон мэргэшүүлэх уурхайн туслах үйлчилгээг үзүүлэх аж.

"Энэхүү гэрээ нь гүний уурхайн ханган нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөн, дотоодын чадварлаг ажиллах хүчнийг нэмэгдүүлэх “Оюу Толгой”-ийн хариуцлагыг бататгаж буй явдал" гэж “Оюу Толгой”-ийн Гүний уурхайн төслийн захирал мэдэгдлээ. Харин “Даян Контракт Майнинг” нь дотоодын компанийн нөөц бололцоо, гүний уурхайн бүтээн байгуулалтад мэргэшсэн олон улсын компанийн түншлэлд тулгуурлан, дэлхийн жишигт нийцсэн туршлага, ур чадварыг дотооддоо хөгжүүлэн нэвтрүүлснээр урт хугацааны үр өгөөжийг Монгол Улсад бий болгоно” гэж үзжээ.



САНАЛ БОЛГОХ